Эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хэрэгтэй болжээ, Н.Удвал сайд аа
Эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийх ёстойг УИХ-ын гишүүд ч иргэд ч бүгд л мэддэг болж. Ямар сайндаа сайд нь хүртэл манай эмч нарын хүнтэй харилцах харьцаа биш ээ хэмээн ярьж байхав дээ.
“Шинэчлэлийн” гэх тодотголтой засгийн газар байгуулагдсанаасаа хойш зовлон тооцож, бусдыг муучилснаас биш дорвитой шинэчлэл хийсэнгүй. Олуулаа ирээд “бужигнуулаад” өгнө өө л гэсэн. Ард түмэн харин ч хангалттай олууланг нь авч ирлээ.
Одоо эрс шинэчлэл хийгээд бужигнуулаад өгөх л үлдээд байгаа юм. Гэвч эхний нэг жил нь өнгөрлөө. Нэг жил өнгөрч байтал ард түмний амьдрал хүндэрч, вальют өсч, бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Цаашид хэрхэхийг ч мэдэхгүй болсон. За энэ ч яахав. Намжаах л байлгүй гээд найдаад сууя.
Харин хүний хамгийн эрхэм зүйл болох эрүүл мэндийг мандаг энхийн манаачид маань сүүлийн жилүүдэд багагүй хэл ам таталж, аврал ирсэн иргэдийг багагүй гомдоох боллоо. Анх эрүүл мэндийн сайд болчихоод гоё гоё зүйл ярьж, иргэдийн магнайг тэнийлгээд байсан сайд Н.Удвал нь ч чимээ алдарлаа.
Энэ салбарт эрс шинэчлэл хэрэгтэй байна. “Эмч нарын буруутай үйлдлээс болж, дөнгөж төрсөн эх эндлээ, хүүхэд эндлээ, нярайг түлжээ, насан туршийн өвчтэй болгожээ, осолд орчихоод эмчээс аврал ирэхэд хүлээж аваагүй байна” гэх мэт мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа байлаа.
Энэ бодлого тодорхойлдог салбарын яманд нэгийг хэлээд байгаа бус уу. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт гарч байгаа эдгээр асуудлуудыг “гал унтраах” зорилгоор тухайн үед нь аргацаах биш. Бүр уг үндсээр нь эдгээх хэрэгтэй байна.
Осолд ороод ойролцоох эмнэлгээс аврал эрээд тусыг эс осон тухай мэдээллийг МНЬЮС вэб сайтад мэдээлснээр хүргэе.
“Өчигдөр өглөө 08 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүрэгт ноцтой осол гарсан байна. Уг ослын улмаас гэмтэж бэртсэн эх, хүүхдэд “Нандин ухаан” эмнэлгийнхэн тусламж үзүүлсэнгүй.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч нэгдүгээр хорооллын арын зам дээр бага оврын автомашин дөрвөн дугуй нь дээшээ харж унажээ. Энэхүү автомашинд эхнэр, нөхөр хоёр ой гарантай хүүхэдтэйгээ гурвуулаа явсан гэнэ. Ослын улмаас ээж, хүүхэд хоёр хүнд гэмтсэн байна.
Ийм нөхцөл байдал үүсээд байхад ослын газарт ойрхон байсан “Нандин ухаан” эмнэлгийн хүн ардын эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж тангараг өргөсөн цагаан халаадтангууд гэмтэж бэртсэн эх, хүүхдэд анхны тусламж үзүүлээгүй байна. Тус эмнэлгийнхэн үүдэндээ гарч ирэн харсан мөртлөө эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэнэ.
Үүгээр ч зогсохгүй ослыг харсан, дэргэдүүр нь өнгөрсөн хүмүүс цусаа гоожуулсан эх, хүүхдэд туслаагүй аж. Сандарсан нөхөр нь нааш цаашаа гүйсээр арайхийж такси барин эх, хүүхдийг эмнэлэг рүү явуулсан байна.
Ослын газарт цагдаагийнхан ирсэн боловч гэмтсэн хүмүүст ямар нэгэн тусламж үзүүлээгүй, түргэн тусламжийн машин ч ирээгүй гэдгийг эх сурвалж хэлж байна” хэмээн мэдээлжээ. Дэргэдүүр нь өнгөрсөн хүмүүс тусалдаггүй юм аа гэхэд ослыг хараад гарсан эмч нарт тэдгээр хүмүүст туслая гэх сэтгэл байгаагүй гэдэг нь харамсалтай.
Ядахдаа л цусыг нь арчаад, шархыг нь боогоод өгчих сэтгэл тэдэнд дутаж. Ийм л хариуцлагагүй, сэтгэлгүй эмч нар монголыг хэрчихээд байна. Н.Удвал сайд аа. Одоо л салбартаа эрс шинэчлэл хийхгүй юм бол МУ-ын оршин тогтнохын үндэс болсон эрүүл мэнд хөсөр хаягдах нь байна шүү.
Эмч хүн хүний төлөө, хүнийг аврахыг төлөө л зүтгэх хэрэгтэй бус уу… Эмч нарт, эмнэлгийн байгууллагад хатуухан шиг цочироо өгөх хэрэгтэй байгаа юм биш үү…
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn“
URL: