Гоё нэртэй ч даржин үйлчилгээ

Гоё нэртэй ч даржин үйлчилгээ

Хүргэлтийн гэх гоё нэртэй үйлчилгээ сүүлийн үед нэвтрээд буй. Уг нь бизнес эрхлэгчид үйлчилгээний стандарт, төвшинг нэг шатаар ахиулах гэж үүнийг нэвтрүүлсэн байх.

Харамсалтай нь энэ үйлчилгээ нэг л зорилгоо биелүүлж чадахгүй байх шиг. Чадахгүй гэхийн учир нь саяхан тохиосон явдалтай холбоотой юм. Тодруулбал, саяхны нэгэн өдөр найз маань машиндаа хар хайрцаг худалдаж авахаар болов.

Цаг үргэлж ажилтай байдаг миний хувьд ч яах вэ, найздаа зав гаргаж чадахгүйгээ хэлээд хүргэлтийн үйлчилгээг санал болгов. Найз маань ч энэ саналыг дуртайяа хүлээж аваад “Цаг, зав хэмнээд нээрээ аятайхан юм байна. Онлайнаар бараагаа харж байгаад сонгочихно. Тэгээд утас цохиж, захиалаад л боллоо. Хэдхэн минутын дотор байгаа газарт нь хүссэн барааг нь хүргээд өгчихнө. Энэ чинь нээрээ их аятайхан үйлчилгээ юм” хэмээн тун ам сайтай байв.

Өглөөхөн ам сайтай найз маань орой сэтгэл дундуур намайг угтлаа. Учрыг лавлахад, хүргэлтийн үйлчилгээ сэтгэлд нь хүрээгүй гэнэ. Машиных нь хар хайрцгийг хижээл насны нэгэн эр авч ирсэн байна. Хөөрхий соц нийгмийн үлдэгдэл, завсрын он жилүүдэд олигтой мэдлэг, боловсрол эзэмшиж чадаагүй сайх эр хүргэж ирсэн хар хайрцгаа хэрхэн машинд угсардгийг нь сайн мэдэхгүй ажээ. Түүний буруу ч гэж юу байх вэ, ажилтнаа мэргэшүүлээгүй тухайн компанийн бодвол зохих асуудлын нэг. Шатахуунаа дууссаныг ч мэддэггүй бусад эмэгтэй жолооч нарыг бодвол найз маань техникт дүйтэй нэгэн.

Захиалсан барааг нь авчирсан өнөөх эрээс яаж угсардгийг нь лавлахад “Ах нь компьютер энэ тэрийг сайн мэдэхгүй ээ. Өнөөх юу билээ дээ, айхтар нэртэй рекламаас сайн харчихаарай” гээд явчихсан гэж байгаа юм. Уг нь үйлчилгээний байгууллагад хэрэглэгч хаан гэсэн зарчим үйлчлэх нэг лоозон бий. Харамсалтай нь манай улсад энэ лоозон амьдрал дээр нэг их хэрэгждэггүй муу талтай. Үүний нэгээхэн жишээ нь дээрх явдал.

Хүргэж буй бараа бүтээгдэхүүнийхээ үүх түүх, гарал үүсэл, загвар маркийн тухай нарийн мэдээлэлтэй байх ёстой. Яаж хэрэглэдгийг нь үйлчлүүлэгчдэд сайтар зөвлөж, үнэн бодит мэдээлэл өгөх учиртай. Гэтэл дээрх компанийн ажилтан шиг USB оролтыг нь ч олоод холбочихож чадахгүй, GPRS-ын тухай мэдэхгүй ээ гээд толгойгоо маажаад зогсч байх учиргүй. Үнэхээр л үйлчилгээгээ нэг алхмаар урагшлуулах гэсэн юм бол энэ мэт энгийн зүйлээсээ эхлэх ёстой. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг өчүүхэн бага зүйлээс эхэлдэг гэдгийг мэддэггүй нэг муу зан монголчууд бидэнд бий. Бидний өнөө жиших дуртай өндөр хөгжилтэй орнуудад бол үйлчилгээ гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь үзүүлдэг юм билээ.

Ганц дээрх компани ч бус манай бүхий л хүргэлтийн үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд үүнийг нэг анхаарчихад илүүдэхгүй биз. Тухайлбал, хоолны хүргэлтийн үйлчилгээ үзүүлж буй ресторанууд сүүлийн үед олширсон. Харамсалтай нь хоол нь замдаа шахагдаж, шамшийгаад, хөрчихсөн ирэх тохиолдол бишгүй.

Үүнээс гадна цагаа баримталдаггүй муу тал бий. За тэгээд гэр хорооллынхонд бол хүргэлтийн үйлчилгээний утасны оператор бүсгүй эелдгээр “no” гэж хариулна. Нэг талаасаа хаяг, байршил нь тодорхойгүй гэр хороололд хүргэж өгөх нь хүндрэлтэй байж болох. Гэвч адилхан үйлчлүүлэгч талаас нь хараад хүндэтгэлтэй хандаж, сэтгэл гаргавал тийм бэрхшээлтэй зүйл байхгүй мэт. Үүнээс гадна сүүлийн үед урлагийнхан тоглолтынхоо билетийг хүргэлтийн үйлчилгээгээр илгээх болж.

Гэвч тоглолтын тасалбар хүргэж буй хүмүүс товлосон цагаасаа хоцрох тохиолдол хэд, хэдэн удаа гарч байсан санагдана. Монголын нөхцөлд замын түгжрэл гэж айхтар зүйл бий. Хоцролтын нэг том шалтаг. Өөрсдөө цагаа урьдчилан тооцоолж, төлөвлөөгүй хэн бүхний урдаа барьдаг үг. Хүргэлтийнхэн ч замын түгжрэлээс болж товлосон цагаасаа хоцордог юм билээ. Гэхдээ тэд хоцорсныхоо төлөө уучлаарай гэж хэлж мэддэггүй.

Орчин цагийн хүргэлтийн үйлчилгээний талаар цухас дурьдахад нэг иймэрхүү л байна даа.

Х.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих