“Спорт автомашины тамирчид бор зүрхээрээ явсаар өдий хүрлээ”

“Спорт автомашины тамирчид бор зүрхээрээ явсаар өдий хүрлээ”

Нүүдэлчин соёл иргэншилтэй гэгдэх Монгол зон олон эрт дээр үеэс унаж буй мориороо гангарч ирсэн түүхтэй.

Орчин үеийн техник, технологи хөгжиж буй өнөө үед дэлхийн соёлыг дагаж манай залуусын сонирхол өөрчлөгдөж эхэлсэн. Тухайлбал, салхи зүсэн хурдлах төмөр хүлэг сонирхох эрчүүд олон болж. Тэр дундаа спорт машин нь нийслэл хотын залуусыг хэдийнэ байлдан дагуулаад эхэлсэн байна. Арга ч үгүй биз хурдны зам дээр ар араасаа эгнэн давхих төмөр хүлгийг хараад хэн бүхний сэтгэл хөдлөх нь гарцаагүй юм.

Тэгвэл “Монголын спорт машин сонирхогчдын холбоо”-ны дэргэдэх “М77” клуб энэ сарын 17-нд “UB AUTO TUNING-2013” хэмээх томоохон шоу тоглолт зохион байгуулахаар болсон аж. Тус шоу тоглолт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ удаагийн шоу тоглолт нь гэр бүлээрээ оролцож байгаагаар онцлог гэнэ. Энэхүү шоуг зохион байгуулагч “Монголын спорт машин сонирхогчдын холбоо”-ны гишүүн Д.Баттүвшинтэй ярилцсанаа хүргэе.

-”UB AUTO TUNING-2013″ хэмээх шоуг цаашдаа уламжлал болгон зохион байгуулахаар болсон. Шоу тоглолтынхаа талаар сонирхуулбал?
-”UB AUTO TUNING-2013″ наадмыг уламжлал болгон “Монголын спорт машин сонирхогчдын холбоо”-ны дэргэдэх “М77” клуб хоёр дахь удаа зохион байгуулахаар болсон. Уг шоугаар Монгол дахь автомашины инженерүүд спорт загварын машиныг хэрхэн тоноглосон, мөн дэлхийн жишигтэй хэр ойрхон байна гэдгийг харуулахыг зорьж байгаа юм.

Дэлхийн улс оронд болж буй автомашины томоохон шоу тоглолтыг хөрөнгө, мөнгөтэй нь очиж үзээд энгийн ард иргэд очиж үзэх боломжгүй байдаг. Дэлхийн хэмжээний шоу тоглол-тыг үзэж чаддаггүй юм бол эх орондоо зохион байгуулж буй шоуг үзэх боломжтой шүү дээ. Намар цаг болж орон нутгаас оюутан сурагчид хот руу төвлөрч байгаа энэ үед нийслэлд шоу тоглолт эрс ихэсдэг. Гэтэл тус шоу тоглолтууд ихэнхдээ архидан, согтуурсан залуусыг муу зуршилд уриалан дуудсан, ач холбогдол багатай зүйлүүд л байдаг юм шиг санагддаг.

Харин бидний зохион байгуулж буй тус шоу ямарч архи дарсгүй, залуусыг спортоор хичээллэх урам зоригийг нь бадраасан, гэр бүлээрээ оролцъё гэсэн уриатай шоу юм. Тус шоундаа оролцогч, үзэгчдийг уйдаахгүйн тулд хөгжөөнтэй тэмцээн уралдааныг ч багтаасан байгаа.

-Шоуны үеэр ямар тэмцээн зохион байгуулагдах вэ. Түрүүлсэн оролцогчдыг ямар шагнал хүлээж байна?

-Ерөнхийдөө автомашины гадна талыг хэрхэн тохижуулсан, моторын хүчин чадал, машины хөгжмийн дуугаралт гэсэн гурван чиглэлийг голчлон ялагчийг шалгаруулна. Үүнээс гадна гэр бүл болон залуучуудын дунд хөгжилтэй тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, машиндаа эхнэрээ суулгаад хэр хурдан түрэх, залуус хэр удаан машины аккумлятор өргөх гэх мэтчилэн хөгжилтэй тэмцээн байгаа. Түрүүлсэн оролцогчийг 20-100 ам.доллараар шагнана. Үүнээс дээш ч байж болох юм.

-Өмнөх тэмцээнийг хэдэн онд зохион байгуулж байв. Энэ удаагийнх нь юугаараа онцлогтой бол?
-Спорт машин сонирхогчдын холбоо 2010 онд байгуулагдсан. Тэр ондоо уг тэмцээнийг зохион байгуулж байсан ч бидний туршлага дутсан тал бий. Анх удаа эх орондоо спорт автомашины шоу тоглолтыг зохион байгуулсан учир хүндрэлтэй зүйл олон тохиолдсон.

Энэ удаагийн тэмцээн шиг өргөн цар хүрээг хамарч чадаагүй. Гэр бүлээрээ оролцож байгаагаараа өмнөх тэмцээнээс онцлогтой болно. Мөн худалдаа, үйлчилгээний газар үйл ажиллагаагаа явуулах тул оролцогч, үзэгчид хоол, ундны хэрэглээгээ хангаж тааваараа байх боломж нь бүрдэх юм.

-Спорт автомашины шоу тоглолт үзэх нь юугаараа сонирхолтой вэ?

-Автомашин сонирхдоггүй ч үзэх хоббитой хүмүүс зөндөө олон байгаа. Ер нь бол спорт машины шоуг үзэх их сонирхолтой байдаг л даа. Машины хүчин чадал, дуугаралт, өнгө үзэмж, хурд хүч
гээд л тэр чигээрээ л хүний сонирхлыг татсан уйдахааргүй зүйлс их олон байдаг шүү дээ.

-Дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд манай тамирчид бэлтгэж байна уу. Тамирчдын ур чадвар хэр өссөн бэ?
-Манай холбоо байгуулагдсанаас хойш бид спорт машины талаархи судалгааны ажил дэлхийн олон оронд хийлээ. Цаашдаа холбооныхоо чиглэлийг барьж тамирчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах болно.

Монголын спорт машин сонирхогчдын клубүүд олон тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа ч тамирчдад спортын мастер, дэд мастёр гэх мэтчилэн зэрэг олгодоггүй ойр зүрхээрээ явсаар байгаад өдий хүрлээ. Их хөрөнгө мөнгө шаарддаг спорт гэж хэлж болно.

Тиймээс энэ байдлаа өөрчилж мэргэжлийн спорт болгох талаас нь анхаарч тамирчдаа дэлхийн хэмжээний тэмцээнд оролцуулах эрхэм зорилготой явна даа.

Г.Мягмарсүх /Нийслэл таймс/


URL:

Сэтгэгдэл бичих