Н.Энхбаяр БНСУ-д нарийн шинжилгээ хийлгэж байгаа гэнэ

enhbayar-middleМАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхийн шийдвэрээр ял эдэлж байх хугацаандаа “эсийн алдагдал” гэсэн оноштойгоор Нэгдсэн II эмнэлэгт хэдэн cap хэвтсэн боловч бие нь дээрдээгүй.

Түүнийг саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар ялаас чөлөөлсөн бөгөөд суллагдсаныхаа дараахан БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан билээ.

Тэрбээр БНСУ-д нарийн шинжилгээ өгч эхэлсэн гэнэ. Энэ талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодрууллаа.

-Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байгаа бол. Эмчилгээгээ хийлгэж эхэлсэн болов уу. Танд энэ талаар ямар нэгэн мэдээлэл байна уу?
-Н.Энхбаяр дарга бүх төрлийн нарийн шинжилгээ өгч байгаа. Одоогоор бидэнд шинжилгээний хариу ирээгүй байна.

-БНСУ-ын аль хотод, ямар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа вэ?

-Энэ талаар хэлэх боломжгүй.

-Эрүүл мэндийн яам, Клиникийн II нэгдсэн эмнэлэг, Шүүх эмнэлгийн эмч нарын нэгдсэн багийнхан Н.Энхбаяр даргын биед үзлэг хийсэн. Үзлэгийн хариу юу гэж гарсан бол?

-Н.Энхбаяр даргын биед нарийн мэргэжлийн маш олон эмч үзлэг хийсэн. Тэд бүгд л нэг онош хэлж, Монголд эмчлэх боломжгүй гэдгийг хэлж байсан. Сүүлд Шүүх эмнэлгийн эмч нар үзлэг хийж дүгнэлт хийхдээ мөн адил нэг онош тавьсан. Энэ нь “Олон эрхтний архаг дутмагшил” буюу нөгөө яриад байгаа “эсийн алдагдал” гэх онош юм. Ийм оноштой өвчнийг Монголын нөхцөлд эмчилж, нарийн оношлох боломжгүй гэж үзсэн байна билээ.

Тэрбээр ийн ярив. Н.Энхбаярын Шүүх эмнэлгийн дүгнэлт гарах ёстой хугацаанаасаа даруй хэд хоногоор хойшилж, ойр дотных нь хүмүүсийн хэнд ч мэдэгдэлгүй прокурорт шилжүүлсэн гэнэ. Дээрх шүүх эмнэлгийн дүгнэлтийг МАХН-ын гишүүд саяхан олж авчээ. “Эсийн алдагдал” буюу “Олон эрхтний архаг дутмагшил” гэх онош ялтныг ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтдаг ажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамарсан тушаалаар ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн болон бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журмыг өнгөрсөн 2002 оны арванхоёрдугаар сард баталж 2003 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн дагаж мөрдөж байгаа.

Уг журамд ялаас чөлөөлөх 30-аад төрлийн өвчин байдаг бөгөөд журмын хоёрдугаар хэсгийн 2.2.7-д “Олон эрхтний архаг дутмагшил” гэх өвчин багтсан байгаа юм. Энэ нь Н.Энхбаярын биед үзлэг хийсэн олон эмчийн тавьсан онош юм.

Олон эрхтний архаг дутмагшил буюу Эсийн алдагдал гэх оношийг Н.Энхбаярын биед үзлэг хийсэн Хүний гавьяат их эмч А.Нота гуай анх оношилсон. Тэрбээр Н.Энхбаярыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад нь очиж үзлэг хийж байсан хүн.

Ингэхдээ тархи доргилттой, цусны даралттай, уушги цулцангийн амьсгалтай, үс нь маш их унасан. Мөн зүүн талын зулай няцарсан, бүсэлхийн нуруу нугалмын хоорондох жийргэвчийн гаралт бүлтийж гараад тэр орчмын мэдрэлийн судлууд язгуурыг цочроосон шинжтэй. Үүнээс гадна баруун талын мэдрэлийн үйл ажиллагаа муудсан учраас баруун талын тавхай татаж илэрсэн нь өлсгөлөнгийн дараах гиперкатаплизм, инцоплапатигаар хүндэрсэн гэсэн онош тавьж байсан билээ.

Өлсгөлөнгийн дараах гиперкатаплизм гэдэг нь бүх эд эрхтэн нь эсээ алдаж байна гэсэн үг хэмээн хамгийн анх оношилж байсан юм.

Ийнхүү Н.Энхбаяр монгол эмч нарын гаргасан оношоор БНСУ-д нарийн шинжилгээнүүдээ өгч эхэлсэн байна.

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих