Д.Сүхбаатар иргэдээс 60 мянган ам.доллар залилжээ

Д.Сүхбаатар иргэдээс 60 мянган ам.доллар залилжээ

Өнгөрсөн онд “Дэлхийг тойрон аялагчдын клуб” төрийн бус байгууллагын захирал Д.Сүхбаатар нь иргэдийг залилан их хэмжээний мөнгө авсан хэрэг гарсан.

Тэрээр иргэдийг байгууллагадаа гишуүнээр элсүүлэн гадаадад аялуулж, суралцуулна хэмээн хүн тус бүрээс 205-385 ам.доллар авчээ. Тус хэрэг жил дамжин шалгагдаж байгаа юм.

Анхнаасаа луйврын сэдэлтэйгээр хэргийг үйлджээ

“Дэлхийг тойрон аялагчдын клуб” ТББ нь 2010 оны наймдугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, 8030979 регистерийн дугаар, 9072003110 улсын дугаартай гэрчилгээ авчээ.

Гэрчилгээн дээрээ үндсэн үйл ажиллагааны чиглэлээ “Эх орноо суртапчлах, аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулах, гишүүддээ дэмжлэг, туслалцаа үзүүлэх” хэмээн бичсэн байна. Д.Сүхбаатар нь АНУ-ын “Даймонд Холидэй” компанийн нэрийг барьж “Даймонд Холидэй Монголд” гэсэн вэб сайт нээсэн аж. Нэг үгээр бол нэрийг нь ашиглаж үйл ажиллагаа явуулсан гэсэн үг.

Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр тус хэргийн хохирогчид “Даймонд Холидэй” компанид “Танай компанийн Монгол дахь салбар дампуурчихлаа. Хохирлыг нь хэн төлөх вэ” гэсэн захидал илгээжээ. Гэтэл тус компани “Манай компаниас Монгол Улсад гишүүнчлэл байхгүй” гэсэн хариу ирсэн гэнэ.

Гэтэл энэхүү сайтаараа дамжуулан “санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэх вэ”, “интернэт орчинд хэрхэн мөнгө олох вэ” гэх мэтээр иргэдийг залилан гишүүнээр элсүүлсэн байна.

Улмаар эхний удаа нэг хүнээс 385 ам.доллар авч, хүн элсэхгүй болохоор элсэлтийн хураамжаа багасгажээ. Үүнээс гадна элсэгч дороо арван гишүүн элсүүлбэл 1000 ам.доллар, тэр арван хүн нь дахин арван хүн элсүүлбэл 10 мянган ам.доллар гэх мэтээр урамшуулал олгоно гэсэн байна.

Энэ мэтийн сүлжээний бизнес элсэгчгүй болохоороо дампуурдаг жамтай. Эхэнд элссэн хүмүүст ашгаа өгч, сүүлд элсэгчид хохирдог. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа шиг 380 хүн хохирогчоор мэдүүлэг өгөөгүй байна. Маш олон хүний нэр сайтад нь бүртгэлтэй байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар эх сурвалжийн хэлснээр 70 хүн мэдүүлэг өгөөд байгаа аж.

Тиймээс хохирогчдыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа юм байна. Ер нь Пирамид хэлбэрийн сүлжээ ямар ч тохиолдолд дампуурдаг учраас анхнаасаа луйврын шинжтэйгээр үйлдсэн гэдэг нь тогтоогджээ. Түүнчлэн гишүүнээр элсэн орж байгаа хүмүүс хурдан хугацаанд урамшуулал авах гэсний үүднээс хамаатан садан, найз, нөхдийнхөө бичиг баримтыг ашиглан өөрөө элсэлтийн хураамжийг нь төлж элсүүлсэн байжээ.

Тиймээс толгой улсууд нь завшиж үүний цаана хураамж төлсөн олон хүн хохирчээ. Энэ нь хэргийг тогтооход улам хүндрэлтэй болгодог байна. Одоогоор хэргийн хохирлын тооцоо нь 60 мянган ам.доллар байгаа аж. Бидэнд олдсон мэдээллээр хэргийн материал хангалттай цугларсан байгаа учраас хохирогчид нэмж ирэн мэдүүлэг өгөхгүй бол хэргийн материалыг танилцуулж, прокурорт шилжүүлэх гэнэ.

Тиймээс энэ хэргийн хохирогчид Улсын мөрдөн байцаах газарт яаралтай хандах хэрэгтэй байгааг энэ дашрамд дуулгая.

400-гаад хүнийг залилсан Д.Сүхбаатар гэж хэн бэ

Тэрээр 1970 онд төрсөн. Өмнө нь Цэргийн их сургуульд багшилж байсан бэлтгэл хошууч цолтой нэгэн юм байна. Д.Сүхбаатар өмнө нь мөн л залилангийн хэргээр Эрүүгийн хуулийн 148.3.5 дугаар зүйлээр зүйлчлэгдэн таван жил хорих ялаар шийтгүүлж байсан. Үүнээс гадна тэр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст байцаагчаар ажилладаг Д.Отгонжаргал гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байсан гэнэ.

Д.Отгонжаргал албан ёсоор гаргаж өгсөн тайлбартаа “Хамтран амьдрагч Д.Сүхбаатарын бизнест оролцдоггүй байсан. Бид хамтран амьдрах хугацаанд Д.Сүхбаатар өөрийгөө бизнес эрхэлж байгаа л гэдэг байсан. Тиймээс сайхан амьдарна гэж итгэж байсан болохоос миний нэр, ажлыг барин иргэдийг залилна гэж бодоогүй” гэсэн аж.

Харин түүнийг энэ удаа бусдын эд хөрөнгийг мэхэлж авах, завшиж үрэгдүүлсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148. 4 дүгээр зүйл ангиар зүйлчлэн 10-15 жил хорих ялаар шийтгэх юм байна. Өнөөдрийн байдлаар тэрээр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр баривчилжээ.

Гэсэн хэдий ч тэрээр иргэдээс ийм их хэмжээний мөнгө аваагүй хэмээн гүрийсээр байгаа төдийгүй иргэдээс элсэлтийн хураамж гэх нэрээр мөнгө авахдаа заримд нь баримт үйлдэж өгөөгүй байна.

Хохирогчдыг их мөнгө олно хэмээн итгүүлж залилжээ

Хэргийн мөрөөр нэгэн хохирогчтой холбогдсон юм. Тэрээр тус төрийн бус байгууллагын зарыг III, IV хорооллын эцэст явж байхдаа зарын самбар дээрээс харсан аж.

Улмаар Д.Сүхбаатартай уулзахад үйл ажиллагаагаа танилцуулаад, их хэмжээний орлого олох боломжтой гэсэн байна. Хохирогч Н түүнд итгэж 2011 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 460 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийжээ. Харин тухайн үед мөн хохирогч Э нь 375 мянган төгрөг, хохирогч Н нь 200 долларын элсэлтийн хураамж төлсөн гэсэн юм.

Г.Баярцэцэг /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих