Хямралаас том сэнтий

 

Ард түмэнд хор учруулахаар удирддаг засаглал удаан настай байдаггүй.

Сенека Младший

 

Хэд хоногийн өмнө өглөө, хар эртээр гар утас минь хангинав. Хөдөөнөөс дүү бүсгүй минь ярьж байна. Гурил будаа, нөхрийнх нь татдаг тамхины үнэ нэмэгдчихлээ. Даруйхан захаас ахиухан аваад, унаанд дайгаад илгээгээч, мөнгийг нь дансаар шилжүүлье гэж байна. Дүү минь нэг сар ч болтугай “хямд” үнэтэй гурил будаа идье гэж бодсон бололтой.

Асуудлыг нь шийдэх гэж өдөржин таваргасан би гэртээ ирээд амрах аядаж байтал оюутныхаа амралтаар хөдөө амарч байгаа отгон дүү минь залгалаа.

Маргааш өглөө эртлэн босоод “Найман шарга” яв гэж байна. Юанийг овоо хэдэн төгрөгт худалдаж аваад байж бай. Дүү нь хоёр хоногийн дараа очно. Очуутаа Эрээн явна гэж яаран сандран тайлбарлаад утсаа шидчихлээ. “Хичээлдээ орохоосоо өмнө шинэ хувцас авахаар төлөвлөж байтал, хямрал болж юанийн ханш өсч, манай энүүгээр юмны үнэ өсөөд сүйд болж байна. Тэгтэл дүү чинь сандраад бушуухан хувцас, хичээлийн хэрэглэлдээ явъя гэлээ” гэж аав минь дараахан нь залгаад хэлж байна.

Юутай ч нутагт минь хямрал нүүрлээдэхжээ. Одоохондоо шатахууны үнэ хэвэндээ байгаа ч америк доллар, хятад юанийн ханшнаас үүдэлтэй үнийн өсөлтөөс зугтсан нутгийнхан маань бөөн бөөнөөрөө Улаанбаатарыг зорьж байгаа тухай сонстов. Шалтгаан нь манай дүү нарынхтай ижил.

Эдийн засаг хямарч байна. Монгол Улсын хүн амын 99 хувийг бүрдүүлдэг дунд буюу түүнээс доош орлоготой /Уг нь энэ 99 хувь тэр чигээрээ ядуу гэсэн ангилалд багтах учиртай. Зохиогч/ гэх давхаргын бидэнд хямрал гээч нь мэдрэгдээд ирлээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эдийн засгийн нөхцөл хүндхэн байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Хэрвээ ээлжит бус чуулган хуралдвал эхний ээлжинд энэ тухай яригдах байх. Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулж батлах асуудал байгаа. Эдгээрийг шийдэхгүй бол болохгүй. Өнөөдөр экспорт багассан, гадаадын хөрөнгө оруулалт саарсан, энэ бүхнээс шалтгаалаад валютын эх үүсвэр багассан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс болон төрийн бусад өндөр албанд зүтгэж явсан хүмүүстэй уулзаж санал бодлыг сонссон. Мөн Засгийн газрын гишүүдтэй уулзлаа” хэмээн мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн байнгын хорооны дарга хямрал нүүрлэснийг хүлээн зөвшөөрч байна.

Харин Засгийн газрын тэргүүн шал өөр байр суурьтай байгаа. Тэрээр  “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав улс орны эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханш өсч байгаа талаар ярилцаж, энэ асуудалд Засгийн газар, Монголбанкны зүгээс нэлээн дорвитой арга хэмжээ авах талаар тохиролцлоо. Валютын ханш өсч байгаа нь их олон шалтгаантай. Тэр бүх шалтгааныг би тоочихгүй. Мөнгөний бодлогыг зохицуулж байгаа Монголбанкны өмнөөс би тайлбар хийх нь тийм ч зохилтой биш. Гэхдээ валютын ханшийн өсөлтийн талаарх нэгдсэн дүгнэлтээ ойрын хоногт гаргана. Гэхдээ валютын ханшийн өсөлт хяналтаас гарчихсан юм байхгүй. Гэхдээ валютын ханшийн өсөлтөд өөр нэгэн том хүчин зүйл нөлөөлж байгааг анхаарах ёстой. Энэ нь ерөөсөө л монголчууд бид асар их өр тавиад идчихсэн гэдгээ өдөр болгон санаж явах хэрэгтэй. Өнөөдөр нүүрс, зэс, жонш, нүүрс гадагшаа урсаад л байгаа хэрнээ мөнгө орж ирэхгүй байгаа. Яагаад гэвэл тэр мөнгийг нь бид түрүүлээд зээлж аваад ард түмэндээ тараагаад өгчихсөн. Нөгөөдүүл маань идчихсэн. Ийм л юм” гэж байх юм. Н.Алтанхуягийнхаар зүгээр л валютын ханшийн өсөлт, энэ нь хяналтад байгаа, тэгэхээр санаа зовох зүйл ерөөсөө биш байх нь.

Гэтэл хямрал, үнийн өсөлт аль хэдийнэ нүүрлээд Эрээний хятадууд хүртэл үнээ нэмээд баллаж өгч байдаг. Харин Н.Алтанхуяг огт тоогоод байх асуудал биш, энэ өсөлт чинь Ардын намынхантай л холбоотой гэсэн шүү юм яриад сууж байгааг яаж ойлгох хэрэгтэй юм, бүү мэд. Сэтгүүлчид бидний олж сонсч байгаагаар саяхан л нуурын эрэгт хамтдаа амраад, сонгуулийн алжаалаа тайлцгааж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дээрээс нь УИХ-ын дарга нэмэгдээд бүтэн хоёр өдрийн турш  саналгүй өрөө дамжиж хуралдсан байдаг. Уулзалтын сэдэв тодорхой. Нэгэнт хямарсан эдийн засгийн нөхцөл байдал.

Гэсэн атлаа Н.Алтанхуяг сэтгүүлчдэд, ард түмэнд хандаж шал өөр мэдэгдэл хийгээд байгаа нь өчүүхэн шалтгаантай ажээ. Ард түмэнд муухай харагдвал томилогдсоноос нь хойш анаад, занаад байгаа зарим хүн улс төрийн тоглолт хийгээд Ерөнхий сайдын сэнтийгээс нь унагачихаж магадгүй гэж тун их айж байгаа гэнэ.

Тэр айхдаа ямар ч юмыг гоё харагдуулахыг хичээх болсон аж. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын эдийн засгаас илүү нам дотор нь өрнөөд байгаа, өөрт нь тохиолдох гээд байгаа “хямрал” л маш том болж харагдаад байгаа гэхэд болно.

Үнэндээ улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл илтэд хүндэрч, мэддэгүүд нь мэргэжлийн нэр томъёогоор хэдийнэ тайлбарлаад эхэлсэн хямралтай зэрэгцэн эрх баригч Ардчилсан нам дотор жинхэнэ тулаан эхлээд байгаа гэх. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахнаас хүчтэй яригдаж эхэлсэн Н.Алтанхуягийг унагах ажиллагаа энэ сард тун ч идэвхтэй үргэлжилжээ. Дараагийн Ерөнхий сайдаар нэр нь хамгийн хүчтэй яригдаж байгаа эрхэм бол Женко Х.Баттулга. Түүний хувьд энэ суудалд очих хүслээ нуудаггүй хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Ц.Элбэгдоржийг дахин сонгогдоход сурталчилгааны үеэр нь хамгийн ойр байсан хүн бол мань эрийг гэх. Аварга Б.Бат-Эрдэнийг “байхгүй болтол” ярьж суухдаа дотроо юу бодож байсан нь тун ч сонирхолтой. Адилхан бөх хүний хувьд тэгтлээ муулах нь жудаггүй явдал гэмээр. Харин тэгж ярьтал нь хөшүүрэгдсэн “маш том юм” байна хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Шууд хэлэхэд Ц.Элбэгдоржийг дэмжлэгийг аван Ерөнхий сайдын сэнтийд очих өндөр боломжийн эзнээр Женког нэрлэгсэд олон байна. Дараагийнх нь Д.Дорлигжав. Зориуд ч юмуу, санаандгүй ч байсан уу түүнийг Ерөнхий сайд болно гэж зарим нэг сэтгүүлч идэвхтэй ярьж, бичиж байгаа. Бас л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч дэмжиж байгаа гэнэ. Нэг хэсэг олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл,  улс төрийн хүрээнийхэн дунд нэр нь яригдаж байсан хүн бол Ажнай Д.Бат-Эрдэнэ. Түүнийг Ерөнхий сайд болох гэнэ гэсэн мэдээллийг ихэнх хүн ёжилж, ёгтолсон үгээр хүлээж авч байлаа. Сүүлийн үед Д.Бат-Эрдэнийн нэг их яригдахаа больсныг бодоход Н.Алтанхуягийг айлгаад байгаа эрхмүүдийн тоо нэгээр цөөрсөн бололтой.

Гэхдээ дээрх хоёрын нэг нь Н.Алтанхуягийг “мөргөж” оронд нь суухаар нэгэнт ярилцаж тохирсон бөгөөд энэ талаараа мань эрд өөрт нь ч дуулгаад эхэлсэн тухай эх сурвалж хэлж байна. Н.Алтанхуяг “Намын даргаа ав, надад Ерөнхий сайдын сэнтийг үлдээ” гэсэн гэх яриа ч гарч байна. Гэхдээ энэ хувилбар “амьдрах” боломж үгүй. Яахав, Ерөнхий сайд солигдлоо гэвэл нэг л асуудал. Н.Алтанхуягийн оронд Х.Баттулга ч юмуу, Д.Дорлигжав ч юмуу хэн нэг нь гарч ирээд ажил үргэлжилж болох юм. Дөрвөн жилийн өмнө С.Баяр суудалдаа Сү.Батболдыг үлдээгээд явсантай ижил гэсэн үг л дээ. Гэхдээ энэ бас л боломжгүй, маш гэнэн хувилбар болно. Харин засаг хөдөллөө гэвэл томоохон хөдөлгөөн үүснэ гэсэн үг. Хамгийн түрүүнд хамтрагчийн тухай яриа үүснэ. Х.Баттулга, Д.Дорлигжав хоёрын хэн нэг нь Ерөнхий сайд боллоо гэхэд засагт хамтрагч шууд л солигдоно. Өөрөөр хэлбэл, МАХН-ыг засгаас гаргаж МАН-тай хамтарч магадгүй гэх яриа маш өргөн хүрээг хамраад байна. Засгийн газрын шинэ тэргүүнээс “хуримын урилга” гардаж авах нь гэж тооцоолсон Ардын намд “шинэчлэгчид” гэдэг хүмүүс хүртэл гарч ирж бужигнасан. Хөөрхийс, одоо сонсохнээ, хамтрах сонирхолтой хүмүүс ч гэх шиг сонин нэр хоч зүүгээд л үлдэж байгаа гэх юм билээ. Харин урилга ирсэн нөхцөлд МАН-ын хуучин кадруудын нэг, нэлээн том эрхмийн удирддаг фракц гүйж очихоор яриад байгаа гэнэ лээ.

Юутай ч улс төр, эдийн засгийн хямрал энд тэнд их бага хэмжээгээр явагдаад л байна. Ерөнхий сайдын буюу улс төрийн хямрал холдлоо гэхэд 10 сарын эхээр шийдэгдэнэ гэсэн. Харин эдийн засгийн хямралын хугацаа хаа хүрэх бол доо.

Б.ДАМДИН-ОЧИР


URL:

Сэтгэгдэл бичих