П.Энхжин: Хойд Солонгос бидэнтэй хамтрах хүсэлтэй байгаа
Ирэх сарын 5, 6-нд уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалт болох гэж байна. Энэ талаар тус хурлын ерөнхий зохицуулагч П.Энхжинтэй ярилцлаа.
-Энэ удаагийн “Discover Mongolia” чуулга уулзалтын онцлог юу байх бол?
-Хөрөнгө оруулагчдад бид бүхий л талын мэдээллийг энэ чуулга уулзалтаар дамжуулан өгдөг. Хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тэдэнтэй хамтрах аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний төрөл бүрийн үзэсгэлэнгээ дэлгэдэг.
Монгол Улсын эдийн засаг томоохон цохилтод орчихсон байгаа үед зохиогдож байгаагаараа энэ жилийн уулзалт онцлогтой.
-Өмнө нь “Discover Mongolia” чуулга уулзалт ихэвчлэн лекц, танилцуулга маягаар өрнөдөг байлаа. Энэ жилийн хувьд ямар байх бол?
-Өмнө нь “Discover Mongolia” чуулга уулзалтаар оролцогчид нь байр сууриа илэрхийлдэг, лекц уншдаг байлаа. Харин энэ удаад хөгжлийн үндсэн суурь болсон ард түмэн, иргэний нийгэм, төр засгийн төлөөллийг оролцуулаад бидний сонгон авсан таван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Асуудалд обьектив хандлагаар хандахын тулд сүүлийн гурван жил Монголын өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өрсөлдөх чадварын тайланг гаргаж байна.
Тэр тайланг харахад л ямар их зүйлийг бид өөрчлөх ёстой, ямар их боломж биднийг хүлээж байгааг олж харна. Бид тэр мэдээллийг ашиглаад, сэдвүүдийг нь үндсэн хөтөч асуудал болгон хэлэлцүүлнэ.
-Ямар ямар сэдвээр хэлэлцүүлэг өрнөх юм бол. Эдгээр нь өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой байх?
-Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчны талаар хэлэлцүүлнэ. Монгол Улсын хууль эрх зүйн орчин уул уурхайн салбараа хэрхэн дэмжиж байгаа, эсвэл уул уурхайн салбар дахь хууль эрх зүйн орчин бизнесийг явуулах, баялаг бүтээхэд чөдөр болоод байна уу, дэм болоод байна уу гэдгийг ярилцана.
Хоёрдугаарт, дэд бүтэц. Уул уурхайгаа хөгжүүлэхэд дэд бүтцээ хэрхэн шийдэх вэ гэдгээ ярина. Гуравдугаарт, байгаль орчин, уул уурхай хоёр дайсан биш гэдгийг хэлэлцэнэ. Уул уурхай хөгжүүлэхдээ байгаль орчны стандартаа мөрдье, байгаль орчны стандартыг мөрдөхдөө уул уурхайдаа садаа болохоо больё гэсэн хамтын түнш байдлаар асуудлыг харж байна. Дөрөвдүгээрт, орон нутагт байдал ямар байгааг ярина.
Орон нутгийн засаг захиргаа нь уул уурхайд хэрхэн хандаж байна гээд ярих асуудал олон бий. Уул уурхайн дараа заавал нэг юм үлдэх ёстой. Нэг бол экспорт болж өсөх эсвэл орон нутагт эдийн засгийн өсөлт авчрах ёстой. Тавдугаарт, боловсон хүчнээ ярина. Манай боловсон хүчнүүд гадаадын мэргэжилтнүүдийг дагаад өсч дэвжиж чадаж байна уу, Монголын үндэсний боловсон хүчин бүрдэж чадаж байна уу гэдгийг ярилцана.
-Манай уул уурхайд үзэл бодлоо танилцуулъя гэсэн орнууд байгаа гэж дуулсан. Тэдний тухай танилцуулаач?
-Манай уул уурхайд өөрсдийн үзэл бодлоо танилцуулъя гэсэн гурван улс бий. Австрали, Хойд Солонгос, Киркиз.
Ж.Цогзолмаа
/Зууны мэдээ/
URL: