Төмөр замын суурь бүтцийн барилгын ажил хугацаандаа амжина
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барьж буй Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын газар шорооны ажил хийгдэж байгаа.
“Энержи Ресурс Рейл” ХХК-ийн “Samsung C&T” компанитай байгуулсан гэрээний эрх үүргийг журмын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлэн авч суурь бүтцийн барилгын ажлыг хариуцаж байгаа.
Төмөр замын доод бүтцийн ажил гүйцэтгэгч “Эсто” ХХК, “Мапроуд” ХХК, “Билэгт зам” ХХК-иуд газар шорооны ажлыг гардан гүйцэтгэж байгаа билээ.
Энэхүү ажлын явцтай Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал П.Бат-Эрдэнэ нар танилцаж, ерөнхий гүйцэтгэгч “Samsung C&T” компанийн инженерүүд ажлаа тайлагналаа.
Өнгөрсөн жилийн хувьд гүйцэтгэгч компаниуд 112 хоног ажиллахдаа газар шорооны ажлын 12 хувийг гүйцэтгэсэн байна. Харин энэ жил 70 хоног ажиллахдаа 16 хувийн гүйцэтгэлтэй явааг энэ үеэр онцоллоо.
Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа “Төмөр замын ажил авто замынх шиг хурдацтай явдаггүй. 100 км авто зам барьж байгуулахад дунджаар нэг сая шоо метр газар шорооны ажил хийдэг. Тэгэхээр энд 15 км замд нэг сая шоо метр газар шорооны ажил хийж байгаа. 10 метр өндөр далан барихад 20 см-ээр 50 үе явна. Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн 240 км төмөр замын ажлын газар шорооны ажлын 13 сая шоо метр болж байгаа. Энэ бол 1300 км авто зам барих ажилтай дүйцэхүйц газар шорооны ажил” хэмээн ярилаа.
Одоогийн байдлаар 12 компани ажил гүйцэтгэж байгаагийн нэг нь Хятадынх бусад нь дотоодын компани.
Өнөөдрийн байдлаар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 860 орчим хүн, 600 гаруй машин, механизм ажиллаж байгаа. Машин техник, хүн хүчээ нэмээд энэ жил оногдсон ажлаа хугацаанд нь дуусгана гэж төлөвлөжээ.
Доод суурийн бүтэц буюу далан байгуулах ажлын 90 хувь нь дуусах юм байна.
Б.Ирээдүй
URL: