Эмчид хариуцлага хүлээлгэх хүртэл заргалд
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нялхаст халтай. Эхийн эндэгдлийн тоогоороо 1-р амаржих газар улсдаа толгой цохьдог гэхэд хилсдэхгүй биз. Энэ нь Н.Удвал сайдын удирдаж буй Эрүүл мэндийн салбар уналтанд орсны илрэл.
Хорвоод мэндэлсэн бяцхан үрсээ эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж насан туршийн эмгэгтэй болгоно гэж хэн санах билээ. Гэвч насан туршын гажигтай болгож, эцэст нь үхэхийг нь хүлээж сууна гэдэг төрүүлсэн эхэд нь ямар байх бол.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд дөрөвдүгээр сарын 11-нд Б.Лхагвасүрэн хүү бүдүүн гэдэс залгах хагалгаа хийлгэсэн байна. Хүүгийн хагалгаа таван цаг гаруй үргэлжилсэн бөгөөд хагалгааны дараа эмч нар амжилттай болсон хэмээн эцэг эхэд нь дуулгасан аж. Гэтэл удалгүй хүүгийн зүрх нь хэсэг хугацаанд тасалдсан гэдгийг ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна.
Үүнээс үүдэн Б.Лхагвасүрэн хүү өнөөдрийг хүртэл эмнэлгийн орон дээр тархины үйл ажиллагааг сэргээх эмчилгээ хийлгэн ухаангүй хэвтэж байна. Учир нь хүүд хагалгаа хийх үед наркоз хийх ёсгүй үед нь мэдээ алдуулагч тарьсан аж.
Харин тухайн үед наркоз хийж хариуцлага алдсан эмчид цалингийн 20 хувиар торгож, баяр ёслолын үеэр олгодог нэмэгдэл, урамшууллыг нь хассан гэдэг хариултыг эмнэлгийн дарга хүүгийн ээжид хэлсэн байна.
Эмчид болсон болоогүй хариуцлага тооцоод өнгөрсөн ч цаашид Б.Лхагвасүрэн хүү амьдрах эсэх нь мэдэгдэхгүй байгаа нь харамсалтай. Хүүгийн эцэг эх бүтэн зургаан сарын турш эмнэлгийн үүд сахиж суужээ.
Дорвитой үр дүн гарахгүй, гомдолтой байгаа учир Б.Лхагвасүрэнгийн ар гэрийнхэн хэвлэл мэдээллийнхэнд хандаж эхэлсэн байна. Гэтэл хэвлэлд мэдэгдсэн гэх шалтгаанаар өвчтэй хүүг салхинд гаргахыг нь хориглосон гэх.
Багш минь эмч нарийн хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдлийг шүүмжлэхдээ “Хүрэл чулуун зүрхтэнгүүд” хэмээн хатуухан хэлсэн байдаг. Тиймээ тэд яг л “хүрэл чулуун зүрхтэнгүүд”. Тэдэнд хүнийг хайрлах, өрөвдөх, эмчилчих, үхэх гэж байхад нь босгоод ирье гэсэн өр зөөлөн сэтгэл алга.
Эмч нарын нүдэнд мөнгөнөөс өөр зүйл харагдахаа байж. Хувийн эмнэлэг бараадсан нь халаасандах хэдийгээ хамж өгч, хоосорч байж, хагас хугас эмчилгээ хийлгэдэг. Харин улсын эмнэлэг бараадсан нэг нь амь тавьсныхаа дараа л эмнэлгээс холддог болтой юм.
Нэр төрд халдлаа, хүмүүсийн эмнэлэгт итгэх итгэлийг алдууллаа гээд сүйд болдог эрүүл мэндийн салбарынхан хэлсэн шигээ ариухан бай л даа. Өчнөөн алдаа гаргачихаад тэр болгоныгоо аргалж, чаргалах гэж худлаа үнэн дүгнэлт хийж, эсвэл хариуцлага алдсан нэгэндээ хариуцлага тооцсон нэр зүүгээд өнгөрдөг байдал чинь арай л даварч байна.
Анагаах ухааны сургууль төгсөж буй оюутнууд мөнгөөр дүнгээ тавиулж, мөнгөөр шалгалтаа өгч, мөнгөөр мэдлэгээ хэмжүүлж байгаа цагт эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэх тухай гоё сайхан үг яриад юу хийхэв. Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг үндэснээс нь эхэлж, эрүүлжүүлжчихээд дараа нь ард иргэдийн эрүүл мэндийн тухай ярих хэрэгтэй болж байх шиг байна.
Өнөөдөр эх хүүхдийн эрүүл мэндийн төв эхчүүдийн нулимсанд цадаагүй юу. Нэгдүгээр эмнэлэгийн эмч нар хүүхэд өнчрүүлж ханаагүй юу. Цаашид цөөхөн монголчууд бид хүний амь нас авардаг нэртэй “алуурчдад” амь насаа даатгахад бэрх санагдаж байна. Бүх эмч нарыг хэлсэнгүй ээ. Алтан гартай мэргэжилдээ эзэн болсон сайхан эмч нар бий.
Гэвч хариуцлагагүй, мэдлэггүй, сэтгэлгүй эмч нараас болж тэдний нэр нүүр балчиг шаварт хутгалдаж, нэр хүндээ улам л унагаж байна. Хатуухан хэлэхэд чадваргүй, мэдлэггүй, ухамсарын доройтолд орсон эмч нэртэй “алуурчдаа” эрүүл мэндийн салбараас “зайлуул”. Тэгэхгүй бол бид эмч нэртэй “алуурчны” гарт амь насаа алдсаар байх нь. Сэтгэл зүрхээрээ, мөрөөрөө ажлаа хийж буй эмч нарын ч нэр хүнд нь унаж, эмчид итгэх итгэл алдрах нь байна шүү..
Б.Цацрал
URL: