“Ноёд” группийн ноёнтон хуулиас зугтаж чадсангүй
Улс төр,нийгэм эдийн засаг гээд нийгмийн салбарт тохиолдсон онцлох содон үйл явдал, үг үйлдлээрээ долоо хоногийн турш анхаарлын төвд орсон улстөрч, урлаг, спорт гээд бүх салбарын эрхмүүдийг хийсэн үйлдэл, хэлсэн үгнийх нь төлөө онцолдог “Долоо хоногийн дуулиант нөхөр” онцлох булангийнхаа энэ удаагийн онцлох хүнээр гэмт хэргийн ертөнцөд эрэн сурвалжлагдаж багагүй дуулиан тарьж, эцэст нь баривчлагдаад байгаа Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нөхөр “Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг нэрлэж байна. Түүнийг бусадтай нийлж мөнгө угаасан, залилан хийсэн хэргээр 2008 оноос хойш УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэдэг. Тодруулбал, Г.Буяндорж, “Ноёд” группийн санхүүгийн албаны дарга Д.Мөнхзул, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нарыг албан тушаал эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч акц оруулж ирсэн, архи, шар айрагны онцгой татварын тайланд тусгалгүйгээр онц их хэмжээний буюу 277 сая 158 мянган төгрөгийн татвараас зайлсхийсэн, Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн албаны мөрдөн байцаагч Д.Бямбадорж, Д.Саруул нарт арван сая төгрөгийн хахууль өгсөн зэрэг хэрэгт холбогдуулан шалгасан юм.
Ингээд 2008 онд Г.Буяндорж, Ш.Ергали, П.Энхцэцэг, Г.Гантулга нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж, Г.Буяндорж нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Харин “Ноёд” группээс 18 мянган ширхэг хуурамч акц илрүүлсэн ч буцаан өгч, үүнийхээ хөлсөнд 10 сая төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдсон мөрдөн байцаагч Д.Саруул, Д.Бямбадорж нарт тус бүрт нь таван жил 10 хоногийн хорих ял оноож, хоёулангаас нь таван сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж байсан гэх. Г.Буяндоржийн хувьд энэ мэт удаа залилангийн хэрэг болон мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Тэрбээр шалгагдаж байх хугацаанд ир гэсэн цагт ирдэггүй байсан, удаа дараа болсон шүүх хуралдаанд ирээгүй учир ийнхүү орон даяар эрэн сурвалжилж гэрийг нь битүүмжилсэн хэрэг. Гэртээ очихгүй усанд хаясан чулуу шиг алга болсон эрхэм Г.Буяндоржийн гэрийг наймдугаар сарын 13-ны өдөр ШШГЕГ-аас битүүмжлэв.
Тэднийх “Sky Tower” хороололд байдаг аж. Мөн түүний нэр дээр зарлан дуудах хуудсыг хаяглан, гэрийнх нь хаалган дээр наасан байсан. Ард түмний хайртай дуучин мөн нөхрөө дагаад алга болсон бөгөөд түүний найз нөхөд нь утасдаж, хаана яваа, юу болсон талаар тодруулахад “Та бүхэн санаа зоволтгүй ээ. Манай нөхрийг бусдыг залилсан гэж шалгаж байгаа юм билээ. Үнэндээ бид хоёр бусдыг залилж, манай хүн гэмт хэрэг хийсэн асуудал огт байхгүй. Харин манай компанийн н.Билэгт гэдэг хүүхэн л бөөн будлиан хутгасан юм шиг байгаа юм. Бид харин түүнд залилуулчихаад байна” хэмээн ярьж явсан талаар эх сурвалжууд дуулгажээ. Ханилсан хань нь улс орон даяар эрэн сурвалжлагдаж өөрөө ч гэртээ очиж чадахгүй тэнүүчилж амьдарч байгаа нь эрхэм гавьяатад мэдээж амархан биш байгаа. Тиймээс ч гэмгүй хэмээн ханьдаа итгэж, түүнийхээ төлөө дагаад явж байгааг нь буруутгах аргагүй юм. Хүмүүс ч гэсэн Г.Буяндоржоос илүү Т.Ариунаа гавьяатыг муулж, ад үзэж байгаа нь тодорхой. Хайрлаж хүндэлж байсан дуучных нь хань нь ийм муухай хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж байгаа нь энгийн нэг асуудал биш учраас.
Г.Буяндоржийн гаргасан энэ мэт үйлдэл албадан саатуулахад хангалттай үндэслэл болно хэмээн албаны эх сурвалж мэдэгдэж, түүнийг бүгсэн газраас нь гаргаж ирэн баривчлахаар эрж хайсны эцэст эхнэр Т.Ариунаагийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Оргил” хотхоны хашаанд барьсан таван ханатай монгол гэрт амьдарч байхад нь баривчилжээ. Гэрт хоргодож амьдарч байна гэх иргэдээс өгсөн мэдээллийн дагуу хуулийнхныг очиход сэжиг авсан Г.Буяндорж эхнэр МУГЖ, дуучин Т.Ариунаагийн “LEXUS 350” маркийн УБД- 7878 дугаарын улаан өнгийн автомашинаар зугтсан байна. Гэсэн ч түүнийг өнгөрсөн баасан гарагт баривчлан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хүргүүлжээ. Өмгөөлөгч нь гадуур баривчлалгүй байцаах ямар арга байгаа талаар судлаж яваа дуулдана. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн хэрэг хийсэн, хийсэн гэж шалгагдаж байгаа бол гутлаа өмсөөд, зангиагаа зүүгээд үнэн мөнийг нь шалгуулах ёсзүй эрхэм Г.Буяндоржид байгаагүй бололтой. Төрөө хүндлээд дуудсан цагт нь очиж байцаалт өгөн шалгуулсан бол ингэтлээ их дуулиан шуугиан болж сайн ханийнхаа нэрийг шал дээр хөглөрүүлэх байсан ч юм бил үү. Ямар ч байсан холбогдсон хэргийнхээ талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж удаа дараа зугтсан нь үнэн учраас түүнийг баривчлан саатуулах нь тодорхой. Хэргийн үнэн мөнийг олж, үнэхээр хэрэг хийсэн бол тэр ялаа үүрээд хэцүү нэртэд орох биз ээ.
Б.Өнөртогтох
URL: