Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Монголынх уу, “Рио Тинто”-ийнх уу
Оюутолгойн хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” групп өнгөрсөн долоо хоногт монголчуудыг сандралд оруулж чадлаа.
Засгийн газраас ажил хэрэг болгосноор УИХ-аар батлах ёстой байсан хөрөнгө оруулалтынх нь тоон дүн хүчин төгөлдөр болохгүй цаг хугацаа алдсан учир тэд ийн хатуурхав. Үүнд нь манай талаас Засгийн газар, нөгөө талаас хөрөнгө оруулагчид өөрсдөө ч бас буруутай.
Хүний тал анхнаасаа батлуулсан хөрөнгө оруулалтынхаа нэгдсэн дүнг нэмж тоглосон бол манайх тэр бүхнийг нь бууруулахын төлөө өрнүүлэх ёстой байсан яриа хэлэлцээрээ олигтой өрнүүлж чадаагүй хэрэг.
Ийн хоёр талын үл ойлголцол эцэстээ хөрөнгө оруулагчийг цаг хугацаа хийгээд санхүүгийн алдагдалд оруулах болсноор тэд далд уурхайгаа зогсоож, ажилчдадаа халагдах өргөдөл “гардуулсан” юм. Гол нь тэдний энэ алхам манай улсын валютын нөөц хийгээд санхүүгийн чадамжтай шууд холбоотой учраас эрх баригчид та биднээс илүүтэй их сандралд орох шиг болсон.
Иргэн хүн өөрийнхөө эрх ашгийг бодож байхад засаг удирдагчид нийт улс орны хувь заяаг залуурдах үүрэгтэй болохоор арга ч үгүй. Иймийн учир Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж одоогийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг үе, үеийн гишүүдтэй нь нэгтгэж уулзсан байгаа.
Уг уулзалтад Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд болон одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцсон. Тэгвэл тэдний хэн нь хэн бэ. Өөрөөр хэлбэл, тэд өнгөрсөн хугацаанд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон “Рио Тинто”-ийн талаар ямар байр суурь баримталж байсан бэ. Энэ асуултад хариулаад ирэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Монголынх уу, “Рио Тинто”-ийнх уу гэсэн асуултад тодорхой нэгэн хариулт гарч ирж болох юм. Энэ уулзалтад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр оролцох байсан ч тэрбээр өмнөд Солонгос руу эмчилгээнд явсан байгаа.
Ц.Элбэгдорж: Тэрбээр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталснаараа Монгол Улс халуун ам бүлээрээ, нийтээрээ хамтдаа урагшаа нэг алхсан гэж бодож байна. Та бүхэндээ баяр хүргэе” хэмээсэн. Улмаар хэвлэлээр “Магадгүй Оюутолгой гэдэг нэг “охиноо” бид буруу хүнд өгчихсөн байж магадгүй. Тэр охин хүний эхнэр болчихсон бол алдааг засах ямар ч боломжгүй. 17 настай “охиныг” маань анх байсан байдлаар буцаагаад өгөхгүй шүү дээ. Тиймээс дараагийнхаа “охидуудад” анхааралтай хандья. Нэг зүйлтэйгээ зууралдаад байхаар гадныхан “Монголчууд хэлсэндээ тууштай байдаггүй юм байна” гэнэ. Хэдүүлээ улсынхаа нэрийг ингэж унагааж яах юм бэ” гэж байв. Тэгэхээр түүний бодол өнөөдөр ч хэвээр байгаа бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхгүй гэдэг санал дээр бат зогсоно гэсэн үг.
П.Очирбат: Ерөнхийлөгч асан П.Очирбатын хувьд тэрбээр Оюутолгойтой холбоотой асуудал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч байсан гэдэг утгаараа бус харин уул уурхайн инженерийнхээ мөн чанараар ханддаг нэгэн. Тиймээс ч “Оюутолгойн гэрээг нэгэнт байгуулчихсан учраас одоо сайн, муу болсон гэж яриад байх хэрэг байхгүй. Одоо түүнийхээ дагуу ажиллах л хэрэгтэй. Тэгээд тодорхой үр дүнг нь үзэж эхэлсний дараа бид алдаа, оноогоо эргэж харж, шаардлагатай гэж үзвэл явцын дунд зарим тодотгол хийж болно. Оюутолгой Монголын эдийн засагт асар их үр дүн өгнө. Өмнийн говь дэд бүтэц өндөр хөгжсөн аж үйлдвэрийн асар том бүс нутаг болж хувирна. Тэгээд олборлох, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг уул уурхайн олон салбар хөгжинө” гэх мэт тайлбарыг хийдэг.
Н.Багабанди: Өдгөө Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар хамгийн бодитой үгийг унагаж, үнэн зөв дүгнэлт хийх боломжгүй хамгийн ойрын улстөрч бол яах аргагүй Ерөнхийлөгч асан Н.Багабанди. Түүнийг Ерөнхийлөгч байсан гэдэг утгаар нь бус Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэх үүднээс нь харвал ийм горьдлого тээх нь монголчуудын хувьд буруу биш. Харамсалтай нь тэрбээр өнөөдрийг хүртэл нэг ч үг унагаж байгаагүй бөгөөд ядах нь ээ “Титэм үг”-ээрээ ч болох нэгийг хэлж, хоёрыг тунгаасан нь үгүй. Харин өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас далд уурхайгаа хааж, ажилчдаа халах шийдвэр гаргаснаас харахад түүний байр суурийг таамаглахад хэцүү. Ингэлээ гээд түүнийг “Рио Тинто”-гийн талд байж хэмээн дүгнэх боломжгүй Н.Баганбанди гэдэг хувь хүний үгийн хөрөнгө оруулагчдад үзүүлэх нөлөөг иргэн бидний гашуун нясуун үгтэй харьцуулашгүй хүчирхэг байх ёстой гэж найдвал буруудсан болохгүй биз ээ.
З.Энхболд: Тэрбээр УИХ-ын дарга болохоосоо өмнө цаг ямагт Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжилж байсан. Наад зах нь “Засгийн газар өгсөн үүрэг чиглэлийн дагуу Оюутолгойн хөрөнгө оруулагч нартай ярилцаж, гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. УИХ-аас хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын хувийг 50 хувьд хүргэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд нийт хувьцааны 34-өөс доошгүй хувь эзэмших гэрээ байгуулаарай гэсэн. Гэтэл Засгийн газар үүнийг биелүүлээгүй” гэж байв. Түүнчлэн УИХ-ын дарга болсныхоо дараа “Гэрээг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газарт эрх нь байгаа. Тэд шийдэх ёстой” гэсэн юм. Эндээс Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ямар байр суурь баримталсан нь тодорхой болно.
Д.Бямбасүрэн: Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн тухайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчил гэдэг хатуу байр суурь дээр зогссон байх учиртай бараг л цорын ганц төлөөлөл. Тэрбээр өнгөрсөн хугацаанд цаг үргэлж “Энэ гэрээ Монголын хувьд ашиггүй болсон нь илэрхий. Монголын Засгийн газар үндэсний баялагтаа эзэн болж чадахгүй, гадны хөрөнгө оруулагчдын дур сонирхолд хөтлөгдөж, гэрээг байгуулснаараа эдийн засгийнхаа орон зайг хуваагаад хаячихсан юм. Оюутолгойн гэрээг аваад үзэхэд анхнаасаа манай хууль тогтоомжийг илт зөрчиж эхэлсэн. Хайгуулын ажил дуусаагүй байхад ашиглалтын лиценз Оюутолгойд өгөөд түүнийхээ дараа техник, эдийн засгийн үндэслэл гараагүй байхад гэрээ байгуулсан. Ингэснээрээ Монголын Засгийн газар улс үндэстнийхээ эсрэг гаднынхантай хуйвалдсан гэхэд болно. Үүний эцсийн үр дүн орлого, зарлагын талаасаа Монгол Улс хосгүй орд газраа гадны компанид эзэмшүүлээд өөрөө өртэй үлдэж байна” хэмээх шүүмжийг өрнүүлсэн.
С.Баяр: Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрийн биеэр хамгаалах үүрэгтэй хэсэг бүлэг төрийн түшээдийн нэг нь яах аргагүй Ерөнхий сайд асан С.Баяр. Тиймээс ч тэрбээр гэрээг байгуулах үед “Оюутолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, цаашид үйл ажиллагааг шуурхай өрнүүлснээр бидний дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн таван төгөлдөршлийн зорилтын эдийн засаг-нийгмийн чиглэлтэй эхний гурав нь биелж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хязгааргүй баяртай байна. Өнөөдрийн байгуулж байгаа гэрээ нь байгалийн баялгийн ашиглалтын төгөлдөршүүлэх ажлын гарааны торгон зурвас болж байна. Гэрээг байгуулагдсаны дараа Монгол Улсад орж ирэх урьдчилгаа төлбөрийн хөрөнгийг юуны өмнө хүн амынхаа бүртгээлийг боловсронгуй болгон төгөлдөршүүлэх зорилго, чиглэлээр ашиглах нь зүйтэй юм” хэмээж байж. Сонирхолтой нь дээр хэлсэн урьдчилгаа төлбөр болох 250 сая ам.долларыг өнгөрсөн онд хөрөнгө оруулагч тал Монголын Засгийн газраас нэхэж манайхныг тэрүүхэндээ сандралд оруулсан түүхтэй.
Н.Алтанхуяг: Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдалд тодорхой хариу өгөх үүрэг нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийнх. Тэрбээр Ерөнхий сайд болсон цагаасаа хойш “Хөрөнгө оруулалтын талаар “Рио Тинто”-гийн тал тайлбар хийх ёстой. Бид энэ талаар шаардлага тавина” гэж ярьсан ч өнөөдрийг хүртэл тэрхүү хариу нь тодорхой болоогүй юм. Үүнийх нь балгаар хөрөнгө оруулагч тал далд уурхайгаа зогсоож, ажилчдаа халсан. Түүнчлэн тэрбээр С.Баярын Засгийн газрын үед Тэргүүн шадар сайдаар ажиллаж, Хөрөнгө оруулалтын гэрээг батлах үеийн баяр баясгаланг хамтдаа хуваалцсаныхаа хувиар өөрийн босгосон ажлыг нураах саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гаргаагүй нь тодорхой.
С.Батболд ба түүний нөхөд: Бусад Ерөнхий сайд хийгээд УИХ-ын дарга байсан улстөрчдийн тухайд ерөнхийнд “С.Батболд ба түүний нөхөд” гэж дүгнэхэд болно. Тэдний хувьд “Гэрээг өөрчлөх хэрэгтэй” гэдэг ерөнхий нэг үг, өгүүлбэрийг хэлдэг ч тодорхой байдлаар хатуу байр суурь баримталсан нь үгүй.
Эцэст нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоогийн гишүүд хийгээд экс гишүүдийн байр суурийг тодруулах болсон шалтгаан нь ирэх долоо хоногт гарах зөвлөмжтэй холбоотой.
Учир нь, ҮАБЗ-ийн хуралдаанаас гаргах зөвлөмжийг удахгүй болох ээлжит бус чуулганы хуралдаан шууд хэлэлцэхгүй юм гэхэд гишүүд дор бүрнээ шүүрч унших ёстой. Тэр нь Оюутолгойн ордыг хөдөлгөхөд түлхэц болохуйц шийдвэрийг гаргах ёстой Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн уур амьсгалыг тодорхой хэмжээнд “удирдах” юм.
Иймд олны дунд түгсэн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Монголынх уу, “Рио Тинто”-ийнх уу” гэх эргэлзээнд дээрх баримжааг өгөхийг зорив. Харин эцсийн хариулт нь минийх бус уншигч таных байх нь тодорхой.
Г.Отгонжаргал
URL: