Ц.Отгонбагана: Сургууль, цэцэрлэгийн удирдлагын сонгон шалгаруулалт есдүгээр сард болно

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай ярилцлаа.
-Хичээлийн шинэ жил эхлэхэд үндсэндээ 14 хоног үлдлээ. Сургууль, цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн байна уу?
-Сургууль, цэцэрлэгт жил бүр хоёр төрлийн засвар хийгддэг. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засварын ажил гуйцэтгэгчийн сонгон шалгаруулалт оройтсоноос болж ихэнх засвар энэ сарын 5нд эхэлсэн.
Гэсэн хэдий ч бидний зүгээс засварын ажлыг аль болох хурдан хийж дуусгахаар ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 50, урсгал засвар 80 хувьтай явагдаж байна. Тиймээс хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө засварын ажил бүрэн дуусна.
-Энэ жил “Алтан гахай жил”ийн зургаан настнууд сургуульд орно. Сургуулийн хүрэлцээ муу учраас эдгээр хүүхдүүдийн зарим нь элсэх боломжгүй гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Өмнөх жилээс 3000 мянгаар илүү хүүхэд шинээр элсэн орно гэсэн судалгаа гарсан. Үүнтэй холбоотой Боловсрол, Шинжлэх ухааны яам болон нийслэлийн Боловсролын бүх сургуулиудын хамрах тойргийг тогтоож өгсөн. Эцэг эхчүүдийн зүгээс байнга тавьдаг нэг хүсэлт бол төвийн найман сургуульд хүүхдээ элсүүлэх сонирхолтой байдаг.
Үүнтэй холбоотой эдгээр сургуулиуд дээр анги дүүргэлт ихэссэн. Жишээлбэл, I сургууль л гэхэд нэг ангид 50 хүүхэд хичээллэж байна. Тиймээс манай газраас “хамрах тойрог”-ийн журмыг хатуу баримтлан ажиллах чиглэл өгсөн. Хамрах тойрог гэдэг нь сургуулиуд харьяа дүүргийнхээ хүүхдүүдийг авах ёстой гэсэн үг. Ингэснээр нэгдүгээр ангид элсэн орж байгаа зургаан настнууд бүгд сургуульд элсэн орох боломжтой. Ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж хэлмээр байна.
-Зарим сургуулиудад анги дүүргэлт хэтэрсэн байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Хэдийгээр тойрон хамрах хүрээг баримтлан ажиллаж байгаа ч гэсэн зарим сургууль дээр анги дүүргэлтийн асуудал их байгаа. Сонгинохайрхан дүүрэгт сургууль баригдах гэж хоёр жил дамнаад явж байна.
Энэ байдлаас үүдэн 67 дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэх болсон төдийгүй нэг багшид 4045 хүүхэд оногдож байгаа. Тэгэхээр энэ асуудал шинэ сургууль барьж байж шийдэгдэх боломжтой.
Нийслэлээс 2014-2016 он хүртэлх хугацаанд 83 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барих асуудал яригдаж газрын асуудал шийдэгдэж эхнээсээ зураг төсөл нь хийгдээд явж байна.
Эдгээр сургууль, цэцэрлэг барих хөрөнгийн асуудлыг Боловсрол, Шинжлэх ухааны яам бүрэн хариуцаж байгаа. Энэ хөрөнгө нь шийдэгдвэл бариад эхлэх боломжтой. Тэгэхээр бид гурван ээлжээр хичээллэж байгаа, анги дүүргэлт нь ихтэй газраас эхлэн сургууль, цэцэрлэгүүдийг барина гэсэн төлөвлөгөөтэй байна.
Ингэснээр хүүхдүүд цэцэрлэг болон бага ангийн боловсролоо хамт эзэмшиж, дунд ахлах сургуульдаа шилжинэ гэсэн үг.
-Энэ жил нийслэлийн хэмжээнд хэчнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтанд орсон бол?
-Сургуулиудын шинэ өргөтгөлийн ажил ерөнхийдөө дууссан. Баянгол дүүргийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийг гурван давхар болгож өргөтгөсөн. Мөн 22,70 дугаар сургуулийн хуучин байрыг нурааж, шинээр барьж байгаа.
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Тахилтын амны сургууль энэ хичээлийн жилээс сурагчдаа хүлээж авна. Мөн шинээр хоёр сургууль ашиглалтанд орно. Өнгөрсөн хавар гурван сургууль ашиглалтанд орсон байгаа.
-Цэцэрлэгийн бүртгэл ирэх даваа гаригаас эхлэх нь. Зөвлөмж хүргүүлсэн байгаа гэсэн?
-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 99 мянган хүүхэд байгаа. Эдгээр хүүхдүүдийг харьяа дүүрэг, хороогоор нь цэцэрлэгт орох тоог нарийвчлан гаргаад баталчихсан. Үүнтэй холбоотойгоор зөвлөмж гаргасан.
Энэ дагуу цэцэрлэгүүд бүртгэлээ хийх ёстой. Одоогоор 99 мянган хүүхэд бүгд цэцэрлэгт хамрагдах боломжгүй байна. Эдгээр хүүхдийн 70 гаруй хувь нь хамрагдаж байгаа. Ихэнх цэцэрлэгүүд хүчин чадлаасаа давсан хэмжээнд ажилладаг. Тийм учраас ирэх оноос шинээр олон цэцэрлэг барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Манай боловсролын системд шүүмжлэлтэй хандах зүйл бий. Ер нь энэ салбарын шинэчлэлийн талаар хийгдэж байгаа ямар ажлууд байна вэ?
-Өнөөдөр бид боловсролын чанарын шинэчлэлийн асуудал дээр анхааран ажиллаж байна. Хүүхэд бүрийг хөгжүүлэх аяны хүрээнд өнгөрсөн жил сургууль бүр дээр “Авьяас”, “Ном” хөтөлбөрийг зохион байгуулсан.
Энэхүү аяны үйл ажиллагаа болон сургуулиудын өгсөн тайлангаас харахад багш, сурагчид маш өндөр сэтгэгдэлтэй байна. Тэгэхээр энэ ажил үнэхээр үр дүнтэй болж гэсэн үг.
Нөгөө талаас хүүхэд бүр өөрийн гэсэн ямар нэгэн авьяастай, түүнийгээ хөгжүүлж боломжтойг харуулж чадсан. Хөтөлбөрүүд энэ хичээлийн жилд үргэлжлээд явна. Манайх энэ жил бага ангийн боловсролыг хөгжүүлэх, дэмжих тал дээр нэлээд олон ажил хийхээр төлөвлөж байгаа.
-Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын сонгон шалгаруулалт анхаарал татаж байгаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэх бол?
-Хичээл эхлэхээс өмнө амжихгүй учраас ирэх есдүгээр сард багтан сонгон шалгаруулалт зарлана. Нийслэлийн Засаг даргын орлогчид саналаа хүргүүлсэн байгаа. Хуулиараа сургууль, цэцэрлэгийн удирдлагууд заавал сонгон шалгаруулалтанд орж байж томилогдох ёстой байдаг.
Гэтэл тухай үеийн улс төрийн албан тушаалтнууд шууд томилсон, тэтгэвэрт гарсан зэрэгтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн удирдлагын сонгон шалгаруулалтыг заавал хийх болсон.
-Энэ салбарт боловсон хүчний талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Үнэхээр багш нарын чанарын асуудал яригдаж байгаа. Гэсэн ч энэ нөхцөлд ажиллаж байгаа багш нартаа “баярлалаа” гэж хэлэх учиртай. Хийж байгаа хөдөлмөртэй нь харьцуулахад цалин, урамшуулал бага хэмжээнд байгаа нь үнэн. Багш нараа давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх тал дээр өнгөрсөн жил тодорхой ажлууд хийгдсэн.
Тухайлбал, бага ангийн 3000 багшийг сургалтанд хамруулсан. Чанартай боловсон хүчнээр хангахын тулд шинэ журам баталсан. Энэ журмын дагаа шинээр сургууль төгсч ирсэн багш нарыг дүүргүүд дээр нь сонгон шалгаруулаад тэнцсэн тохиолдолд ажилд авдаг болохоор болсон байгаа.
М.Янжинлхам
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

URL:

Сэтгэгдэл бичих