Урагшаа нэг, хойшоо хоёр…

Урагшаа нэг, хойшоо хоёр...

Өнгөрсөн лхагва гарагт Египетэд болсон үйл явдал армийнхны хувьд санамсаргүй явдал биш байж.

М.Мурсигийн талынхны хувьд ч гэсэн лхагва гарагийн мөргөлдөөн урьдчилан төлөвлөсөн үйл ажиллагаа болж таарлаа. Төрийн эргэлт гарсан долдугаар сарын 3-ны өдөр Ерөнхийлөгч М.Мурсигийн талынхан Каирт хоёр хуаран байгуулжээ.

Нэг нь хотын баруун хэсэгт их сургуулийн хажууд байрлаж байсан бол нөгөөг нь дундаж давхаргынхны дүүрэг Насрт байгуулсан байна. Лалын ахан дүүс хөдөлгөөний үнэнч дэмжигчид, ухуулагчид байрлаж байсан эдгээр хуаранд Рамадан сар дуустал буюу энэ сарын 7-ны өдрийг хүртэл армийнхныг эсэргүүцэх ухуулгын ажил идэвхитэй явагдсан байна.

Армийнхан лалын шашны баярын үеэр шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй гэж тооцоолсны үндсэн дээр ингэжээ. Майхан хотхонд дуу шуугиан ихтэй, армийнхны алхмыг буруутгасан яриа байнга явагдаж, Каир болон бусад хотод үе, үе гарч байсан жижиг мөргөлдөөн, эмх замбараагүй байдлын нэг эх сурвалж нь болж байж. Тиймээс уур бухимдлын эх ундарга болж байгаа хуаранг тараах нь армийнхны хувьд зайлшгүй хийх ёстой алхам байв. Рамадан сарыг дуустал хангалттай удаан хүлээсэн армийнхан тодорхой бус шалтгаанаар дахин долоо хоног алгуурласны эцэст, хуаранг тараах ажиллагааг лхагва гарагийн өглөө эхлүүлэх шийд гаргажээ.

Армийн өндөр албан тушаалтнууд “босогчдын дунд эмэгтэйчүүд хүүхдүүд байгаа тохиолдолд өмнөхөөсөө /Төрийн эргэлт гардаг өдөр мөргөлдөөн болж, олон хүний амь нас үрэгдсэн/ зөөлөн арга хэрэглэх” тушаал өгсөн учир майхан хотынхонд эмэгтэйчүүд, хүүхдүүд олон байсан байна. Гэвч… Лхагва гарагийн өглөө автомат буугаар зэвсэглэсэн армийн салбар ангийн дайчид мэргэн буучдаар дэмжүүлэн майхан хотхон руу довтолж, хайр найргүй гал нээж эхлэх нь тэр.

Бөөнөөрөө байгаа руу нь автоматаар галлаж, самбаа гарган зугтаасныг нь мэргэн буучид гүйцээж байв. Эхлээд их сургуулийн хажуу дахь, дараа нь Наср дүүрэг дэх хуаран халдлагад өртсөн байна. Орой гэхэд хотын бүх эмнэлэг, шарил хадгалах газар  шархтан, цогцоснуудаар дүүрсэн байв. Эрүүл мэндийн яам нас барсан хүмүүсийн тоог 464 гэж мэдэгдсэн ч өөр нэг баримтад 560 гаруй гэж тэмдэглэжээ. Харин шархадсан хүмүүсийн тоо 1000 гарсан байлаа. Энэ бол зөвхөн Каирт хэлмэгдэгсдийн тоо бөгөөд бусад газар армийнхны суманд өртсөн хохирогчдыг тооцвол амь насаа алдсан хүний тоо 600, шархадсан хүний тоо 3000-д хүрэх бололтой.

Хохирлын талаарх мэдээлэл хоорондоо зөрүүтэй байгаа юм. Армийнхан хохирлын тоог дарж мэдээлэхийн зэрэгцээ М.Мурсигийн талынхныг галт зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаж байгаа бол нөгөөдүүл нь хохирлыг үнэн бодитоор, эсвэл өсгөн мэдээлж байгааг үгүйсгэх аргагүй юм. Мөргөлдөөн Каирт бус хаа холын Александр, Асуан хотуудад гарсан гэдгийг хэлэхээ мартаж. Лхагва гарагийн орой гэхэд Александри, Асуан, Каир зэрэг “эрсдэлтэй” хотуудад хөл хорио тогтоосон байна.

Армийнхан төрийн эргэлт хийх үедээ улс оронд өөрчлөлт, шинэчлэлт хийж, чөлөөт ардчилсан сонгууль явуулна хэмээн амалж байсан билээ. Тэгвэл одоо үүнд итгэж найдахад хэцүү болжээ. Лалын ахан дүүс нам нэгэн цагт ард түмнээ хуурсан шиг зүйл болохыг одоо хэн ч үгүйсгэхгүй байна. Лалын ахан дүүс нам Парламентын сонгуульд ялалт байгуулсныхаа дараа улс орныхоо эдийн засгийг өөд нь татна хэмээн өөдрөг зүйл ярьж байсан билээ.

Гэтэл орлогын гол эх үүсвэр болсон аялал жуулчлалын салбар нь 2.5 жил үргэлжилсэн байнгын эмх замбараагүй байдлаас болоод үндсэндээ нурчихлаа. Лалын ахан дүүс, Мухамед Мурси төрийн эрхэнд байхдаа эсэргүүцэгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авч олон хүний аминд хүрч байсан, тиймээс шангаа хүртэж байна гэсэн бодолтой иргэд олон байна. Лалын аханд дүүс нам өөрсдийгөө чөлөөт ардчилсан сонгуулиар гарч ирсэн учир эсэргүүцэгчдийн шаардлагыг биелүүлэх шаардлагагүй гэж үзэн иргэдийн өөдөөс зэвсэг хэрэглэдэг байсан.

Тэгвэл энэ удаа “цэргийн эрх мэдэлтнүүд сонгууль явуулалгүйгээр төрийн эрхийг булаан эзэлсэн” учир өөрсдийгөө мөн л тэмцэх, шаардлагатай тохиолдолд зэвсэг барих эрхтэйд тооцож байгаа юм.

2011 онд, Хосни Мубаракийн эсрэг жагсч байсан хүмүүсийн хамгийн гол шаардлага нь олон жил үргэлжилсэн онцгой байдлыг цуцлах явдал байсан. Тэгвэл одоо Египетийн нэлээн хэдэн хотод онцгой байдал тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл, Египетчүүд өнгөрсөн гурван жилд урагшаа нэг ч алхсангүй. Харин ч хойшоо хоёр алхсан гэж дүгнэж болохоор байна. Хойшоо дахиад хэд алхахыг хэн ч таашгүй. Жирийн иргэд хоёр талд хуваагдаж, бие биесээ маш хүчтэй үзэн ядаж байгаагаас харвал тус улсад иргэний дайн гарах нөхцөл нэгэнт бүрджээ.

Армийнхан Каир дахь хуаранг тарааж эхэлсэн өдөр Лалын ахан дүүс хөдөлгөөний дэмжигчид нутгийн захиргааны байр, цагдаагийн газрыг эзэлж авсан тохиолдол Каир болон өөр бусад хотуудад гарчээ. Каираас холгүй Кердаса тосгонд гэхэд зэвсэглэсэн хүмүүс цагдаагийн газрыг эзлэн авч, дөрвөн цагдааг барьцаалаад шүүх хуралархуу юм хийж, автомат буугаар буудан хороож ял оноож гүйцэтгэсэн хэрэг гарчээ.  Дотоод хэргийн сайд нь пүрэв гарагт хийсэн мэдээлэлдээ мөргөлдөөний үеэр 43 цагдаа амь насаа алдсан, түүний 18 нь Наср дүүрэгт үрэгдсэн гэж хэлсэн байна.

Лалын ахан дүүсийн дэмжигчид зөвхөн цэрэг, цагдаагийнхны эсрэг тэмцэн тулалдаж байгаа ч биш, төрийн эргэлтийг дэмжин таалж байсан нь мэдээж болох христийн шашинтнуудын эсрэг дайн зарлаад байгаа нь бас нэгэн аюул болжээ. Үймээн эхэлсэн өдөр Минья хотын лалын шашинт иргэд христийн шашны 18 сүм дуганыг галдан шатаасан байна. Францисканы соёлын сургууль,христийн шашинт иргэний ажиллуулдаг дэлгүүр, гэр орон мөн лалынхны хилэнт дайралтад өртөж сүйрчээ. Улс төрийн шалтгаан дээр шашин хоорондын зөрчил нэмэгдэхээр иргэний дайн зайлшгүй болно гэж ихэнх ажиглагчид итгэлтэй хэлэх болов.

Лалын ахан дүүсийн бослого идэвхитэй явагдаж буй хотуудыг зурагт үзүүлсэн байгаа. Эдгээр хотууд нь бараг зэрэгцээ шугамд байрлаж, Египетийн нутаг дэвсгэрийг хоёр хэсэгт хуваасан байгаа нь хальт харахад л тодорхой байна. Хэрвээ иргэний дайн гарч, байдал эвгүйтлээ гэхэд зурагт дүрслэгдсэн шугамын дагуу хоёр хуваагдах аюул ч нүүрлэхэд бэлэн байгааг эндээс харж болно.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд М.Мурсид ялагдсан, Нобелийн шагналт Мухамед эль Барадей Лалын ахант дүүс болон армийнхны аль алиныг шүүмжилж байгаа нь байдлыг дордуулах, ойлгомжгүй болгох бас нэгэн шалтгаан болж байгаа аж. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн даргаар ажиллаж, 2005 онд Нобелийн шагнал хүртэж байсан тэрбээр Египетдээ маш нэр хүндтэй нэгэн. Гэтэл тэрбээр лхагва гарагт болсон хэрэг явдлын дараа албан тушаалаасаа сайн дураараа огцорчихов. Тэрбээр огцрохыг хүссэн өргөдөлдөө хоёр талыг адилхан буруутгаад “Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлдэг” хэмээн бичсэн байсан гэнэ.

14-ний үйл явдлын дараа Египет оронд яг л 2011 онд Тахрирт болсон хядлагын дараа үүссэн шиг уур амьсгал үүсээд байна. Х.Мубаракийн Засгийн газрын цэргүүд Тахрир талбайд цугласан иргэдийн эсрэг галт хэрэглэсний дараа иргэд улам зориг шийдэмгий болж талбайд олноороо ирэх болсон. Тухайн үед Хосни Мубарак цэргүүддээ гал зогсоох тушаалыг өгч байсан удаатай. Харин одоо бол эсэргүүцэгчид хэчнээн зоригтой шийдэмгий болсон ч эрх баригчдын зүгээс яг адилхан хатуу хариу авах бололтой. Батлан хамгаалахын сайд, цэргийн ерөнхий командлагч Абдель Фаттах аль-Сиси Лалын ахан дүүс бүлэглэлийн зүгээс явуулсан аливаа тэмцлийн эсрэг шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгджээ.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих