Цэцэрлэгийн бүртгэл эхлэхэд тав хоног үлдлээ
Цэцэрлэгийн насныхныг бүртгэх, сургалтын судалгаа улсын хэмжээнд явагдаж байна. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхзаяагаас тодрууллаа.
-Цэцэрлэгийн бүртгэл хэзээ эхлэх вэ?
-БШУ-ы сайд Л.Гантөмөр цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 19-28-ны хооронд явуулах шийдвэр гаргасан. Тиймээс бүртгэлийн хугацаанд эцэг, эхчүүд өөрийн боломжтой цагтаа цэцэрлэг дээр очиж баталгаажуулахад хангалттай. Бүртгэл өдөр бүр ажлын цагаар явагдана.
-Бүртгэлийн хугацаанд эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлж амжих уу?
-Нэг цэцэрлэгт дунджаар 20-60 хүүхдийг л шинээр элсүүлж бүртгэнэ. Иймд ямар нэгэн урт дараалал үүсэхгүй.
-Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдийн хэдэн хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаж байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд 2-5 насны 240 гаруй мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаа. Үүнээс улсын бүртгэлтэй 945 цэцэрлэгт 180 гаруй мянган хүүхэд хамрагдаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төр, төрийн бус цэцэрлэгт нийт 65 мянга 665 хүүхэд хамрагдсан. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 60-70 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, 30-40 хувь нь хамрагдаж чадахгүй байна. Учир нь цэцэрлэгийн хүртээмж бага, одоо ашиглагдаж байгаа барилгууд нь чанарын шаардлага хангахгүй болсон, төрөлт харьцангуй нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалж, цэцэрлэгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа юм.
-Цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хэр байгаа вэ? Шинээр хичнээн цэцэрлэг баригдаж байна?
-Бид зарим нэг зохицуулалт хийж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд цэцэрлэгүүд хүчин чадлаасаа илүү хүүхэд авч байгаа. Анги дүүргэлт стандартаасаа давсан байдалтай байна. Энэ жил шинээр дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно. Тухайлбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд гэхэд Канад технологийн барилга баригдсан.
-Цэцэрлэгийн насныхны эрүүл мэндийн шинжилгээний бичиг авахад эцэг эхчүүдэд хүндрэлтэй байдаг. Энэ тухайд?
-Өмнөх жилүүдэд хүүхдийнх нь шээс, цагаан хорхойны шинжилгээг эцэг эхчүүдээс нэхдэг байсан. Харин энэ жил нэгдсэн байдлаар шинжилгээгээ өгнө. Салбарын сайдаас хавар тавдугаар сард албан даалгавар ирүүлсэн. Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн эрхлэгч нарт зориулсан элсэлтийн зөвлөмж гаргасан. Одоо энэхүү зөвлөмжөө тараахаар бэлдэж байна. Зөвлөмжид бүртгэлийн үеэр хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэглэл, эрүүл мэндийн шинжилгээний бичиг, төлбөр хураамжийг авахгүй байхыг тусгасан.
-Цэцэрлэгүүд зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг бүртгэх болсон. Харьяалал бус хүүхдүүд хэрхэн бүртгүүлэх вэ?
-Цэцэрлэгүүд бүртгэлийн ажлыг явуулахдаа өмнө нь тухайн цэцэрлэгт хамрагдаж байсан дунд, ахлах, бэлтгэл бүлэгт орох хүүхдүүд хамран сургах тойргийн харьяа бус байсан ч үргэлжлүүлээд явж болно. Хамран сургах тойрог нь шинээр элсэх хүүхдийн хувьд л хамааралтай юм.
-Бүртгүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Хүүхдийн төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар байхад болно.
Ж.Болор
МОНЦАМЭ
URL: