Ц.Оюунбаатар: Н.Энхбаярыг цагаатгах нь цаг хугацааны асуудал
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатарыг урилаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллагдах үеэр намын гишүүд, дэмжигчдийн олонхи нь очсон, зарим нь харагдаагүй. Тэрхүү харагдаагүй нөхдүүдийг “хүний мөс муутай” хэмээн сайтууд “чимхсэн” харагдсан. Та тэр үеэр хаана байв, тэр мэдээллийг өмнө нь сонссон байв уу?
-Тэр үеэр би хэд хоног рашаанд амарч явсан. Мэдээллийг тэр өдөртөө авсан. Мэдээж тэр хүн Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын даргаар ажиллаж байсан. Ялангуяа Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжин ороход түүхэн үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Тиймээс түүнийг Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсанд нь хувь хүний зүгээс баярлаж байна. Харин хуульчийн зүгээс, мэргэжлийн хүний хувьд асуудлыг авч үзэхэд уучлал гэдэг нь хууль зүйн зөрчилтэй.
Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны үүрээр 400-500 цагдаагийн хүчээр дайчлан баривчлах үйл явц УИХ-ын сонгуулийг зарлахаас арав, сонгууль болохоос нэг сарын өмнө болсон. Үйл явдлын давхцал, зохион байгуулалт, зохицуулалтаас авч үзэхэд тэр үйл явдал улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа байсан. Н.Энхбаяр гэдэг хүнд холбогдох асуудлыг би хүний эрхийн хуульч, мэргэжлийн чиглэлээрээ 1983 оноос өнөө хүртэл ажилласаны хувьд, мөн тэр хүнтэй ойр ажиллаж байсны хувьд, МАХН гэж улс орны тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг авчирсан намын байр суурьт үнэнч байдаг байдгийнхаа хувьд би нэлээн гүнзгий судалсан. Хэвлэл мэдээллээр ч улиг болтлоо ярьсан зүйл л дээ.
-Хэрэг үүсгэсэн үндэслэлүүдийг та хууль эрх зүйн талаас нь хэрхэн дүгнэж байна?
-Анх таван асуудлаар Н.Энхбаярыг буруутгаж, хир халдааж, шоронд хорьж мөрдсөн үйл ажиллагаа эхнээсээ авахуулаад мэргэжлийн хуульч хүний хувьд дүгнэж хэлэхэд гэмт хэргийн шинж чанартай асуудлууд үндсэндээ байгаагүй. Голдуу хов живийн чанартай, сэжиг таамаг, хардлагын үндсэнд хийгдсэн үйл ажиллагаанууд байсан. Үүнийг ч 2012 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүх дээр болсон шүүх хурлын үйл явцыг нээлттэй дамжуулсан телевизийн нэвтрүүлэг, шууд сурвалжлага хийсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд тодорхой харуулсан. Тиймээс дотроо бодолтой, ухаантай хүмүүс за энэ ч дээ, улс төрийн хүрээнийхний хоорондын зөрчил, тэмцэл юм байна гэдгийг мэдэрсэн. Тийм ойлголтыг бараг бүх монгол хүн авсан байх. Хоёр өдрийн шүүх хурлын нээлттэй нэвтрүүлэг бол үнэхээр монголчуудад их зүйлийг тодорхой ойлгуулж харуулж өгсөн. Түүнд академич, хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл гуай асар чухал үүрэг гүйцэтгэсэн.
-Уучлаарай, ингэж хэлэхээр чинь “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг сайхан өмгөөлсөн гэх гээд байна уу” гэх зэргээр зарим хүн эсрэгээр нь ойлгох байх. Энэ үгийг та яг ямар утгаар хэлж байна?
-Мэдээж, би гэмт хэрэг хийсэн хүнийг сайхан өмгөөлсөн гэсэн утгаар хэлээгүй. Шүүх хурлаар Солонгосоос онгоцонд ачигдсан тэр номыг Н.Энхбаяр гэдэг хүн ачуулаагүй, түүнтэй огт хамаагүй гэдэг нь тодорхой байсан шүү дээ. Бусад асуудлууд ч тодорхой байсан. Тэр байтугай хамба лам юм уу, Т.Билэгт ч юм уу аль нэг нь Н.Энхбаяр хувьчлалын үйл ажиллагаанд биечлэн оролцсон, бичгээр үүрэг даалгавар өгсөн, бүр утас шөрмөсөөр дарамталсан гэж нотлоогүй бодитой зүйл нэг ч байдаггүй. Нотлох баримтуудаар тогтоочихсон юм байхгүй. Нэгэнт бүрдүүлээд ирсэн шууд бус хүмүүсийн яриа гэдэг юм уу, дам сургаар хэргийн анхан шатны шүүх хурлыг шийдсэн. Энэ нь манай шүүн таслах практикт ихээхэн сөрөг үр дагавартай. Зөв дүгнэлт хийх ёстой шүү дээ. Анхан шатны шүүх дээр хийсэн тэр зүйлийг давж заалдах шатны шүүх дээр хэвээр нь үлдээж байгаад тэр чигээр нь явуулсан. Харин Улсын Дээд шүүх миний ойлгож байгаагаар “хаданд хавчуулагдсан халиуны зулзага” гэдэг шиг үнэхээр өөрийн бололцоогоор хагасыг нь хэрэгсэхгүй болгосон. Үнэндээ бол цагаатгах ёстой шүү дээ. Тэгээд хэрэгсэхгүй болгосон гурван асуудлаасаа ч долоон дор хоёр асуудалд хэрэг үүсгэсэн. 2 жил зургаан сарын ялтай үлдээсэн. Нэгэнт тодорхой болоод хэрэгсэхгүй болсон зүйлүүдийг одоо яриад яахав. 100 гаруй компани “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийсэн, өнөөдөр 500 тэрбум гаруй төгрөгийн авлага байгаа юм билээ. Түүнээс гурвыг сугалж авчраад Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоод л, тэр хүн өөрөө очиж гэрээ хийгээгүй шүү дээ. Гэтэл хүчээр наах гэж оролдсон, тэгэхээр хэрэгсэхгүй болохоос яах вэ. Компанийн захирлуудыг шийтгээд дараа нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг шийтгэх ёстой. Эцэст нь тэр нөлөөлсөн нөхрийг олж ирэх ёстой байхгүй юу. Эрүүгийн хуулийг хийлцсэн, түүний нэг автор нь учраас би үүнийг олон арав дахин хэлж байгаа.
-Телевиз байгуулсан гээд баахан ярьсан, тийм асуудлаар буруутгадаг бол өнөөдөр монголд олон телевиз байгаа шүү дээ. Эзэд нь гээд улс төрчид голдуу бий?
-TV-9 телевизийн асуудал бол бэлэглэлийн гэрээ гээд үнийнх нь талыг өгөөд авсан зүйл. Нэгэнт тэгээд авсан бол арван хэдэн жилийн өмнөх тэр асуудлыг яриад байх шаардлагагүй шүү дээ.
-Тэгвэл, түүнээс дор хоёр асуудлыг үлдээсэн гэж та түрүүн онцолсон. Тэр талаар ямар байр суурьтай байгаагаа тодруулахгүй юу?
-Хэвлэх үйлдвэр гэж ярьдаг, “Улаанбаатар таймс” сонин ч гэдэг, тэр асуудал байна. Үүнийг үнэхээр шударга байр сууриас аваад үзэх юм бол газрын төлөөх маргаан. Хувьчлалд Н.Энхбаяр гэдэг хүний дүү иргэний шугамаар оролцсон бол тэр хүнтэй л ярих учиртай. Түүнээс Н.Энхбаяр яаж оролцсон гэдгийг тогтоох тухай яриад байдаг. Оролцсон байх ёстой гээд буруутгаад байдаг. Үндсэндээ энэ асуудалд нураад ойчсон барилга хамаагүй, газрын асуудал л бий.
Гэтэл Монголын бүх хувьчилсан газрууд, Чингис зочид буудал ч байна, Улаанбаатарын том том газруудыг нэгийнх нь ч асуудлыг газрын үнэлгээнд оруулж шийдээгүй. Тэгэхээр энэ асуудал төрийн мэдэлд байгаа учраас төр өөрөө шийдэх бололцоотой байсан. Дээрээс нь хувьчлалын байгууллага нь шийдээд явчихдаг. Олон арван ийм асуудал бий. Багануурын цахилгаан станцыг хувьчлаад буцааж аваад л. “Өргөө” зочид буудлын талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай маш тодорхой хэлсэн шүү дээ. Нэг орцтой арваад өрөөтэй зочид буудалд хөрөнгө оруулалт хийжээ. Төрийн өмчийнх нь хөрөнгө оруулалт бага үнэлэгдсэн гэж үзэж байгаа юм байна. Гэтэл тэр нь орон нутгийн өмч гээд байж л байгаа шүү дээ. Тэгэхээр аль ч өнцгөөс нь авч үзсэн энэ бол хэрэг биш. Авчихсан биш. Өмчлөлийнх нь эзэмшиж байгаа хувь нь их, бага байна гэх юм бол хуралдаад эрх бүхий байгууллагууд нь шийдчихнэ. Төрийн өмчийнх нь түүнийгээ нэмэгдүүлээд хувийн өмчийнх нь хөрөнгө оруулалтаа багасгаад ч юм уу шийдчихдэг зарчимтай. Ялангуяа пост коммунист орнуудад гарсан өмч хувьчлалын маргаантай асуудлыг шийддэг зарчмыг харахад ийм байдаг. Бүх өмчөө ингэж хувьчилсан атлаа гэнэт нэгийг сугалж аваачаад чи энэ дээр албан тушаалаа ашигласан байна гэж болохгүй. Ингэж үзэж байгаа бол түүнийгээ нотлох хэрэгтэй.
-Т.Билэгт ирээд саяхан мэдүүлэг өглөө. Тэр нь Н.Энхбаярын үйлдсэн гээд байгаа тэр хэрэгт ямар нэгэн холбоотой гэж ярьж, бичиж байгаа шүү дээ?
-Тэр ямар ч ач холбогдолгүй.
-Яагаад?
-Урьдчилаад шийдчихсэн шүү дээ. Бүр хэргийг тасалчихсан, 2.8 жилээр. Араас нь Т.Билэгт “Энэ хүн 100 хувь гэм буруугүй шүү “ гэж зарлаад ч нэмэргүй, яах вэ цагаатгалд нь хэрэгтэй байж мэдэх юм даа.
-Н.Энхбаярын гэрийг нэгжсэн нь ямар учиртай байсан юм бол?
-Тэр асуудлаар байцаалт авлаа ч, нэгжлэг хийсэн ч нэгэнт тасалсан хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Эчнээгээр шийдчихсэн байна шүү дээ, урьдчилаад. Зүй нь Сүхбаатар дүүргийн шүүх хуралд Т.Билэгт гэдэг хүн ирж оролцоод Н.Энхбаяр ингэсэн, тэгсэн гээд бичгээр, амаар нотлох ёстой. Хариуцсан хүний хувьд Т.Билэгт эхэлж хуулийн хариуцлага хүлээгээд дараа нь хотын бусад дарга нарт хариуцлага тооцоод эцэст нь Н.Энхбаяртай асуудал ярих байсан шүү дээ, үнэхээр л ярих гээд шийтгэх гээд байгаа юм бол. Монголын хуулийн салбарт баримталж байгаа практик ийм л байгаа.
-Таныг нэг талыг бариад байдаггүй, шударга хуульч гэж олон нийт үнэлдэг. Одоо ч тэр л байр сууриас дүгнэлт хийж байгаа гэж итгэж болох уу?
-Таны асуултад хариулж буй зүйлүүдийг би хэн нэгэнд зусардан бялдуучилж эсвэл өмгөөлөн хамгаалж хэлж буй юм биш. Би хэзээ ч тэгж яваагүй. Нам дотроо жигүүр байгуулж, шударга үгээ хэлж явсан хүн. Өнөөдөр ч тэр л байр суурьтаа байгаа, тэр л үүднээс хэлж, ярьж байгаа. Олон хүн ярьдаг л даа, засгаас нь ажил аваад л гээд. Би тийм юманд оролцоогүй, огт оролцохгүй. Би хаана ч нүүр бардам хэлнэ ээ, үүнийг.
-Тэгвэл, Н.Энхбаяр хэлмэгдсэн, үгүй гэдэгт шударга хариулт өгөөч?
-Тэр хүн хэлмэгдсэн. Хэлмэгдэх, хэлмэгдэхдээ ноцтой хэлмэгдсэн. Хэлмэгдэл олон янз байдаг. Хэлмэгдэл заавал шүүхээр шийдэж, гэмт хэрэгт холбогдуулаад шоронд хорьж хэлмэгдүүлж болно. Нэр төрийг нь гутааж хэлмэгдүүлж болно. Ц.Лоохууз, Б.Сурмаажав нарыг цөлж хэлмэгдүүлсэн гэх мэтээр хэлмэгдүүлэлт олон төрөл байна. Гэхдээ Н.Энхбаярын хувьд цагдаа, хууль хяналтынхан хэлмэгдүүллээ, улс төрийн байгууллагын хувьд хэлмэгдүүллээ, шүүхээр үндэслэлгүй ял өгч хэлмэгдүүллээ.
-Цагаатгах ёстой гэж та үзэж байгаа юу?
-Цагаатгах ёстой. Эрт, орой хэзээ нэгэн цагт цагаатгах байх. Гэхдээ би аль болох ойрын үед цагаатгаасай гэж бодож байна. Олон улсын байгууллага, хүний эрхийн байгууллагууд энэ асуудлаар ажиллах ёстой. Түүнээс өнөөдөр тэр хүнийг байж болохгүй чөтгөр байсан гэж муулаад, эсвэл бурхан байсан гэж магтаад гүйж байгаагийн аль алийг би таашаадаггүй. Үүнийгээ ч ил тод хэлчихдэг. Өөрт нь ч хэлдэг. Би шударга байр суурьтаа байна. Цаашид ч ийм л байна.
-Та түрүүн уучлал хууль зүйн хувьд зөрчилтэй гэсэн. Тодруулахгүй юу?
-Өнөөдөр Монголд үйлчилж байгаа хууль тогтоомжоор уучлал, өршөөл нь гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарагддаг. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөд Төрийн тэргүүнд хандаж бичгээр уучлал гуйсан тэр ялтанд Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлдэг. Тэр бол нэг хүнд, бие хүнд үзүүлж байгаа уучлал, өршөөл юм. Өршөөл нь хууль тогтоох байгууллагаар нийтийг хамарсан хууль гаргаж хэрэгжүүлдэгээрээ ялгаатай. Тэгэхээр Ерөнхийлөгчөөс Н.Энхбаярт уучлал үзүүлсэн нь хууль зүйн талаасаа мэдээж зөрчилтэй. Ялангуяа гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт гүтгэгдсэн, хэлмэгдсэн гэж үзэж байгаа тэр хүний хувьд, өмгөөлөгчдийнх нь хувьд, цаашилбал хүний эрхийн байгууллага хуульчдын хувьд асуудлыг цаашид гүнзгийрүүлэн авч үзэх, цагаатгах нь гарцаагүй.
-Өөрөө хүсээгүй байхад уучлал үзүүлж болдог юм уу?
-Тэгэхээс аргагүй нөхцөл байдалд хүрсэн.
-Сүүлийн үед Монголын нийгмээс та юу анзаарч байна вэ?
-Монголчууд шударга бусаар, зальхай аргаар албан тушаалд хүрдэг асуудал их гарч байгаа. Тэгвэл эсрэгээрээ монголчуудын суурь ухаан, шударга зан байдлыг би хэд хэдэн зүйлээс анзаарч ажиглаж байгаа.
-Тухайлбал?
-Би түрүүн С.Нарангэрэл академичийг хэлсэн. Н.Энхбаяр яаж хэлмэгдсэнийг хууль зүйн үндэслэлтэйгээр олон нийтийн өмнө шударгаар гаргаж тавьсан шүү дээ, тэр хүн. Бусад өмгөөлөгч нар ч мөн адил үүргээ гүйцэтгэсэн. Хоёрдугаарт, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай удаа дараа өөрийн байр суурийг илэрхийлсэн, “Энэ бол гэмт хэргийн үнэртэй юм алга даа, хүүхдүүд ээ” гэж. Тэр хүн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. Монголын нийгмийг ардчилахын төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэсэн ахмад буурал үнэнийг удаа дараа хэлж байгаа.
-Д.Бямбасүрэн гуай руу давшилсан коммент интернэтэд олон таарсан?
-Би харсан. Бас өөр рүү нь дайрч давшилсан тэр олон комментийг интернэтээс хараад “хорссон хүмүүс дайрч давшилж байгаа юм байна гэж ойлгож байна” гэж Д.Бямбасүрэн гуай хэлсэн байна лээ. Тэр ч үнэн байх.
-Эцэст нь нэг асуулт байна. Өршөөлийн хууль юу болсон бэ?
-Намрын чуулганаар хэлэлцүүлнэ. Хүнд, хөнгөн хэрэгт ял шийтгүүлсэн ялтнуудыг аль болох өршөөлд хамруулахаар хуулийн заалтад тусгасан байгаа. Өнөөдөр улс орны бүтээн байгуулалт ямар байгаа билээ. Гэтэл ажиллах хүч ямар байна вэ. Олон мянган ажиллах хүч, дандаа ид хөдөлмөрийн насны сайхан залуучууд шоронд хоригдож байна шүү дээ. Мэдээж гэмт хэргийн гарсан нөхцөл шалтгаан, зүйл анги, хүмүүжиж буй байдал гээд олон асуудлыг холбогдох байгуулагууд судалж тогтоосны үндсэнд өршөөлд хамруулна.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
Зууны мэдээ
URL: