Баруун эргэх дэлхий

left-handed_200_200IDEA

 

Таван жилийн өмнө нээх айхтар түлэгдэж билээ. Түргэн чанагчийн тагийг тун чиг болгоомжгүй нээж буудуулаад нүүр, хүзүү авах юмгүй. Гэхдээ сайн эмч, сайн тос, сайн гамын хүчээр  удаж төдөлгүй сорвигүй эдгэсэн. Түүнээс хойш урьд нь дандаа голдог байсан жигд бор арьсандаа хайртай болсон гэж юүхэв. Хөрс муутай цагаан цайвар, эсвэл нимгэн шар царайтай байсан бол өдийд тэмээнээс тэмдэгтэй тэрлэн цоохор юм сууж байхгүй юу.

 

 

Сүүлд нөгөө гайтай савыг харж байхнээ хавхлагных нь бариул баруун гар талдаа  аажим аажмаар татагдаж онгойх ёстой байсан юм байна лээ. Би солгой учраас хийг нь гаргасан ч зүүн гараараа огцом татаад пис пас-пин пан болчихгүй юу.

 

Саяхан даа, хөдөө айлд жижиг хуванцар шанагаар сүү хутгаад ундааны сав руу хийх гэтэл болдоггүй. Шанага дагаж урсаад шалаар нэг сүү. Гэтэл айлын эзэгтэй жишим ч үгүй хоёр сав дүүргээд тавьчихсан. Гайхаад шанагаа хартал баруун гарт барихад зориулагдсан жижиг цорго шиг юмтай. Бас тэр нэг ногоо арилгадаг тэнэг хутгыг ёстой үзэн ядсан даа. Зүүн гартай хүнийг бодолцоод хоёр талдаа иртэй хийчихэж болноо доо.

 

Гэх мэтчилэн хараад байхад гэр ахуйн ихэнх хэрэгсэл голдуу баруун хүмүүст зориулагдсан байдаг. Гэр ахуйгаар ч тогтохгүй компьютерийн маус, голдоо том үдээстэй дэвтрүүд, хөмсөгний хайч, гар оёдлын машин гээд хүний хэрэгцээг хангах эд зүйлсийн бараг 70 хувь баруунтнуудад эвтэйхэн байдлаар хийгдсэн байдаг аж. Суурь машин дээр үйлдвэрийн осол гаргасан хүмүүсийг судлаад үзсэн чинь ихэнх нь солгойчууд байсан  талаар мэдээ байдаг л юм байна лээ. Эмээ хүртэл гутал оёхыг эгчид заасан хэрнээ намайг гар зөрөөд байна гээд жийчихэж билээ.

 

Анзаарагддаггүй хэдий ч амьдрал дээр тулгардаг л бэрхшээл. Бага ангид хүчээр баруунаар бичүүлэх гэж багш бараг сар дэглэж, дэвтэр дэвтэр хуулан бичиг хийлгэсэн дээ. Манай ангид хоёр солгой байсан ба нөгөөх маань баруунаар бичдэг болчихоод байхад би байхгүй, чернилээ халтарттал уйлсаар зүүнээрээ үлдсэн. Дараа нь тэрнийхээ горыг хэрдээ л их амсах шиг болсон. Биеийн тамирын хичээл дээр жагсаж зогсож байгаад, нэг нэгээрээ өндрийн харайлт хийх болдог доо. Тэрүүн дээр нойлтоод байсан чинь баруун хөлөөрөө түлхэж чадахгүй байсан юм байна лээ.

 

Дэлхийн нийт хүн амын 7-10 хувь л солгой байдаг бөгөөд тэдэн дундаа таг солгой, тал солгой гэх мэтээр ялгаатай байдаг шиг байгаа юм. Тал солгой хүмүүс баруун руу хөрвөхдөө амархан, зүүнээр бичдэг боловч баруунаар харвадаг гэх мэт хосолмол хэв шинжтэй байдаг бол мань мэтийн таг солгой нь бүхнийг зүүн гараараа л хийж байх дадалтай төрдөг шиг байгаа юм.

 

Тархины бөмбөлөг энээ тэрээ гээд нарийн учир жанцан байдаг ч надад гэнэн ч гэмээр нэг бодол байдаг юм. Солгой гартнуудыг нийлүүлээд холбоо биш юм гэхэд клуб байгуулчихвал би лав элсэнэ ээ. Шальтай зөрчигддөг эрх ашиг байхгүй ч бидэнд хэрэглэхэд эвтэйхэн төхөөрөмжүүд оруулж ирэх ч юм уу, ядаж гитарын утсыг зүүн гарт зориулаад сольчихдог үйлчилгээ маягийн юм эрхэлбэл байнга үйлчлүүлнэ.

 

Британийн Солгойчуудын нийгэмлэг зүүн гартай хүмүүсийг толь бичигт “left handed” гэж тэмдэглэхийг болиулах санаачлага гаргасан гэсэн. Энэ нь  гаж буруу, хууль бус, сэжигтэй, муу ёрлосон гэх мэт онцгүй утга давхар илэрхийлдэг төдийгүй бүр ижил хүйстэнтэйгээ явалдах утгыг нь ч агуулдаг аж. Гэтэл “right” гэдэг үг зөв, цэгцтэй, сайхан, шулуун шударга, давуу байдлыг илэрхийлдэг нь яалт ч үгүй гадуурхал шиг. Манайхан хүртэл зөв  гар, буруу гар гэж ярьдаг шүү дээ. Уг нь буруу гартай бол буруу хүн гэсэн үг биш.

 

Солгой гартнууд дунд авьяастнууд зөндөө төрдөг юм гэсэн. Багаас нь илрүүлээд, дэмжээд өгвөл дэлхийд нэрээ дуурсгасан алдартнуудын жагсаалтыг баяжуулах монголчууд төрөх ч билүү, хэн мэдлээ. Ямар боловч солгой гарыг сонгож төрдөггүй бөгөөд үүнийхээ төлөө ахуйн хэрэглээний асуудалтай тулгараад, шийдээд, зохицоод явах дандаа амархан биш билээ.  Бас солгой хүмүүс илүү цочмог, уураа барих тал дээр баруун гартнуудаас муу байдаг гэсэн. Сэтгэлзүйн энэ онцлогийг судалдаг бол сонирхолтой л дүгнэлт гарах биз.

 

Эцэст нь, ижил нөхдөдөө Олон Улсын Солгойчуудын өдрийн мэнд хүргэе. Баруун эргэх дэлхий зүүн гартнуудад багагүй төвөг учруулдаг гэдгийг зөвхөн бид л мэддэг байх даа.

http://addidea.blogspot.com/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих