Өмнөд Солонгост цахим сургалт нэр хүндтэй болжээ

Өмнөд Солонгост цахим сургалт нэр хүндтэй болжээ

Өмнөд Солонгосын боловсролын системд хувийн багш нарын оролцоо ихэсчээ. Нэг талаасаа бол үүний ачаар тус улс боловсролын салбарт амжилт гарсан гэх боловч нөгөө талаасаа энэ нь зөвхөн хөрөнгө мөнгөтэй чинээлэг айлын хүүхдэд хамаарах ойлголт болж хувирсан байна.

“Wall Street Journal”-д Өмнөд Солонгост хувийн багшаар ажилладаг Ким Ки Хүн гэх хүний тухай нийтлэл гарчээ. Түүний хувьд жилд дөрвөн сая ам.долларын орлоготой аж. Тэрбээр сүүлийн 20 гаруй жилийн турш хувийн сургуулиудад ажилласан байна. Түүнчлэн “Хагвонс” хэмээн нэрлэгддэг ажлыг хийж байгаа аж.

Энэ нь хүүхдүүдийг хичээлээ тарсных нь дараа нэмэлт байдлаар тусгай хичээл заадаг багшийг хэлнэ. Гэхдээ хичээлийн дийлэнх хэсгийг интернэтээр дамжуулна. Ким Ки Хүний хувьд долоо хоногт 60 цаг ажиллаж, англи хэл заадаг байна. Ингэхдээ ердөө гурван цагт нь лекц уншиж, бусад үед нь интернэт ашиглан өөрийн бэлтгэсэн бичлэгээ тарааж, онлайнаар сурагчдад зөвлөгөө өгнө. Түүн шиг иймэрхүү багшийн эрэлт хэрэгцээ Өмнөд Солонгост асар их байгаа аж.

Одоогоос 60 жилийн өмнө Өмнөд Солонгост хүн амынх нь дийлэнх нь бичиг үсэг мэддэггүй байж. Тэгвэл өнөөдөр энэ улсын 15 настай хүүхдүүдийн боловсролын түвшин дэлхийд хоёрдугаар бичигдэх болсон юм. АНУ-д хүүхдүүдийнх нь 77 хувь нь ахлах сургуулиа төгсч байхад Өмнөд Солонгост энэ  үзүүлэлт 93 хувьтай байгаа аж.

Гэрээр боловсрол олгох үйлчилгээ Ирландаас эхлээд Хонконг, АНУ-ын томоохон хотуудад, Нью-Жерси, Калифорнид хүртэл хүчээ авч байгаа юм. Өдрийн цагаар хичээлдээ суусан сурагчид орой гэртээ дахин хэдэн цаг давтлага авч, илүү гүнзгийрүүлэн хичээллэхдээ нэмэлт төлбөр төлдөг энэ зарчим манайд ч бий. Гэхдээ үүнээс болж зөвхөн баячуудын хүүхэд сайн боловсрол олж авах нөхцөл бүрдлээ хэмээн “Wall Street Journal”-д бичжээ.

Өмнөд Солонгост дөрвөн хүүхэд тутмын гурав нь Ким багш шиг хүмүүсээр нэмэлт хичээл заалгадаг гэх албан бус судалгаа байдаг аж. Өнгөрсөн онд л гэхэд эцэг эхчүүд үүнд зориулж 17 тэрбум ам.доллар зарлагадсан гэх тооцоо байна. Энэ мэтчилэн маш их ашиг олж болох салбарт Өмнөд Солонгосын боловсролын салбар тооцогдох болж. Тиймээс “Голдман Сакс”, “Carlyle Group”, “A.I.G” зэрэг компани хөрөнгө оруулалт хийж эхэлжээ.

Харин мөнөөх Ким багшийн тухайд гэвэл тэрбээр жил бүр 150 мянга орчим хүүхдэд онлайнаар хичээл заадаг бөгөөд өөрийн нэрийг Өмнөд Солонгост брэнд болгож чаджээ. Түүнд туслахаар 30 хүн ажиллаж, номнуудыг нь бэлтгэн хэвлэж гаргадаг байна. Нэг ёсондоо Ким багшийн жижигхэн вант улс бий болсон гэсэн үг юм.

Чинээлэг Америкт ч багш хүн саятан болсон түүх үгүй. Гэтэл хүүхдүүдэд хичээл заасныхаа төлөө баяжна гэдэг сонирхолтой юм. Сөүлд байдаг “Myungin” академийн “хагвон” хэмээн нэрлэгддэг хувийн багш нарын сүлжээг хариуцдаг Ли Чай Ен “Маш сайн багш нарыг тогтоон барьж, удирдан зохицуулах хэцүү. Хамгийн гол нь тэдний эрмэлзлэлийг нь хадгалах л хэрэгтэй” хэмээн барууны сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Өмнөд Солонгост “Хагвон” багшийн эрэлт хэрэгцээ их байгаа боловч ийм ажил хийдэг хүн бүр Ким багш шиг өндөр орлоготой байж чаддаггүй гэнэ. Ким багшийн хувьд нэг удаа лекц тавихдаа 120 хүнтэй зэрэг холбогдож, зөвлөгөө өгдөг байна. Гэхдээ түүн шиг байх тийм ч хялбар биш бололтой. Учир нь “Хагвон” багш нь өөрөө л алдартай биш бол сурагчид интернэтээр дамжуулан тэр бүр багш нартай холбогддоггүй аж. Тиймээс Өмнөд Солонгосын багш нарын хувьд энэ зах зээлд хөлөө олоход тийм ч хялбар биш бололтой. Түүнээс гадна багш нарын нэр хүнд нь сурагчийнх нь үзүүлсэн амжилтаас ихээхэн хамаардаг. Онлайн сургалтад хамрагдсаны дараа хичээлдээ амжилт гаргаж, шалгалтандаа өндөр оноо авбал багш нарынх нь нэр хүнд, хичээл заах цар хүрээ нь ч өсдөг байна.

Тийм ч учраас сурагчид онлайнаар шалгалтынхаа оноог, ямар их сургуульд орсон тухай бичиж, судалгаа болгон үлдээдэг байна. Гейтсийн сангаас 2010 онд америкчуудын дунд явуулсан судалгаагаар ийм хичээлийн чанар маш өндөр байдгийг нотолж байжээ. Гэвч АНУ-ын боловсролын системд өдийг хүртэл голлох байр суурь эзлээгүй л байгаа билээ.

“Хагвон” хэмээн нэрлэгддэг энэхүү багш нарыг нэгтгэсэн сүлжээнд нь чадваргүй багш нарыг богино хугацаанд халж, сэлгэдэг тогтолцоо бий болжээ. Тухайлбал, “Myungin” академийн хогван багш нарыг хариуцдаг захирал нь ажилтнуудынхаа 10 хувийг жил бүр халдаг гэнэ. Учир нь тэдний бэлтгэсэн сурагчдын үзүүлэлт нь хангалтгүй байдаг аж. Үүнтэй харьцуулахад АНУ-д улсын сургуульд ур чадвараас нь хамаарч багш нарынхаа хоёр хувийг жил бүр халдаг байна.

Өмнөд Солонгосын Боловсролын хөгжлийн институтээс 116 ахлах сургуулийн 6600 гаруй сурагчийн дунд багш нарын чадварыг үнэлэх зорилгоор судалгаа явуулж байжээ. Үүний үр дүнд сурагчид “Хагвон” багш нарт өндөр үнэлгээ өгдөг нь харагдсан байна. Тэдний хувьд сурагчдынхаа санаа бодолд хүндэтгэлтэй хандахын хажуугаар хичээлээ заахдаа сайн бэлтгэлтэй байдаг гэж Өмнөд Солонгосын ахлах сургуулийн сурагчид дүгнэжээ.

Өмнөд Солонгосын Засгийн газар сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд боловсролын салбар дахь хувийн хэвшлийнхнийг зохицуулах оролдлогыг хийсээр ирсэн. Улстөрчид “Хагвон” багш нарыг зохицуулах хууль баталж, 1980-аад онд тэднийг гэрээр  хичээл заахыг тас хориглож байжээ. Гэхдээ өнөөдөр мөнөөх багш нар нь дахин хүчээ авч эхэлсэн бололтой.

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих