Г.Буяндоржийг мөнгө угаасан хэрэгт сэжиглэжээ
“Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг цагдаагийнхан эрэн сурвалжлаад долоо хонож байна.
Цахим хуудаст тэрээр “Сэлэнгэ аймагт наадамд оролцоод явж байна. Удахгүй очиж хэвлэлийн хурал зарлана” гэснийг эс тооцвол хаана байгааг нь мэдэх хүн алга. Хуулийнхан одоогоор гэрийг нь битүүмжилж, хаалган дээр нь зарлан дуудах наажээ.
Тэдний мэдээлснээр Г.Буяндоржийг“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг ашиглан мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэж байгаа бололтой. Тэрээр БНХАУ-ын нэгэн иргэнээс хүдрийн баяжмал нийлүүлнэ хэмээн их хэмжээний мөнгө авчээ.
Гэвч нэг ч килограмм хүдэр нийлүүлээгүй учраас хятад эр цагдаагийн байгууллагад Г.Буяндорж өөрийг нь мэхэлсэн, мөнгө угаасан тухай гомдол гаргасан байна. Түүнтэй холбоотой гомдол ирсэн учраас байцаалт өгөхийг хуулийнхан удаа дараа шаардсан ч нэг ч удаа очоогүй байна. Энэ хэргийг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан шалгаж байгаа нь анхаарал татаж буй.
Тиймээс Г.Буяндорж цагдаа, хуулийн байгууллагын ажилтнуудтай хамтран дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх хардлага байгаа юм.
Д.Гэрэл
Зууны мэдээ
URL: