Салбарын уналтын нэг жишээ
Нүүрс олборлогч “SouthGobi Resources” компани хоёр улирал дарааллан алдагдалд орсон тухай олон улсын “Reuters” мэдээллийн агентлаг мэдээллээ.
Тус компаниас гаргаад байсан хагас коксжих нүүрсний ханшийн энэ оны таамаг ийнхүү талаар болсныг Хятад улсын нүүрсний эрэлт болоод үнийн санал буурсантай холбон тайлбарлажээ. Торонтогийн хөрөнгийн биржид арилжаалагддаг “SouthGobi Resources” компаниийн хувьцаа энэ долоо хоногийн эхээр таван хувиар унаж 1.14 Канад долларт хүрсэн байна. Энэ онд 3.2 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөөд байсан “SouthGobi Resources” компанийн зорилго талаар болсон нь урд хөршийн эдийн засгийн байдал болоод нүүрсний эрэлт буурсантай холбоотой аж. Тус компаниас гаргасан мэдэгдэлд “Хятад улсын эдийн засгийн идэвхгүй байдал болон хагас коксжих нүүрсний үнийн санал суларсан нь ирэх оны төлвийг тодорхойгүй болгож байна. Түүнчлэн тус улсад үйлдвэрлэл, хэрэгцээ буурсан, зарим төрлийн нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр унасан нь ханшийн савалгаанд “хүч” нэмж байна” гэжээ. Дээрхээс үүдэн тус төрлийн бүтээгдэхүүний үнэ 77 хувиар буурч нэг тонн түүхий нүүрс 14.40 ам.долларт хүрсэн аж.
Өнгөрсөн оны мөн үед 0.27 сая тонн нүүрс олборлож байсан “SouthGobi Resources” компани одоогийн байдлаар 0.17 сая тонныг олборлоод байна.
Б.Үүрийнтуяа
mongolianeconomy
URL: