“Эсэргүүнүүдийн сүнс дуудах” хурал хурна

Эмээ ээж минь өв­гөнөө, отгон хүүгээ “эсэргүү” хэмээн хороол­гочихоод ядарч зүдэрч явахдаа “эсэргүү” гэдэг үгийг амнаасаа ганц ч удаа унагаагүй юм даа.

Хааяа “Муу өвгөнийг минь олон ламтай хамт бүхээгтэй машинд ачиж явтал нь зүрх нь хагараад үхчихсэн юм гэнэлэй. Тэхээр нь буулгаад, Сайн–Усны хонхор дахь хатны хөшөө түшүүлж суулган гурав буудчихаад орхисон гэдэг юм. Муусайн “яргачид”гэж зүхнэ. Отгон хүүгээ бо­ло­хоор “Нэг шөнө хоёр морьтой хүн ирж аваад сум руу явчихсан. Маргааш нь суман дээр ирж сураглахад аймаг руу аваад явсан гэдэг. Тэгээд л сураг тасарсан. Энэ муу дөрвөлжин хашаанд л буудaа биз” хэмээн аймгийн тусгай хэлтсийн шавар хэрмийг зааж уйлна. Хоёр ээж минь, миний хорин дөрөвхөн настай нагац ахыг үхэн үхтлээ хүлээгээд, ээж минь таалал төгсөхийнхөө өмнөхөн хүртэл “Муу ахынхаа сургийг чагнаж байдаг юм шүү” гэж би­лээ. Тавин таван жилийн да­раа захиж байгаа нь энэ.

Ингэж би “эсэргүү” гэдэг үгийг огт сонсолгүй явснаа Улсын их сургуульд ирээд л “эсэргүү” нарын дунд орчихдог байгаа.Миний, их сургуульд орсон үе бол ид “Сэхээтний төөрөгдөл” нэрээр “эсэргүүнүүдийг” баривчилж, хорьж, ажил амьдралгүй болгож байсан үе. Намын төв хорооны нарийн бичгийн дарга асан Д.Төмөр–Очир л гэнэ. Намын төв хорооны нарийн бичгийн дарга асан Л.Цэнд л гэнэ. Эвлэлийн төв хорооны дарга асан Н.Дангаасүрэн л гэнэ. Тэгээд л сайд дарга нар, Их сургуулийн багш захирлууд. Тэд Монгол төрийн бодлогыг шүүмжилсэн гэнэ “Оросын хараат боллоо. Эдийн засгийн хөгжил доройтож улс орны амьдрал хүнд боллоо. Ард түмэн ядарч харийнхны боол боллоо” гэж ярьж бичдэг болсон аж. Тухайн үеийн нам төрийн удирдлагууд “сэхээтнээ сонсоно” гэдэг нэрийн доор Их дээд сургуулиуд,эвлэл, үйлдвэрчний байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудад төлөөлөгчөө (тагнуул) илгээж хурал зохион байгуулж санал бодлыг нь чөлөөтэй сонссон байна. Эдгээр хурал дээр сэхээтнүүд “Үнэхээр нам засаг маань сонсож байна. Сайхан арга хэмжээ авах нь” гээд бодсон санаснаа бүгдийг ярьсан гэдэг.”Чингис хааныхаа ойг тэмдэглэе, хөшөөг нь босгоё”,”Оросоос тусдаа биеэ даасан бодлого явуулъя”,”Оросын вагон хойноос “өөх тос, өөх тос” гэж ирээд, буцахдаа “ханалаа цадлаа, ханалаа цадлаа” гэж буцдаг”,”Монголчууд тарган ирэгээ орост өгөөд, оронд нь хаймар хонь авч байна” гэхчлэн хааяагүй л гашуун үнэнийг ярьцгаасан юм билээ. Тэгж сэхээтнээ сонсож аваад л баривчилсан, тамласан байдаг юм. Д. Төмөр-Очир гуайг л гэхэд олон газар нутаг зааж явуулаад эцэст нь Дархан хотод, гэрт нь аймшигтай яргалсан. Ийм баримт олон бий. Энэ дунд Эвлэлийн төв хорооны Н.Дангаасүрэн даргыг “эсэргүү” болгосонд гайхдаг юм. Н.Дангаасүрэн гэдэг маань УИХ–ын гишүүн асан Д.Энхбатын аав шүү дээ. Дангаасүрэн гуайг би таних, бас уулзаж учирч байсан болохоор итгэхэд бэрх байсан юм. Намайг Сайншандын дунд сургуулийн пацаан байхад Эвлэлийн Төв хорооны дарга Н.Дангаасүрэн ирнэ гэж аймаг даяараа хөдөлж байж билээ. Тэгтэл хар машинтай цагаан залуу ирж Сайншандын төвөөр зочлоод манай сургуульд, шугам жагсаалын өмнүүр явж мэндэлсэн нь санаанаас гардаггүй юм. Бидэнтэй уулзан гар барьж, толгой илж байсныг санадаг. Тийм сайхан хүн “эсэргүү” болчихлоо гэхээр гайхаад байсансан. Их сургуулийн багш нар халагдсан, баривчлагдсан байлаа. Юмжав багш л гэхэд, нэг том даргын авгайд “Нойлын ногоон тэг” гээд муу тавьчихсан чинь “эсэргүү” болж гэнэ гэж шуугидаг байв.

Тэгтэл “эсэргүүнүүд”, бүр бидний дэргэд байна гэнэ. Б.Ренчин багш маань “эсэргүү” гэнэ. Ц.Дамдинсүрэн багш маань бас л “эсэргүү”. Бүр болиод манай утга зохиолын дугуйлангийн багш Ш.Гаадамба бүр том “эсэргүү” гэх. Манай багш нарыг дотоод яамны хүмүүс нүд салгалгүй “хариулж” байдаг сураг сонслоо. Тэгж байсан чинь бидэнтэй дугуй танхимд тохой залгаад сууж байсан, тооны ангийн оюутан С.Сандагдорж “эсэргүү” болчихдог байгаа. Төгсөх курсын оюутан зохиолч, орчуулагч С.Сандагдорж (сарх) маань “Тууврын хоньд”,”Зоог депутатын зоог”гэсэн хоёр тууж бичээд буруудах нь тэр. “Тууврын хоньд” тууждаа, монгол хонийг хойд хилээр гаргах гэсэн чинь, майлаад, эргэж зугтаагаад байгаагаар дүрсэлсэн чинь, мал хүртэл Оросоос зугтааж байна гэсэн санаатай болж. ” Зоог депутатын зоог” туужаа зохиолчдын хорооны үргэлжилсэн үгийн зохиолын секцэд уншиж. Гол баатар нь архи ууж авгай эргүүлдэг, хар муу санаатай депутат юм. Зохиолчдын хороон дээр туужийг уншиж хэлэлцүүлэхэд Д.Сэнгээ дарга байж байгаад “Наад депутат чинь хэн юм?” гэж эгдүүтэй асуусан гэдэг. Тэхэд нь С.Сандагдорж “Гол баатар нь чи” гэчихээд буруудан “эсэргүү” болж билээ.

Ийнхүү “сэхээтний төөрөгдөл”-ийн их баривчилгаа дуусаагүй байтал 1964 оны “намын эсэргүү” бүлгийн хоморголсон баривчилгаа эхлэж билээ. 1964 оны МАХН–ын Төв хорооны онц бүгд хурлыг тодхон санаж байна.Бүгд хурал болохоос хэдэн сарын өмнөөс л учир битүүлэг яриа ам дамжих болсон. “Оросын хүргэн, түүхий эд бэлтгэлийнх нь газрын дарга Ю.Цэдэнбалыг авч хаях юм гэнэ. Намын төв хороонд олон жил өндөр алба хашиж үеэ өнгөрөөсөн дарга нарыг чөлөөлөх юм байх”… гэхчилэн ам дамжсан яриа олон түмний дунд түгэж байсан л даа. Би тэр үед “Улаанбаатарын мэдээ” сонины сурвалжлагч байсан. Бүгд хурал болсон өдрийн өглөө эрт эрхлэгчээсээ үүрэг аваад Засгийн газрын ордон руу очсон чинь битүү цагдаа бүсэлчихсэн, сурвалжлагчдыг оруулахгүй байлаа. “Бүгд хурал хаалттай хуралдана” гэнэ. Машинтай дарга нар л ирж буугаад орцгоож байна. Фото зурагчин бид хоёр алсаас жаахан харж, хэдэн зураг дараад буцсансан.

Энэ хурлаар, бүр том “эсэргүүнүүдийг ялласан” даа. Намын эсрэг бүлгийг бут цохиж гэнэ. Дандаа сайд дарга нар голдуухан оролцсон хэдэн арван хүний нэр сонсогдож байна. “Төрийн эргэлт хийх гэсэн гэнэ”, “Ю.Цэдэнбал тэргүүтэй улс төрийн товчоог огцруулах гэсэн” гэнэ. “Монгол Зөвлөлтийн ган бат найрамдалд харш бодлого явуулсан” гэнэ. Энэ бүлгийн толгойлогч нь Сангийн аж ахуйнуудыг удирдах газрын дарга байсан Ц.Лоохууз (амьд сэрүүн байгаа),Статистикийн төв газрын дарга байсан Б.Сурмаажав, Өмнөговь аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан Б.Нямбуу нар гэнэ. Энэ гурав ЗХУ–д коммунист намын дээд сургуульд суралцаж байгаад ирсэн. “Ц.Лоохууз, Б.Нямбуу,Б.Сурмаажав нарын намын эсрэг бүлгийг бут цохисон тухай”Намын төв хорооны том тогтоол гарч, бүх намын байгууллагаар хэлэлцүүлэн, эдэнтэй холбоо сүлбээтэй юм уу талархсан дэмжигчдийг илрүүлэн “устгах” их хэлмэгдүүлэлт үргэлжилж билээ. Холбоо сүлбээтэй болж шийтгэгдэн, гэр бүлээрээ ажил амьдралгүй болсон 200 орчим “эсэргүү” бий гэдэг. Толгойлогч гурваас гадна дөрөв дэх хүн нь намын төв хорооны ажилтан А.Дашнамжил (хүү Д.Цогтбаатар нь одоо Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаа), тав дахь хүн нь аймгийн даргаар олон жил ажилласан Н.Гунаажав зургаа дахь хүн нь Улсын их сургуулийн тэнхимийн эрхлэгч байсан Н.Баасанжав, долоо дахь хүн нь Улсын банкны ерөнхий хороонд ажиллаж байсан эмэгтэй Г.Жамбалдорж, найм дахь хүн нь Жамбаа (хүү нь Кино нэгтгэлийн дарга байгаа Ж.Солонго)… гэх мэтээр урт жагсаалт хөвөрдөг юм. Энэ жирийн хүмүүст “эсэргүү” пайз зүүн яаж тарчилгаан зовоож байсныг цөөн хэдэн баримтаар хэлж болох юм. Одоо 90  насны сүүдэр зооглож байгаа Ц.Лоохууз гуайг л гэхэд алс холын аймагт цөлсөн. Энэ хүн шударга үнэний төлөө дайчин тэмцэгч төдийгүй гайхалтай хөдөлмөрч уран хүн. Хөдөө аймагт мал маллахын зэрэгцээ нутгийн хүмүүсийн захиалгаар эмээлийн мод, гөлөм дэвс хийж наймаалан хэдэн төгрөг олдог байсныг нь далимдуулан “хувийн үйлдвэрлэл явууллаа ” гэж шоронд яаж тарчилган зовоосон гээ.

Хоёр дахь хүн нь А.Дашнамжил. Намын төв хорооны ажилтан А.Дашнамжилыг “эсэргүү” хэмээн буруутгаж Өмнөговь аймгийн зэлүүд нутаг Гурван-тэсийн давсны артельд давс шүүрдэгчээр ажиллуулсан. Өдөржин усан дотор давс шүүрдэн шуудайлаад үүрч эрэг дээр гаргадаг ажил. Өдрийн норм нь их учраас, хоёр нарны хооронд ажиллаад чнормоо биелүүлж чаддаггүй байв. Тэгээд бага сургуулийн сурагч хүү Д.Цогтбаатар нь хичээл таруут л аав дээрээ очиж, тэр хүнд ажилд нь туслан, хоёр дал мөрөндөө цус хуртал нь давс үүрсэн гэдэг юм. Өвлийн дүн хүйтнээр орон байрыг нь булаан авч, задгай машин дээр гэрээ ачин хөөгдөж туугдаж явахдаа мэдрэлийн хүнд өвчин авсан залуу сайхан эхнэр нь насан туршийн өвчтэй болж эмнэлгийн тусламж авч чадалгүй ямар харамсалтай таалал төгссөн гээ. Гэр бүлээр нь ингэж яргалж байлаа.

Гурав дахь хүн нь эмэгтэй Г.Жамбалдорж. Орост сургууль төгсөж ирээд Улсын банканд ажиллаж байсан хорь гаруйхан настай охиныг нэг л өдөр гэнэт баривчилсан юм. Улсын их сургуулийн тэнхимийн эрхлэгч, багш Н.Баасанжавдаа валютын ханш мэтийн цөөн хэдэн тоо өгсөн нь “Улсын нууц задруулсан” гэмт хэрэг болов. Энэ охиныг шоронд ёстой л хүний ёсноос гадуур доромжилж тамласан гэдэг юм. Тэгээд олон сар жилээр хүнд хүчир хөдөлмөрт зүтгүүлж байнгын өвчтэй болгосон. Хэдэн жилийн өмнө наян сүүдэр элээж яваа энэ хөгшнийг хотын хойд захын оршуулгын газрын дэргэд, урц овоохойд дараатай хэвтэхэд нь очиж уулзсан.Ядарна гэхэд дэндүү ядарсан байна билээ. Одоо амьд, хэвтэрт л байгаа гэсэн Монголын төр засаг нэг иргэнээ ийм болгочихоод, Монгол банк нэг ажилтнаа ийм болгуулчихаад огт хайхралгүй орхиж байгааг хараад зүрх шимширсэн шүү. Миний чадах нь сонин, ном хоёртоо л бичсэн.

“Эсэргүүнүүдийг” ингээд бичвэл, би 200 хүнийг бичмээр байна.

“Намын эсрэг бүлэг” хэмээх их баривчилгааны дараа, хорин сэтгүүлчийг хоморголсон “Гавъяа” найрууллын хэрэг, Соёлын яамныхны хэрэг, Жамсран Сүхбаатар нарын толгойлсон сурах бичгийнхний хэрэг, эсэргүү зохиолч Чойном, Очирхуяг нарын хэрэг… гээд “эсэргүү” тодруулах хэлмэгдүүлэлт их үргэлжилсэн дээ.

Монголын төр, сор болсон сэхээтнүүдээ ийнхүү “эсэргүү” хэмээн намнаж байлаа. Зөвхөн тэд биш олон зуун гэр бүл энэ аймшигт хэлмэгдүүлэлтийн өмнө сөхөрч байсан юм.

Хамгийн хүнд зовлон амссан хүмүүс бол “эсэргүүнүүдийн” гэр бүл, үр хүүхэд, ач зээ нар байдаг. Тэд ажил сургуульгүй болж, нөхрүүдээ, аав ээж нараа даган тэнүүчилж, хорвоогийн хүний амсах л бүх зовлонг амсаж эдлэсэн байдаг юм. Тэгээд  улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл үр хүүхдүүдэд Монголын төрөөс тусламж дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, тус холбооны дэргэдэх хүний эрхийн дэд хорооноос санаачлан Улсын их хуралд өргөн барьсан боловч, түрүүчийн Их хурлын үед дэд дарга Н.Энхболдын сейфэнд дөрвөн жил, одоогийн Их хурлын дэд даргын шүүгээнд нэг жил дараатай хэвтэнэ. Зарим хүн “Муусайн эсэргүүнүүд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийг нүд анихыг хүлээж байгаа юм байлгүй дээ” гэдэг.

Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирсэн… Өнөө жил энэ өдрийг нэлээн өргөн тэмдэглэхээр бэлтгэж байгаа юм. Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Конрад Аденаурын сантай хамтарч наймдугаар сарын 26-нд онол практикийн бага хурал зохион байгуулна. Энэ удаагийн бага хурал 1950-1980 -аад оны хооронд “эсэргүү” хэмээн хэлмэгдсэн хүмүүсийн тухай шинэ сонирхолтой баримтуудыг дэлгэн тавих юм. Энэ хурлыг би л “эсэргүүнүүдийн сүнс дуудах хурал хурна” гэж байгаа юм.

Г.ЖАМЪЯН

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн


URL:

Сэтгэгдэл бичих