“146 дугаар цэцэрлэгээс 67 хүүхдийг хасна”

bf1388369d9d3c9bigИрэх даваа гаригт цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ. Тиймээс Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяагаас дараах тодруулгыг авлаа.

-Зарим цэцэрлэг засвартай байгаа. Бүртгэлээ түр хугацаагаар хойшлуулах засвар ихтэй цэцэрлэг байгаа юу?

-Засварын ажил ид явагдаж буй нэлээд хэдэн цэцэрлэг бий. Гэхдээ бүртгэл товлосон хугацаандаа энэ сарын 19-нөөс эхлэнэ.

-Нийслэлийн хэмжээнд байгаа нийт цэцэрлэг хүүхдүүдийн 65 хувьд нь хүрэлцэнэ гэж ярьж байсан. Хэдийгээр бүртгэл ес хоног үргэлжлэх ч эцэг, эхчүүд өмнөх жилүүдийнх шиг хонон өнжин дугаарлаж, хэн овсгоотой нь хүүхдээ бүртгүүлэх нь ээ?

-Ер нь бол БШУЯ-аас манайд тавдугаар сард албан даалгавар ирсэн байгаа. Түүний дагуу Нийслэлийн боловсролын газраас зөвлөмж гаргасан байгаа. Энэ зөвлөмжид эцэг, эхчүүдэд ямар нэг хүндрэл чирэгдэл үүсгэхгүй байхаар бүртгэлийн ажлыг зохион байгуулахаар болсон. Тиймээс энэ хичээлийн жилд эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхэд ямар нэг асуудал гарахгүй байх.

-Харъяа дүүрэг хэрнээ тойргийнхоо цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд зарим цэцэрлэгийн багш нар хахууль авдаг. Өмнөх жилүүдэд нэг хүүхэд 100 мянгаар орж байсан бол энэ жил үнэ ханш нь нэмэгдээд 150 мянга болсон гэж байсан. Хэрэв ийм асуудал гаргаж байгаа цэцэрлэг байвал эцэг, эхчүүд гомдлоо хаана гаргах вэ?
-Энэ асуудлыг зөвлөмж дээрээ тодорхой тусгасан байгаа. Тухайн цэцэрлэг бүртгэлийн ажлыг хийхдээ эцэг, эхчүүдээс хандив тусламж гэсэн нэрийдлээр хахууль авахгүй. Цэцэрлэгийн эрхлэгч, бүртгэлийн комисс ийм явдлыг таслан зогсоох ёстой.

-Барилгын чанараас шалтгаалж, шаардлага хангахгүй хаагдсан сургууль, цэцэрлэг байгаа гэж байсан. Эдгээр цэцэрлэгт суралцаж буй хүүхдүүдийг яаж зохицуулах вэ. Нийт хэчнээн хүүхэд байгаа бол?

-Энэ хичээлийн жилд үйл ажиллагааг нь зогсоосон төрийн өмчийн долоон цэцэрлэг байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр цэцэрлэг энэ хичээлийн жилдээ хичээллэхгүй гэсэн үг. Тийм болохоор тухайн дүүргийн боловсролын хэлтэс маань хаагдсан цэцэрлэгийн хүүхдүүдийг тус бүрт нь хаана, аль цэцэрлэг рүү шилжүүлэхийг эцэг, эхчүүдэд нь хүлээлгэж өгөх талаар зохицуулалт хийж байгаа.

-Тухайлбал, аль дүүргийн ямар цэцэрлэгүүд хаагдсан юм бэ. Магадгүй, зарим эцэг, эхчүүд энэ талаарх мэдээллийг сонсоогүй байгаа байх?
-Баянзүрх дүүргийн 10, Чингэлтэй дүүргийн 18, 5, Баянгол дүүргийн 47, 57, Баянзүрх дүүргийн 146, Сонгино хайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгүүд энэ жил үйл ажиллагаагаа явуулахгүй. Жишээ нь, БЗД-ийн 146 дугаар цэцэрлэг 190 хүүхэдтэй 80 нь төгсөх ангийн хүүхдүүд байсныг 128 дугаар цэцэрлэг рүү 26 хүүхдийг нь 115 дугаар цэцэрлэг рүү 27 хүүхдийг нь 52 болон 67 дугаар цэцэрлэг рүү тус тус шилжүүлсэн. Үлдсэн 67 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгөхөөр болсон.

-Цэцэрлэгийн шинжилгээ, бүрдүүлэх материалыг яаж зохицуулж байгаа вэ?

-Энэ хичээлийн жилд харъяа дүүргийн өрхийн эмнэлэгүүдэд шинжилгээ йхийлгээд цэцэрлэгтээ бүртгүүлж болохоор болсон.

П.Энхмаа /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих