Елена Исинбаева: Би гэр бүлдээ анхаарах цаг ирсэн, дараа нь…

 Елена Исинбаева: Би гэр бүлдээ анхаарах цаг ирсэн, дараа нь…

Волгоград хотын эгэл жирийн бяцхан охин дөнгөж таван настай байхдаа өөрийн дүүгийн хамт уран гимнастикийн сургуульд орж байсан нь өдгөө түүний амьдралыг өөрчилнө гэж төсөөлөөгүй байх.

Харин түүний эцэг Гаджи Гаджиевич Исинбаев том охиноо гимнастикийн төрөлд амжилт гаргана гэдэгт итгэж байсан талаар Бээжингийн олимпийн дараа хэвлэлийнхэнд ярьжээ.

Бусдаас аль болох өөрийн нулимсаа нуух олон шалтгаан түүний сэтгэл зүрхэнд байдаг бололтой. Хэн нэгнийг гомдоож байсан ч юм уу, хэн нэгэнд өртэй юм шиг байнга л ойр дотныхондоо гэнэтийн бэлэг сэлт авч өгч баярлуулдаг аж.

Түүний ээж Наталья Петровна Исинбаева охиндоо маш их хайртай. Бага байхад нь түүний хувцас хунарыг байнга угаан өглөө хичээлдээ явахад нь өглөөний цай, бэлтгэлийн хувцасыг бэлдээд тавьчихсан байдаг байжээ.

Орой гэртээ ирэхэд нь Исинбаева “Миний охины бэлтгэл хэр байна. Багш нь шинэ зүйл юу зааж байна, ямар нэг зүйлийг хийхдээ үргэлж чин сэтгэлээсээ хийж байгаарай” хэмээн зөвлөдөг нэгэн гэнэ.

Аав нь бөх, боксоор хичээллэдэг байсан бол ээж нь сагсан бөмбөг, цанын спортоор хичээллэдэг байжээ. Мэргэжлийн хувьд Волгоградын Биеийн тамир, спортын улсын академийг биеийн тамирын багш мэргэжлээр дүүргэсэн ч өдгөө бэлтгэл сургуулилтаас өөр зүйл анхаарлаа хандуулалгүй өдийг хүрсэн.

Еленаг анх 15 настай байхад нь түүний багш Александр Лисовой зурагтаар уран гимнастик болон уртын харайлтын тэмцээнийг үзээд хөнгөн атлетикийн багш Евгений Трофимовад уртын харайлт болон бусад хөнгөн атлетикийн төрөлд амжилт гаргах магадлалтайг зөвлөжээ.

Ингээд 1998 онд Елена Москва хотноо болсон хөнгөн атлетикийн олон улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж багш, дасгалжуулагчийнхаа урмыг хугалаагүй юм. Түүний нас, бэлтгэл сургуулилт өсөх тусам амжилт нь дагасаар байсан билээ. Жишээ нь, 1999 онд 4.10 байсан бол 2000 онд 4.20, 2001 онд 4.40, Берлинд болсон тэмцээний үеэр 4.46 гэх мэт амжилт нь өөд тэмүүлсээр байв. Ийнхүү тэрбээр анхны олимпт орох эрхээ авч, аварга цол хүртэж байлаа.

Гэр бүлийн хамт Елена Монако улсын нийслэл Монте-Карлод маш олон жил амьдарсан ч 2011 оны гуравдугаар сард эцэг эх нь төрөлх Волгоград хотод суурьшсан. Энэ бүхнийг өөрийн спортын амжилт багш дасгалжуулагчаас үл хамааран гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ хамт цагийг өнгөрөөх зорилготой байсан талаар тайлбарласан юм.

Тэрбээр олимпийн хошой аварга, ОУХАХ-ны 2004, 2005, 2008 оны дэлхийн шилдэг эмэгтэй хөнгөн атлетикч, Лоуреусын 2007, 2009 оны дэлхийн шилдэг эмэгтэй тамирчины өргөмжлөлтэй ч амьдрал нь нэг л санаснаар болж өгөхгүй байсан талаар аавдаа өгүүлсэн удаатай.

Спортын карьерийн хувьд уруудах шатандаа орсон түүний хувьд 31 нас гэдэг ахадмаар ч бахдам амжилт үзүүлсээр байгаад багш, дасгалжуулагч Виталий Петров гайхсаар байдаг гэжээ. Эмэгтэй хүний амьдрал 30-аас эхэлнэ гэдэг өнөөгийн нийгэмд багагүй хүндрэл учирна гэдгийг түүний ээж зөвлөсөн бололтой. ОХУ-ын Москва хотод болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тулгуурт харайлтад амжилттай оролцоод зодог тайлна гэдгээ амлаад байсан ч “Энэ шийдвэрээсээ буцаж магадгүй” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Би Рио хотод очиж үзмээр санагдаад байх чинь” хэмээн хэвлэлийн бага хурлын дараа инээмсэглэсэн ярьсан байна.

Гэр бүлийн амьдралд анхаарлаа хандуулж, үр хүүхэдтэй болсоны дараа их спортод эргэн ирэх талаар ярьсан ч энэ бол түүний эцсийн шийдвэр биш. Дасгалжуулагч нь түүнийг “Дараагийн Дэлхийн аварга хүртэл боломж бий. Гэхдээ энэ бол түүний л шийдэх асуудал” гэжээ. Гэр бүлийнхэн нь түүнд үнэтэй зөвлөмж өгч, хэсэг хугацаанд гэр бүлдээ анхаарч, амьдралаа төвхнүүлсний дараа хүссэнээрээ өөрийн хайртай спортоор хичээллэж болох аргыг зөвлөсөн. Харин хэвлэлийнхэн түүний талаар янз бүрийн мэдээ, мэдээлэл цацсаар байгаа юм. Хэрэв түүнийг их спортоо орхин нэг, хоёр жил бэлтгэл сургуулилтгүй өнжвөл дахин амжилт олоход хэцүү байдалд орох магадлалтай талаар онцолжээ.

Эцэг нь охиноо өөрийн гэр бүлийнхэнтэй илүү ойр байлгахыг хүсдэг аж. Тиймдээ ч тэрбээр өнөөдрийн энэ бүх шийдвэрүүдийг эцгийнхээ үгээр, зөвлөмжүүдээр дагаж байгаа гэдэгт хэвлэлийнхэн итгэлтэй байдаг. Тэр бол ОХУ-ын ойрын 50-100 түүнээс ч олон жилийн билэг тэмдэг, бахархал юм. Дэлхийн хөнгөн атлетикийн түүхэнд, тэр дундаа тулгууртай харайлтын түүхэнд түүн шиг 28 удаагийн рекорд тогтоож чадах эмэгтэй тамирчин төрөхгүй л болов уу. Гайхамшигтай гэхээс өөр үг олдоогүй түүний дасгалжуулагч Виталий Петров энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний үеэр шавь нь алтан медаль авах мөчид нулимсаа барьж дийлээгүй. Нутаг нэгтэй табасаранчууд нь бахархаж сууна.

Хөнгөн атлетикийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Оросын тамирчин Сергей Бубка дэлхийн дээд амжилтыг 35 удаа тогтоосон. Е.Исинбаева энэ амжилтыг эвдэх зорилго тавиад байсан. Энэ амжилтыг эвдэхийн тулд түүнд ганц л олимп, дэлхийн чансааны тэмцээн хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тойргийн тоглолт болон медалийн өрсөлдөөн гээд рекорд амжилтыг ээлж дарааллан эвдэх цаг боломж бий. Ямартай ч, гэр бүлийн амьдралаа төвхнүүлсэний дараа спортын амжилтаа үргэлжлүүлж чадах эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй.

Тэр анхнаасаа л тааварлашгүй байсан. Түүнийг ингэх байх, тэгэх байх гэх зуур бусдыг гайхшруулсаар ирсэн. Лондонгийн олимпийн дараа хүрэл медаль хүрчихээд сэтгүүлчдэд инээмсэглэн “Хэрэв би өнөөдөр ялалт байгуулсан бол нүүр бардам их спортоо орхих байлаа. Хөнгөн атлетикийн түүхэнд нэг ч эмэгтэй тамирчин гурван олимпод дараалан ялалт байгуулж, алтан медаль авч байсан түүхгүй. Харин би хүрэл медаль хүртээд өөрийн хайртай спортыг орхих бодолгүй байна” гэсэн нь түүнийг ямар их сэтгэлийн хатуужил, тэвчээртэйг дэлхий нийтэд харуулсан.

Еленагийн эцсийн зорилго 5.20 метрийн өндөрт харайх. Олимп, дэлхийн аваргад энэ амжилтыг давж гарахгүй бол бэлтгэл дээрээ ч гэсэн давж гарах зорилго тавьсан талаар өмнө нь өгүүлж байсан юм.

Б.Баатар 


URL:

Сэтгэгдэл бичих