Гуйж гувшихаа болъцгооё оо, Монголчуудаа

527-1376961147zuragГуйж гувшина гэдэг бол үндэстэний хувьд байж болшгүй гутамшиг. “Оюутолгой” компани ОУ-ын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан нийтийн өмчит компани юм.
“Оюутолгой”-н гэрээгээр тохирсон хөрөнгө оруулалт нь анхны төслөөр 2.7 тэрбумам.доллар, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахад 4.1 тэрбум ам.доллар байсан.
Гэтэл 2012 онд 6.2 тэрбум ам.доллар нийт 14.6 тэрбум ам.доллар, цаашид 27 тэрбум ам.доллар шаардлагатай гэж байна.  Энэ компани бол дампуурсан компани гэдэг нь тодорхой боллоо.
Монголын ард түмний баялаг гадны нэг компани барьцаанд тавчихаад байхад УИХ, Засгийн газар, Шүүх засаглалууд гуйж гувших шаардлага байхгүй.  “Рио-Тинто”-гоос татгалзсанаараа бидний нэр хүнд унахгүй. Харин гуйж гувшисанаараа бид ОУ-д Монголыг харанхуй, юу ч мэддэггүй гэж ойлгож байна. Бид дахин дахин гуйгаад суугаа нь гутамшиг болж байна.
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн экс гишүүдээ “Рио-Тинто” -г битгий гуйж гувшил даа. Алтанхуягтангуудаа, Дэмбэрэлтэнгүүдээ, Дашзэвэгтэнгүүдээ, Жаргалсайхантангуудаа, Амаржаргалтангуудаа, мянгуужингуудаа “Рио-Тинто” –г битгий гуйж гувшил даа. “Рио-Тинто”  байхгүй байхад Монгол байсан. “Рио-Тинто”  орж ирээгүй байхад Монгол оршин тогтносоор байсан.
Улс төрийн шоу болгож, баатарын дүр эсгэж битгий гомдолж гүйл дээ Ганбаатараа. Гомдох биш хуулиар шийдэх цаг болсон. Үндсэн хуульд яаж шийдэх эрхийг нь үлдээ. Бодлогогүй, эрсдэлгүй гэрээ байгуулсан Монголын УИХ, Засгийн газрын хийсэн нүгэл нүдээрээ гарч, гадны нэг компани Монголын ард түмнийг үл ойшоож, гутаан доромжлоход хүргэлээ.
Хуйвалдаж гэрээ байгуулсан мангуунууд шиг Монголын ард түмэн мангуу биш гэдгийг тэдэнд тодоор хэлэх хэрэгтэй. Оюутолгойн гэрээг хийж тууз хайчилж хөөрцөглөсөн Баяртангууд, Алтанхуягтангууд, Батболдтонгууд, Зоригтонгууд,  Эрсдэлгүй гэж орилогч Баярцогтонгуудад эх орноосоо урвасан гэдгээ ухамсартайгаар хүлээх хэрэгтэй. Харин нөгөө хэдийгээ баяртай гэж хэлээд “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээрээс бүгдээрээ үдэж өгье.
Одоо тэд Монголын төр засгийг өрийн бичигт гарын үсэг зуруулан биднийг өрөнд оруулах ажил төлөвлөж суугааг таслан зогсоож, ард түмний баялагаа авч үлдээд дараагийн хөрөнгө оруулагчтай хамтрах ажилдаа шуурхай орох хэрэгтэй. Биднийг ингэж доромжилж, өрөнд оруулж, хэлсэн үг, хйисэн гэрээгээ зөрчсөн нөхөртэй бид зууралдах хэрэггүй.
Оюутолгой бол бидний хувьд том сургамж боллоо гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Ард түмний баялагыг  эзэнд нь өгөөжгүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулдаг мянгуужингуудаасаа ч салах цаг болсон байна. Бүтэхгүй, сэтгэлгүй, хуурамч эрх мэдэлтэнг эрхүүлэхээ Монголын ард түмэн, Монголын төр болих цаг болжээ.
Бурхан гэж бодож явсан олон хүн ард түмний өмнө буг болж байна. Буг, бурхан хоёроо ялгаж будах цаг иржээ гэдгийг бид бодох ёстой. Монгол хүн гуйлгачин байх хувь тавилантай ард түмэн биш. Гуйлгачин болгож буй худал мэдлэгтэнүүд, дүр эсгэгч нар, амиа бодогчид, улс эх орныхоо баялагыг харийханд тал засан бэлэгч нарыг баяртай гэж бас үдэж өгье.
Монголын ард түмэн мөнхөд оршино. Монголын баялаг ч мөнхөд байна. Монголын ард түмэнд ирээдүйн сайн сайхан амьдрал бий гэдгийг өөдрөгөөр төсөөлж, зоригтой хөдлөх цаг болжээ. Монголын ард түмний эрх ашгийг хохироож , ард түмний баялагыг луйвардан завшигч нарыг хуулиар шийтгэх цаг нь болжээ.
Төрийн тэргүүний хувьд энэ асуудлыг ивээлдээ авч “Оюутолгой” компани дампуурсныг хуулийн дагуу зоригтойгоор зарлаж, гэрээгээ дуусгавар болгож, дараагийн  хөрөнгө оруулагчтай хийх гэрээндээ цаг алдалгүй орох хэрэгтэй.
“Дэлхий аюутугай, эмээтүгэй” гэж хэлсэн үгийг Монгол улсын төрийн тэргүүний хувьд та дэлхий дахинд дахин хэлэх цаг нь болжээ. Монголын төр мөнхөд оршино. Монголын төрийн тэргүүн хүчтэй, хүсэлтэй байгаа Монголын ард түмний төлөө..,
Монгол Консерватив намын дарга Н.ДАШДАВАА

URL:

Сэтгэгдэл бичих