Алтан хөршүүддээ зориулав (Шүлэг)

(Шинэ цагийн төрийн бодлого)

Алтан хөршүүд минь мэдтүгэй

Алтан хөршүүд минь сонстугай

Орос бол бидний ах нар

Хятад бол бидний анд нар

Монгол бол ах нараар ч дутахгүй

Монгол бол анд нараар ч дутахгүй

Алтан хоёр хөрш минь байхад

Америк, Солонгос, Герман гээд ч яахав

Холын Америк, Англи, Австрали

Хойд Солонгос, Өмнөд солонгос

Хаа хамаагүй далайн цаадах

Харь гүрнүүдэд итгээд ч яахав

Орос ах нарын гавъяаг мартах

Хятад анд нарын зүтгэлийг муулах

Өнгөрсөн үеэ хараар будах

Өнөөдрийн буруугаа тэдэнд тохох

Ороо бусгаа цагийг тэд ч бас туулсан

Олзолдон булаалдаж, тэмцэлдэж ирсэн

Хатуурхах үе ч байсан түүхийн хэлхээнд

Хайрлах үе ч байсан хөршийн ёсоор

Муу хэлвэл бүгд л муу

Сайныг нь эрвэл саараасаа олон

Гуравдахь хөрш гэж ярих нь инээдтэй

Хоёрхон хөрштэйгээ мартах янзтай

Геополитик, гадаад бодлого яривал

Гол хоёр судас нь хоёр хөрш минь билээ

Мөнхийн хөрш гэж байдгаас

Мөнхийн дайсан гэж үгүй билээ

Хятад, Оросыг муугаар харуулах

Харийн улсуудын хар санааг

Одоогийн төрийнхөн ойворгон зангаар

Олзуурхан авч өнгөрснийг хараах

Ингэж бид хөршүүдээ гомдоогоод

Их санасан ч байрандаа л байна

Хувааж авах гэсэн хуучны бодлого байсан

Хурааж захирах гэсэн хатуу төр байсан

Одоо бол цаг өөр болсон

Орчлон ертөнц арай ухаалаг болсон

Адил тэнцүү эрх ашгийг тохиролцож

Алтан хөршүүдийн дүрмийн бодлого гаргаж

Аль алинд тал алдахгүй, илүү харахгүй

Амиа аваад хөгжих боломж байна

Хэн хэнд нь муу саналгүй

Хийж бүтээж хамтдаа хөгжих хэрэгтэй

Гуйх үедээ ичихгүй гуйж сурах

Өгөх үедээ харамлалгүй өгч байх

Хулгайчийн нүдээр хөршүүдээ харах

Хар санаагаа хаях хэрэгтэй

Нөхрийн ёсоор биедээ итгэлцэн

Андын ёсоор харилцан туслалцаж

Авах юмаа авч, өгөх юмаа өгч сурах

Ах дүүсийн ёсыг дагах цаг нь болжээ

Эвийг эрхэмлэж, төрийг тохинуулах

Эгзэгтэй үе тулж ирлээ

Ардыг жаргаах, түмнийг амраах

Алтан үе хаяанд ирлээ

Орос, Хятадуудтайгаа муудалцаад бид

Олох олзноос алдах алт нь их билээ

Хөршүүдээ хайрла гэсэн

Хүндэт сургааль байдгийг сана

Хувааж цөлмөхгүй, дэмжээд явах

Хоёр хөршдөө итгэл хүлээлгэ

Төрийн бодлогыг ингэж л төлөвлө

Төр улсаа ингэж л товхинуул

Зэрэгцээд хөгжөөд ирэх боломж

Зүүд зэрэглээ биш гэдгийг ойлго

Хамтраад бадраад ирэх боломж

Хол биш ойр гэдгийг ухаар

Төрд сонгогдсон хүмүүсийн

Төрөхгүй зангаараа хийсэн

Түмнээ хуурсан гэрээ, хэлэлцээр

Түмэн олныг уймруулж байна

Харилцан ашигтай хамтран ажиллах

Хөгжлийн гэрээ байгуулахыг оронд

Улсаа бодохгүй өөрсдийгөө бодох

Уйваагүй гэрээг бид өөрсдөө хийдэг

Хэн хэндээ ашигтай

Хэтийн Монголд хэрэгтэй

Шударга ёсонд нийцэх гэрээг

Шүүмжлэлийн дор илт тод хийе гэхэд

Ирээдүйн Монголоо бодохын оронд

Өнөөдрийн олзыг бодох бид

Гэрээ байгуулж, үзэглэсэн мөртлөө

Гол бурууг харийнханд өгцгөөнө

Гарынх нь үсгийг хүчээр зуруулаагүйг

Гар гараасаа бариад инээлдэж байсныг

Түмэн олон орон даяар харж л байдаг

Түүнээс өөр баримт бидэнд хэрэгтэй гэж үү

Баялагаа зөөлгөөд дууслаа л гэнэ

Бадарчин болж гуйлга гуйлаа л гэнэ

Монгол улсад халдсан

Харийн дайсан байна уу өнөөдөр

Модоо баригч гуйлгачин болгосон

Мөлжигч колончлогч байна уу ер нь

Муусайн хятадууд, оросууд хамаг юм авлаа гэнэ

Мулгуйтайж ингэж ярьдагаа одоо болих хэрэгтэй

Буруугаа өөрсдөөсөө хайх цаг болсон

Бусадтай хамтарч хөгжих үе ирсэн

Хэрхэхийг ард түмэн мэдтүгэй …

 

tsagtur.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих