Ойрын жилүүдэд 33 мянган айлын орон сууц ашиглалтад орно
Улсын хэмжээнд одоогийн байдлаар 60 гаруй мянган айлын орон сууцны барилга баригдаж байгаагаас 2013-2014 онд 33 мянга нь ашиглалтад орно гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнөөдөр “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр мэдээллээ.
Тэрбээр цааш нь, “Орон сууцны үнийн хөөрөгдлийг бууруулахын тулд салбарын яам, Монголбанкны хамтарсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Барилга угсралтын ажлууд эрчимтэй явагдаж байгаа тул орон сууцны нийлүүлэлт намраас нэмэгдэнэ. Тухайлбал, энэ жил бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүрэгт 5 давхар 10 барилга, “Үндэсний бүтээн байгуулалт” корпорацийн хүрээнд 700 айлын орон сууц ашиглалтад орно. Ойрын үед иргэдийг үнийн төөрөгдлөөс гаргахын тулд нарийвчилсан судалгаа хийн, ямар барилга, аль дүүрэгт, ямар хийц загвараар, аль компани барьж байгаа талаар иж бүрэн мэдээллээр хангана. Мөн ирэх жил барилга угсралтын үйлдвэр оруулж ирнэ. Сүүлийн үед иргэдийн дунд 8 хувийн хүүтэй зээлийн санхүүжилт нь дуусч байгаа гэх яриа гарах болсон байна. Энэ хөтөлбөр нь урт удаан хугацаанд хэрэгжинэ. Тиймээс иргэд цуу үгэнд итгэж, яаруу сандруу сонголт хийхгүй байх хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар, 14 мянган зээлдэгч 8 хувийн хүү рүү шилжсэн бол 4543 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдаад байна. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй “Буянт-Ухаа 1” хорооллыг цахилгаан, дулаан, цэвэр усаар хангах асуудал шийдэгдсэн” гэж мэдээллээ. Нисэх, Яармагийн чиглэлд баригдаж буй орон сууцнуудын инженерийн барилга байгууламжийг улсаас шийдвэрлэсэн бөгөөд цэвэрлэх байгууламжийн хувьд өмнө нь ашиглаж байсныгаа өргөтгөн шинэчлэх замаар асуудлыг түр хугацаанд шийдвэрлэсэн байна. Харин Нисэхийн шинэ цэвэрлэх байгууламж хоёр жилийн дараагаас баригдаж ашиглалтад хүлээлгэн өгөх чиглэлтэй ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд танилцуулав.
Эрчим хүчний сайд М.Сономпил, “Амгалан дулааны цахилгаан станцын барилгын ажил газар чөлөөлөлтөөс хамаарч саатаж буй тухай өмнөх хурлуудаар яригдаж байсан. Өнгөрсөн долоо хоногт газрын 70 хувийг буюу 33 айл газраа чөлөөлсөн. Энэ ажилд 6 тэрбум төгрөг зарцууллаа. Одоогоор 3-4 аж ахуй нэгж нүүгээгүй ч ажилчдын орогнох байр, цахилгааны асуудлыг шийдвэрлэлээ. Баянзүрх дүүргийн “Ургах наран” хорооллын урд Хөлийн хөндийд баригдах “Улаанбаатарын дулааны цахилгаан станц V” төслийн урьдчилсан шалгаруулалтад тунаж үлдсэн “International power”, “Samsung C&T” консорциумынхантай өнгөрсөн долоо хоногт уулзалт хийсэн. Манай улсад хамгийн ашигтай санал өгсөн корпорацийг шалгаруулна. Энэ наймдугаар сард багтаан сонгон шалгаруулалтаа хийх болно” гэж мэдэгдлээ.
Зам тээврийн сайд А.Гансүх, “Дорнод аймагт ажиллаад ирсэн. Дорнодын замын ажил хэвийн явж байна. Баянхонгорын замыг энэ сарын 24-нд хүлээж авна. Дорноговийнх дууссан, зам дагуух засварууд хийгдэж байна, ирэх сарын 5-нд хүлээлгэж өгнө. Хөвсгөл, Өмнөговийн замын ажил хангалттай биш байгаа. Тиймээс ажил эхлээгүй 40 км зам тус бүрт шинэ компани оруулна. Тэнд ажиллах компанийг энэ долоо хоногт тодруулна” гэж хэллээ. Техник технологи сайтай, ажлын гүйцэтгэл өндөртэй компанийг шалгаруулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгөв. Харин нийслэлийн удирдлагууд Мишээл экспогоос Яармагийн гүүр хүртэлх зам засварт 4 компани орсон. Өмнө нь нэг компани оруулсан ч ажил хугацаандаа орохгүй байх магадлал өндөр учраас дөрвөн гүйцэтгэгч томилсон. 8 дугаар сарын 31 гэхэд зорчих хэсгийг ашиглалтад өгөхөөр ажиллаж байна гэлээ.
Эдийн засгийн хөгжлийн яамныхан, 33 уулзварыг шинэчлэх ажлын хүрээнд энэ долоо хоногт Бөхийн өргөө, Дархан минжийн гэх зэрэг 5 уулзварын зорчих хэсгийг ашиглалтад хүлээлгэн өгнө. Хурдны замын трассын асуудлыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулах чигтэй ажиллаж байна хэмээн ярьлаа.
Ерөнхий сайд эдгээр мэдээлэлтэй танилцаад хамгийн их ачаалалтай байдаг уулзварын шинэчлэлийн ажлыг хүлээлцэхэд байлцана гэдгээ мэдэгдээд ирэх долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад ҮХАА-н сайд Х.Баттулгыг ургац хураалт, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавыг бүтээн байгуулалтын ажлын байрны талаарх мэдээллээ оруулж ирэхийг үүрэг болголоо.
Б.Туул
montsame
URL: