Бурхны гэсгээлд өртөгсөд

Бурхны гэсгээлд өртөгсөд

-Хаити НҮБ-аас нөхөн төлбөр гаргуулах боломжтой болжээ-

Одоогоос гурван жилийн өмнө Хаитид аймшигт газар хөдлөлт болж, дэлхий нийтийг цочирдуулж байсан билээ.

“Хөгжин цэцэглэж байсан” бүхэл бүтэн улс ганцхан удаагийн гамшигт сөхрөхийг бид харсан. Байгалийн сүр хүчний өмнө юу ч биш гэдгээ дахин нэг мэдэрсэн юм. Дараа нь булчин задрах тахал өвчин дэгдэж, 600 мянга гаруй хүн өвчилж, 8000 хүн тэнгэрийн оронд одсон. Бүх дэлхийд ногдуулсан Бурхны гэсгээлийг Хаити ганцаараа үүрч байгаа юм шиг л санагдаж байлаа, тэр үед.

Гэхдээ “Хаити дууслаа” гэж хэлэх эрт байжээ. Карибын тэнгисийн хамгийн ядуу улсуудын нэг байсан Хаити буцаад өндийхийг оролдож байна. Газар хөдөлсний дараа НҮБ-ын гишүүн улсуудын зарим нь амалж байсан тусламжаа өгөөгүй гэх хэл ам гарч байсан ч бараг бүх өрийг нь тэглэсэн билээ. Хаитичуудад тохиосон тахлын гамшгийг бурхан ч бус, НҮБ-ийн энхийг сахиулагчид тараасан болох нь тодорхой болов.

Непалаас ирсэн энхийг сахиулагчид баазаа Порт Пренсийн ундны усны гол эх булаг болсон Артибонит голын эрэг дээр байрлуулсан бөгөөд нян өвчтэй Непал цэргүүдээс голд орж улмаар орон даяар тархсан болох нь тодорхой болжээ. Өдгөө Хаити улс үүнийх нь төлөө НҮБ-аас нөхөн төлбөр авах бодит боломж бүрдээд байна. Шинэ удирдагч, шинэ итгэл найдвараар амьдарч байгаа энэ улсын иргэдийн сэтгэл санаа, бүтээн байгуулалтын явцын талаар “Economist.com” сурвалжилжээ.

Хаити улс гадныхнаар дүүрчээ. Хаашаа л харна европ, ази царай дүүрэн. Энд жинхэнэ бүтээн байгуулалт өрнөж байна. 220 гаруй мянган хүний амийг авч одсон аймшигт газар хөдлөлтийн дараа дэлхийн улс орнуудын мэргэжилтнүүд болон сайн дурынхан тус улсад хөл тавиад байгаа нь энэ аж. Гамшгийн дараа Газрын дундад тэнгисийн орнуудаар борооны улирал айлчлаад өнгөрсөн тул сэргээн босголтын ажиллагаа сая л эхэлж байна.

Олон улсын байгууллагуудаас амласан тусламж ч одоо л “хөдөлж”, нэг ёсондоо эдийн засгийн амьдрал сэргэж ирж байгаа юм. Э нд одоо хамгийн хэрэгтэй зүйл нь орон сууц л байна. Нийслэлийн бүх зочид буудал, түүний дотор хамгийн том нь болох гадаад мэргэжилтнүүдийн барьсан гэх Монтана зочид буудал ч балгас болж хувирсан тул гадаад дотоод гэлтгүй түр орон сууцанд байрлан ажлаа амжуулцгаах аж.

Зарим сайн дурынхан бүр гадаа ч хоноглож байх нь харагдана. Гэхдээ хотод толгой хоргодох газар үлдээгүйдээ бус, мөнгөө хэмнэхийн тулд ингэж байгааг хожим ойлгосон.

Орон сууцны гачаалд нэрвэгдсэн энэ “майхан хот”-д надад толгой хоргодох газар олдсон юм. Порт Пренсийн нисэх онгоцны буудлын ойролцоо Palm Inn хэмээх “майхан буудалд” хоногийн 50 ам.доллар төлөөд байрлахаар тохиролцож чадлаа. Агаар сэлгэгчтэй, бас ч гэж боломжийн байр олсон тул баярлахаас яах вэ. Д араагийн “асуудал” бол хөтлөгч, орчуулагчийн асуудал байлаа.

Жолооч, орчуулагч, хөтчид өдөрт 200 доллар зарцуулна. Куба, хятад, испани гаралтай дээрэмчид дүүрэн байх тул гадуур явах аюултай аж. Тээврийн асуудал хүндрэлтэй тул миний байрласан газрын орчимд байсан олон улсын сайн дурын ажилчид кафед тэр бүр зочилж чаддаггүй бололтой. Авраам Пьер Мари хэмээх “амбицтай” эмэгтэйн бэлтгэсэн хоолыг л ихэвчлэн хүртэх аж. Тахианы мах, будаа бүхий хуванцар савтай хоол дөрвөн ам.доллар. Өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдээд байгаа нь энэ гэнэ.

Ер нь энд бүх бараа үйлчилгээний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдээд байгаа аж. О лон улсын хүмүүнлэгийн байгууллагынхан ихээр орж ирсэн нь бусад ядуу улсуудад “Хаити бол мөнгө хийж болох газар” гэсэн ойлголтыг өгсөн бололтой, зүсэн бүрийн үл бүтэх хүмүүс ч их харагдах юм билээ. Ямар сайндаа хаитичуудад католик шашны боловсрол олгох төслийн удирдагч Мойнихан энд ганцхан өдөр айлчилсан хэрнээ “Хаити бол тусгаар тогтносон улс болохоос дүрвэгчдийн хуаран биш” гэж хэлэх вэ.

Гадны хөрөнгө оруулалт ихээр орж ирэх нь инфляцыг хөөрөгдөж болзошгүй гэсэн айдас эдийн засагчдад байсан ч одоохондоо бүх зүйл сайн л байна. Иргэд ч бүтээн байгуулалтыг хараад урьдын гутранги үзлээсээ салж эхэлж байгаа нь харагдлаа. НҮБ-ыг гарахыг шаардсан жагсаал цуглаан үе, үе болж байгаа нь үнэн ч ерөнхийдөө байдал дээрджээ.

Гурван сар үргэлжилсэн бороо, хүмүүн төрөлхтний халуун сэтгэл хаитичуудын зовлон шаналлыг сайн угаасан бололтой. Ямартай ч хайтичууд инээмсэглэдэг болж эхэлж байна.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих