400-гаад тэрбум төгрөг барилгын захиралуудын халаасанд ороод таг
Н.Алтанхуягийн Засгийн газар их бийлэгжүү байгааг бид өмнөх дугаарууддаа байнга бичсээр байгаа. Өмнөх аль ч Засгийн газар мөнгөнд хахаж цацсан, мөнгөжүү байгаагүй юм.
Харин энэ жил Чингис бонд арилжсанаар төсвөөс гадуур таван тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт орж ирэхээр болсноос эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларыг авч ийнхүү бийлэгжүү байгаа хэрэг. Гэхдээ энэ муу юм биш.
Гол нь мах, гурил, ноос ноолуур, арьс шир, оёдлын, барилгын гээд олон салбарт хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа ч үр дүн харагдахгүй байна. Үүний нэг тод жишээ гэвэл барилгын салбар. Төрөөс иргэдээ хямд орон сууцаар хангана гэсэн бодлогыг дэмжин ажиллана гээд энэ жил барилгынханд 40-өөд тэрбум төгрөг өгсөн.
Гэтэл хоёр сарын өмнө 1.2- 1.4 сая төгрөг байсан м.кв-ын үнэ одоо 2.0 саяас доош үнэ хэлэхээ больжээ. Анх Н.Алтанхуяг үндэслэлгүйгээр үнээ нэмсэн компаниудтай хамтарч ажиллахгүй, хөтөлбөрөөс хөөж гаргана гэж зарлаж байсан. Өнөөдөр хөөгдсөн ганц ч компани алга.
Аль таван сарын өмнө аваад тавьчихсан материал, хоёр сарын өмнө баригдчихсан байгаа байшинд өчигдөрхөн нэмэгдсэн валютын өсөлтийг яриад сууж байдаг даварчихсан компаниудын толгойг илж байхаар тэр 40 тэрбум төгрөгөө иргэддээ зээл болгоод өгчих хэрэгтэй байж.
Орон сууцтай холбоотой өөр нэгэн мэдээлэл гэвэл өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төрийн чиг үүрэг бүхий нэгэн байгууллага шинээр байгуулагдлаа. Төрийн орон сууцны корпораци нэртэй уг байгууллага нь төрийн захиалгаар хийж гүйцэтгэж буй барилга орон сууцны санхүүжилт, зээл, гүйцэтгэлтэй холбоотой бүх ажлыг хариуцах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байна.
Н.Алтанхуяг сайд өөрөө Ерөнхий захирлыг томилж бас чөлөөлнө. Нийт зургаан хэлтэс, 80 гаруй орон тоотойгоор батлагдсан энэхүү байгууллагатай яг адилхан үүрэгтэй Орон сууцны санхүүжилтийн корпораци гэх байгууллагыг өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд С.Батболд байгуулж байсан юм.
Тухайн үед бага, дунд орлоготой иргэдийг ипотекийн зээлэнд хамруулж орон сууцжуулах цоо шинэ хөтөлбөрийг С.Батболдын Засгийн газар санаачлан баталсан нь ийнхүү шинэ бүтэц бий болох зайлшгүй шаардлага бий болсон.
Тийм ч учраас төрөөс санхүүжүүлж буй улсын хэмжээний бүхий л барилга байгууламжийн санхүүжилт, захиалга, гүйцэтгэл гээд бүх асуудлыг хариуцаж байсан юм. Гэхдээ арай л бага бүтэцтэй байсан санагдана. Харин өнөөдөр нүсэр бөгөөд хуучин агентлагаас ялгагдах юмгүй нэгэн байгууллагын үүд нээгдлээ.
Их бүтээн байгуулалтын он жилүүд хэмээн 2012 оноос эхлэн өөрсдийгөө пиардаж буй шинэ Засгийн газарт хийх ажил их байгаа, хүн хүч дутагдаад байсан болохоор ийнхүү орон тоогоо нэмсээр, том бүтэцтэй газар шинээр нэмсэн биз. Түрүүч нь I нүүрт Цаашдаа иймэрхүү газар хэд хичнээнээр бий болохыг мэдэхгүй.
УИХ-ын сонгуулийн дараа АН-ынхан эрх мэдэлдээ гэнэт бялууран намдаа ач гавьяа байгуулсан нөхдүүдэд зориулан бүхэл бүтэн яам байгуулж бэлэглэж байсны дэргэд энэ мэт байгууллага жижигдэх биз ээ. Гэхдээ л төсвийн мөнгийг бүтэн дөрвөн жил урсгаж тоглоно гэдэг бол дэндүү хариуцлагагүй үйлдэл болно.
Өмнөх Засгийн газраас өвлөгдөж ирсэн,үргэлжлүүлээд аваад явж болох өч төчнөөн хөтөлбөрүүд бий.Үүний нэг нь энд дурдагдаж буй шинэхэн байгууллагын чиг үүрэгт хамаарах найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр юм. Жирийн, дундаж орлоготой иргэд төрийн хайр халамжийн гадна ямагт үлддэг.
Бизнесийнхэн төрийн гарыг харалгүй өөрсдөө амьдралаа аваад явчихна. Бага орлоготой эсвэл нийгмийн эмзэг бүлгийнхэн гэсэн хаягтай хүмүүс тэртэй тэргүй төрийн хайр халамжийг байнга хүртэж байдаг.
Харин дундаж орлоготой, ажил хийгээд ч цалингаараа өндөр үнэтэй байр сууц авч чадахааргүй төсвийн байгууллагын албан хаагчид, эмч,багш, оёдолчин, мужаан гээд дундаж давхаргынхнаа орон сууцжуулах хөтөлбөийг санаачилсан нь чухам л нүдээ олсон хөтөлбөр байлаа.
Анхандаа тодорхой хугацаанд зургаан хувийн хүүтэй өгсөн, тэр нь ч олон айл гэрийн голомтыг бадраасан. Сүүлдээ найман хувийн хүүтэйгээр энэхүү хөтөлбөр үргэлжилж байсныг шинэ Засгийн газар гарч ирээд зогсоосон.
Хэсэг хугацааны дараа бид найман хувийн хүүтэй цоо шинэ хөтөлбөр эхлүүллээ гэсэн чинь өмнөх хөтөлбөрийг хуулбарласан л хөтөлбөр байсан. Шинэ юм огт олж хараагүй. Санхүүжүүлэх хэлбэр, тавигдах шаардлага, барилгын гүйцэтгэгч компаниудын төрд болоод банкинд тавьж буй үзүүлэлтүүд онцын зөрүүтэй юм алга.
Гэтэл С.Батболдын Засгийн газар буруу явж байсныг бид таслан зогсоолоо, харин ч тарьсан балгийг нь үүрч байна гэж тэнгэрээс унасан мэт аяглаж, өөрсдийгөө цоо шинэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа мэтээр худлаа дүр эсгэхээ зогсоохгүй бол ард түмэн багийг чинь нэг л өдөр хуу татах болно.
Одоо ярих биш хийх цаг нь болсон. Өмнөх үе үеийн Засгийн газар үүргээ гүйцэтгээд ирсэн. Тэднийг бүү муучил. АН ч хамтарч ажиллаж байсан. Буруу гэж бодож байгаа бол засаад цаашаа яв. Зөвийг буруу болгоод байна уу, өөсдөө зөв явж байна уу гэдгийг цаг хугацаа харуулна.
Б.Эрдэнэ
Эх сурвалж:
URL: