Б.Сэр-Од 36 дугаар байрт хурдалжээ
Москва хотноо үргэлжилж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын тамирчин Б. Сэр-Од өрсөлдөж, 2:21:55 секундын амжилтаар 36 дугаар байрт хурдаллаа.
Тэрбээр тасралтгүй хоёр цаг гаруй гүйж, 42.195 км замыг туулж, барианд орсон байна. Энэ жилийн дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн марафонд 69 тамирчин гараанаас гарснаас 51 нь замаа дуусгажээ.
Хөнгөн атлетикийн спорт, тэр дундаа марафон гүйлтийн төрлөөр эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд цуурайтуулж яваа МУГТ Б.Сэр-Одын хувьд ийнхүү зургаа дахь дэлхийн аваргадаа хурд сорьсон байна.
Өмнө нь 2011 онд БНСУ -ын Дэгүд зохиогдсон ДАШТ -нд 2:16:41 цагийн амжилт үзүүлж, эхний 20-д багтсан нь түүний оргил амжилт билээ. Москвагийн ДАШТ -ий эрэгтэйчүүдийн марафонд Уганда улсын тамирчин Стивен Кипротич 2:09.51 цагийн амжилтаар дэлхийн аварга болж байсан юм.
Харин Этиопийн Лелиса Десиса (2:10.12), Тадесе Тола (2:10.23) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
/Монголын мэдээ/
URL: