Сайн дураараа залилуулах хүн хайж байна
Манай сонин руу нэгэн байгууллагын ажилтан утсаар ярилаа. Тэгээд “Танай байгууллага нийгмийн сайн сайхны төлөө ажил хийсэн учраас бид танайхыг шагнамаар байна аа” гэж байх юм. Ингээд зүв зүгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагыг хэн нь шагнах гэж ингэж их хорхойсов гэж бодоод учрыг нь нарийн лавлаж эхэллээ. Гэтэл мөнөөх байгууллага маань “Үндэсний бизнес хөгжлийн төв” нэртэй төрийн бус байгууллага аж. Олон түмэнд таалагдахуйц сайхан үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр явуулсан 50 байгууллагыг шалгаруулж байгаа гэнэ. Ингэхдээ ёсло-лын арга хэмжээ зохион байгуулах бөгөөд түүнд нь оролцохын тулд 450 мянган төгрөг төлөх ёстой болж таарав. “Энэ мөнгийг ямар дансаар шилжүүлэх вэ” гэтэл “Бэлнээр нь авна аа” гэж байна. “Одоо тэгээд бид өөрсдийнхөө мөнгөөр өөрсдөдөө шагнал өгчих болж таарч байна уу. Ер нь энэ мөнгөөр та нар яах гэж байгаа юм бэ” гэж асуув. Тэгтэл “Энэ мөнгийг урсгал зардалд зарцуулна. Урсгал зардал гэдэгт нь байгууллага бүрийг төлөөлж ирсэн гурван хүний ширээ засалт болон хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилан алдаршуулах захиалгат нэвтрүүлгийн төлбөр, мөн зохион байгуулагч байгууллагын дараагийн судалгааны ажил гэх мэт зүйлст зориулсан зардал багтана” гэв.
Байгууллагуудыг ямар шалгуураар сонгосон, ямар, ямар компани уг шагналыг авч байгаа талаар сонирхоход “Үндэсний бизнес хөгжлийн төв”-ийн ажилтанд тодорхой мэдээлэл байсангүй. Тэрбээр “Нийт найман салбарын 1000 гаруй байгууллагаас 50 байгууллагыг шилдгийн шилдгээр тодруулж байгаа. Энэ нь ямар нэгэн хонжоо харах бус зөвхөн сайн дурын үндсэнд нийгмийн сайн үйлсийг дэмжиж байгаа. Шалгарсан байгууллагууд дотор эдийн засаг, уул уурхайн салбарын гээд олон байгууллага байгаа. Нэрийг нь яг тийм ийм гээд хэлэх боломж алга” гэв. Түүнчлэн “Цаг хугацаа давчуу байгаа учраас өргөмжлөл энэ тэрээ бэлдэхэд 2-3 хоног шаардлагатай байдаг. Өнөөдөр бүх байгууллагаасаа орох үгүйг нь асууж, эцэслэн шийдэх хэрэгтэй байна. Ингэхдээ бид “Монголын төлөө” цом өргөмжлөлөөр шагнах гэж байгаа юм. Үүнд танай байгууллага багтсан. Тиймээс оролцох үгүйгээ хэлнэ үү” хэмээн шавдуулав. “Бид мөнгөө бэлнээр нь өгөх юм уу” гэж асуухад “Хэрэв оролцоно гэвэл танай байгууллага дээр урилгыг чинь аваачиж өгнө. Тэр үед танайх 450 мянган төгрөгийг бэлнээр нь бидэнд өгөх ёстой” гэв.
Харин ёслолын арга хэмжээ нь энэ сарын 17-нд 19.00 цагаас “Улаанбаатар” зочид буудалд болох аж. “Үндэсний бизнес хөгжлийн төв” гэх байгууллагын хувьд бизнесийн үйлчилгээ явуулдаг гэнэ. Түүнчлэн тус байгууллага нь дээрх арга хэмжээг зохион байгуулах замаар гишүүнчлэлээ өргөжүүлэх аж. Нөгөөтэйгүүр гишүүн болох байгууллагаа олон улсын байгууллагуудтай холбож өгөх гэнэ. Хамгийн гол нь тухайн өдөр ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн байгууллагыг олон нийтэд сурталчлан таниулж алдаршуулах юм байх. Ингэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудын тусламжийг авна гэсэн боловч хаанаас ямар телевиз, сонингийнхон ирэхийг мөн л хэлсэнгүй. “Ингэхэд танай байгууллагад цахим хуудас байдаг биз дээ. Түүнийг чинь сонирхож болох уу. Үйл ажиллагаатай чинь ерөнхийд нь танилцах гэсэн юм” гэхэд “Манай цахим хуудас засвартай” гэхээс өөр хариулт өгөөгүй юм. Бидний хооронд энэ мэт яриа өрнөсөөр эцэст нь “Хэ-рэв бид оролцохоор болбол эргээд холбогдъё” гэсээр утсаа салгав.
Ямартай ч зүгээр явж байгаад ийнхүү шагнал авах дөхөв. Гэвч тэр шагнал нь төлбөртэй гэх аж. Тэгэх тэгэхдээ бүр 450 мянган төгрөгөө урилга гэсэн бичигтэй дөрвөлжин цаас барьж гудамжнаас орж ирсэн хүнд бэлнээр нь гардуулан өгөх юм.
Хамгийн сонирхолтой нь зохион байгуулагчид шагнал “өгөх” компанийнхаа захирлын утсыг хаанаас олж авсан нь тодорхойгүй. “Бид танай компанийн тухай судалгаагаар мэдсэн” гэх мөртлөө захирал руу нь утасдаж “Бид танайхыг шагнах гэсэн юм” хэмээн тайлбарлах аж. Тэгэхээр утасны дугаар хаанаас алдагдав гэдэг нь бас сонин. Ер нь иймэрхүү төрлийн ойлгомжгүй үйлчилгээ олон бий. Тухайлбал, “Та хивсээ үнэгүй цэвэрлүүлээч” хэмээн утсаар залгадаг хүмүүс бас бий. “За тэгье” гээд хэлчихвэл жигтэйхэн сайхан ааштай нэг хүн тоос сорогч тэврээд хүрээд ирнэ. Тэгээд гэрийн хивсийг захаас нь цэвэрлэж эхэлнэ. Гэхдээ санааны зоргоор хурдан цэвэрлэхгүй. Хивсэн дотор хэчнээн хортой нян агуулагдаж байдаг тухай байн байн ярьж, аймшигтай хорхойны том зураг харуулна. “Харав уу. Та нар ийм аймар нян дунд амьдардаг юм байна шүү дээ” гэнэ. Хажуугаар нь хивс арчсан алчуур нь цэвэрхэн байснаа хэчнээн бохир болсныг харуулна. Тэгж байгаад л “Та одоо манай энэ тоос сорогчийг авах хэрэгтэй. Үнэ нь гайгүй ээ. Хямдхан. 1.5-хан сая төгрөг. Одоо мөнгө чинь байхгүй бол цуг банк орох уу. Эсвэл сар сард төлж болно шүү дээ” хэмээн ирсэн зорилгоо тун ойлгомжтой хэлнэ. Жигтэйхэн эелдэг зантай хүний өөдөөс муухай хашгирах ч эвгүй. Ингээд аль болох ойлгомжтойгоор “Авахгүй” гэдгээ ойлгуулахыг хичээнэ. Харин мөнөөх хүн хэдэн цаг ч хамаагүй сахиад суучихна. Тэгээд эцэст нь “Та ерөөсөө авахгүй байж болно. Гэхдээ оронд нь ийм тоос сорогч авах боломжтой дор хаяж 10 хүний утасны дугаар өгчих. Тэгээд л надад өргүй гэсэн үг” хэмээн улайм цайм гуйна. Нөгөөдөхөөс чинь салахын түүс болсон гэрийн эзэгтэй бушуухан хэдэн дугаар бичээд өгөнгүүт “Хаана, ямар ажил хийдгийг нь бич” гэнэ. Ингээд жигтэйхэн “найрсаг” зантай худалдагч маань сэтгэл хангалуун гараад алга болно. Түүнд “залхаах” дараагийн хүмүүс нь олдсон юм чинь.
Сүүлийн үед иймэрхүү хачин жигтэй үйлчилгээ улам олшрох болж. Гэхдээ үйлчлүүлэгчдээ залхааж, хувийн мэдээллийг нь зөвшөөрөлгүй олж авсныхаа төлөө уучлал гуйхын оронд харин өөр хэн нэгний мэдээллийг лавлаж, улмаар жижигхэн дөрвөлжин цаасыг 450 мянган төгрөгөөр “үнэлж” байгаа нь нэг ёсондоо луйврын шинжтэй болж байх шиг. Хэн нэгэн гэнэн цайлган хүн тэдний хэлсэн үгэнд итгээд мөнгөө бариад оччихвол юу болох вэ. Саяхан “Дэлхийн тойрон аялагчдын клуб” гэх төрийн бус байгууллага 380 гаруй хүнийг хохироосон хэрэг гарсан. “Иргэдийг гадаадад аялуулна” хэмээн бүртгэлийн хураамж болгон 205-380 ам.доллар хурааж авч байсан нь анхнаасаа залилангийн шинжтэй байсан нь тогтоогдож, одоо энэ хэрэг хууль хяналтынхны гарт оржээ. Тэгвэл үйлчлүүлэгч рүүгээ ярьж, элдвээр залхаан мөнгөө төлөхийг шавдуулах дээрх этгээдүүд хуулийнхны хаагуур өнгөрөөд байна вэ. Нөгөөтэйгүүр сайн дураараа залилуулах хүн хайж байгаа дээрх хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй болж байна.
Т.Болорцэцэг
URL: