Эдийн засгийн бууралттай зэрэгцүүлэн хямралаас хамгаалсан “Ноу Хау”
Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ энэ оны эхний хагас жилд найман их наяд төгрөг болж 13.5 хувийн өсөлттэй гарчээ.
Энэ тоон үзүүлэлтээр “тоглох”-ын цаана “Яагаад” гэсэн асуултын хариуг олох нь илүү чухал байна. Монголын эдийн засгийн өсөлтийн “Алтан үе”-ийг эргэн дурсах таатай байдгийг нуух юун.
Тухайлбал 2010-2012 онд мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 39 хувь, бүр оргил үедээ буюу 2011 оны эхний улиралд 67 хувьд хүрч байв. Харин одоо яагаад нийт мөнгөний өсөлтийг өнгөрсөн гурван жилийнхтэй харьцуулахад бага байна вэ. Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ багассан үзүүлэлт бүрийг “Эдийн засгийн уналт” гэж хэлж болдог уу гэдэг нь өөр асуудал ажээ.
Монголбанк 2012 оны арваннэгдүгээр сараас хойших хугацаанд тодорхой зорилт, хөтөлбөрийн хүрээнд нийт 2.9 их наяд төгрөгийг эдийн засагт нийлүүлжээ. Үүнийг өнөөгийн эдийн засгийн 13.5 хувийн өсөлтөөс хасаж тооцвол мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ 27 хувиар буурахаар байж. Энэ бага тоо гэж үү. Эдийн засаг дахь бэлэн мөнгөний хэмжээ буурч төгрөгийн дутагдалд орвол юу болдог вэ гэдэг талаас нь харвал 27 хувийн бууралтыг “аймшигтай” гэдгийг мэдрэх болно.
Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ буурснаар юуны өмнө ДНБ-ий бодит өсөлт огцом буурч эдийн засагт ноцтой хямрал учирдаг. Мөн зэээлийн тасалдал бий болж санхүүгийн салбар тэр чигтээ хямрах аюул тулгардаг билээ. Энэ нь банкуудаас зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн “цусны эргэлт” зогсох, хатуухан хэлбэл “хаалгаа барих”-д хүргэдэг.
Өнөөдөр “Оюутолгой” ХХК 1700 ажилтнаа халсан тухай мэдээлэл нийгмийг бүхэлд нь сандаргаж байна. Тэгвэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажиллаж буй мянга, мянган ажилтан гэнэт ажилгүй болбол тэдний ар гэрийнхний амьдралд хэр хэмжээний хохирол учрах бол. Тэгэхээр Монголбанкны төдийгөөс өдий хүртэл хийсээр ирсэн мөнгөний нийлүүлэлт нь ажилгүйдэл, ядуурлын гэнэтийн эрсдлээс хамгаалж байсныг мэдрэх цаг нэгэнт болжээ.
Ажилгүйдэл огцом өсөх нь нийгмийн үйл амьдралд ямар хэмжээний доргилт өгдөг билээ гэдгийг бид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хангалттай харсан. Иймд мөнгөний нийлүүлэлтийг мөнгөний өсөлтийн түвшинтэй уялдуулан хийж буй Монголбанкны өнөөгийн баримталж буй бодлого нь эдийн засаг дахь хямд бөгөөд урт хугацаатай төгрөгийн дутагдлыг нөхөөд зогсохгүй ажлын байруудыг тогтвортой хадгалах хөрс суурь болж чадаж байна.
Нөгөөтэйгүүр валютын ханшийн огцом өсөлт, ханшийн хямралаас урьдчилан сэргийлэх, санхүү, эдийн засагт учирч болзошгүй ноцтой хямралыг сааруулах цоо шинэ “Ноу Хау” гэж хэлж болох юм.
Хэрэв Монголбанк төгрөгийн нийлүүлэлтийг хийгээгүй бол өөрөөр хэлбэл найман их наяд төгрөгийн гурван их наяд төгрөг нь байгаагүй бол яах байсан бэ. Энэ тохиолдолд Монголын эдийн засагт нийт таван их наяд төгрөг л эргэлдэж байх байсан. Үүнийг мөнгөний нийлүүлэлтийн “огцом бууралт” гэж хэлж болно. Ингэснээр санхүүгийн системд маш том цохилт, эрсдэл учрах байсан.
Мөн ажлын байр огцом буурна. Нэг жишээ дурьдахад одоогоос таван жилийн өмнө буюу 2008 оны сүүлийн гуравхан сарын хугацаанд Монгол Улсын хэмжээнд нийт ажиллах хүч 77 мянгаар буурсан гэдэг. Энэ бол хямралын үе. Тэр үед эдийн засаг дахь мөнгөний хэмжээ 5.5 хувиар буурч байсан. Хэрэв Монголбанк төгрөгийн нийлүүлэлт хийгээгүй бол үүнээс дор хямрал хүлээж байсан гэхэд хилсдэхгүй.
Удахгүй гарах статистикийн шинэ дүнгээр өмнөхөөс ахицтай дүн дуулдана гэж найдаж байна. Зарим эдийн засагч эдийн засгийн өсөлтийн хэмжээ 16 хувьтай гарах болов уу гэсэн таамаглалыг хэллээ. Гэхдээ энэ өсөлтийн дийлэнх хэсгийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж буй. Тэдний оролцоог төр зөв дэмжиж чадвал өсөлтийн дүн нааштай гарсаар байх болно.
Н.Санжаасүрэн
URL: