Г.Буяндорж гэгч хэн болох, түүний тухай үнэн баримтууд
Өнгөрч буй энэ долоо хоногийн турш Ноёд группын ноёныг эрэн сурвалжилсан сурвалжлаагүй, эндээс барилаа, тэгж саатууллаа, хийсэн хэрэг нь энэ, бас ийм гэх мэтчилэн хэвлэлээр дүүрэн Г.Буяндоржийн талаар шуугив. Улмаар Ноёд группээс мэдэгдэл гаргаж эзнийхээ талаар үүсээд байсан хэл ам хов живийг дарах гэж оролдлоо. Тэр мэдэгдэлд нэг айхавтар хүүхэн л Г.Буяндоржийг хийцлэх гээд яваа мэт бичжээ.
Гүнгэрэгжавын Буяндорж гэж хэн бэ. Бид түүний хийсэн ямар үйлийн лайгаар ямар гээч хэрэг түвэгт орооцолдоод явааг нь таамаглан, худал үнэн бичихээс татгалзлаа. Харин Буяндорж гэгч хэн бэ, тэр ямар замаар өдгөөгийн байр сууринд хүрсэн тухай өгүүлье.
Завхан аймгийн Сонгино сумын харьяат Гүнгэрэгжав гуайн найм дахь хүү болж төрсөн Буяндорж Зүүнхараад цагаан сарын өмнөхөн мэндэлсэн аж. Тиймээс түүнийг буянтай сайн болоосой хэмээн эцэг эх нь ийм нэрийг хайрлажээ.
Аав нь Улаанбаатар төмөр замд насаараа ажилласан бол, ээж нь 13 хүүхэд төрүүлж өсгөн, улсад олон жил ажиллажээ.
1-6 дугаар анги хүртлээ Зүүнхараадаа сурч байгаад Сэлэнгэ аймгийн Бугант суманд шилжиж очин тэндээ арван жилээ дүүргээд 1990 онд Санхүү эдийн засгийн сургуулийн хуваарь авч элсэн суралцжээ. Дараа нь цагдаагийн сургуульд орж хуульч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн нэгэн. Олон хүмүүс түүнийг цагдаагийн офицер байсныг төдийлөн мэддэггүй. Г.Буяндорж нь сургуулиа төгсөөд цагдаагийн байгууллагад ажилд орж, нийгмийн олон салбарын хүмүүстэй харьцаж эхэлсэн гэдэг.
Зүүнхараадаа очиж 1996 он хүртэл цагдаагийн хэлтэст эдийн засгийн төлөөлөгчөөр ажиллаж ЦЕГ-ын ажил мэргэжлийн аваргаар гурван ч удаа шалгарч байлаа. Цагдаагийн байгууллагын эдийн засгийн албаны төлөөлөгч гэдэг утгаараа санхүү, эдийн засгийн томчуудын хутгалдсан нарийн асуудлууд руу орж таньж мэдэж байсан гэдэг. Энэ тухайгаа тэрээр тухайн үед хуримтлуулсан мэдлэг туршлага маань цаашдаа хувиараа эдийн засгийн салбарт орж ажиллахад асар их хэрэг болсон хэмээсэн байдаг. Магадгүй тэрхүү туршлага нь түүнийг одоогийн байр сууринд хүрэхэд нь сайнаар ч, муугаар ч нөлөө үзүүлсэн байж мэдэх.
1996 оноос нийгэм нь ч зах зээлийн системд идэвхтэй орж хүн болгон л хувийн аж ахуй эрхлэхээр төрийн албанаас гарч байсан тул Г.Буяндорж хамгийн түрүүнд ажлаа орхин бизнес эрхэлж эхэлжээ.
Тэр юуны түрүүнд Сэлэнгэ аймгийн хүнсний үйлдвэр буюу Зүүнхараагийн спиртийн үйлдвэрийг худалдаж авсан. Зургаан жилийн дараа Дархан-Уул аймагт томоохон үйлдвэр байгуулснаар бизнес нь томорч эхэлжээ. Мөн энэ үеэс л түүний нэр хэвлэлүүдээр анх гарч эхэлсэн ба түүний бизнесийн хамтран зүтгэгч, Дархан дахь үйлдвэрийнх нь захирлаар ажиллаж байсан Эрдэнэбаатар гэгчтэй холбоотой шуугиан дэгдэж эхэлсэн. Эрдэнэбаатар нь Буяндоржийнхоо Дархан дахь үйлдвэрийг булаасан, Буяндорж Эрдэнэбаатарыгаа залилсан гэхчлэн янз янзаар бичигдэж байв. Одоо ч яригдсаар л байна. Сүүлд нь нэгэн хэвлэлд Г.Буяндорж “Миний байгуулсан Да Мон трейд” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Эрдэнэбаатарт өөрийнх нь саналын дагуу ярилцаж тохироод тухайн үед 750 сая төгрөг өгөөд гаргатал жилийн дараагаас сонин хэвлэлээр янз бүрийн юм цацаж миний нэр төрд халдсан дайралтуудыг хийж эхэлсэн. Гэтэл урдаас “Хэрвээ надад ахиад 500 сая төгрөг өгөхгүй бол би ингээд чиний нэр төр, бизнес бүх юмыг унагаж хаяна” гэж хэний ч санаанд багтамгүй шаардлага тавьсан” хэмээх тайлбар өгсөн байдаг.
Бизнесийн хажуугаар тэрээр улстөрд хүч тавьж эхэлсэн нь тайлбаргүй шахам. 2001 онд МАН-д элссэн нь тухайн үед энэ намыг бараадсан бүхэн хөлжиж, бизнестэй нэгнийх нь бизнес цэцэглэж байсантай яалт ч үгүй далд холбоотой. Одоо тэрээр МАН-ын Бага хурлын гишүүн.
Улмаар Г.Буяндорж Зүүнхараагийн спиртийн үйлдвэрээ бизнесийн нэг түнш болох аварга А.Сүхбатад олон тэрбумаар зарсан байдаг. Энэ тухай хэвлэлүүдээр ямар ч бизнесийн мэдлэггүй аваргад өрний хүүдий болсон үйлдвэрээ ашигтай худалдчихлаа хэмээн бичиж ч байв…
Үргэлжлэл бий.
http://bataar.mn/10008454
URL: