Нүүрээ дутуу угаагаад байх шиг

20130706154614Морьтон монголчууд Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоолоо хэмээн өнгөрсөн долоон хоногийн турш бөөн хөл хөөр болов.

Харин монголчууд бидэнд мориноос гадна Гиннесийн амжилтыг шинэчлэх өөр нэг зүйл бас байна аа. Энэ нь юу гэвэл хог. Монголын зун богинохон болдгийг ч хэлэх үү, иргэдийн хувьд урин дулааны улиралд аль болох хөдөө, орон нутгаар аялж, амарч өнгөрүүлэхийг хичээдэг.

Өвлийн турш хар утаа баахан залгилж, хахаж, цацах юм чинь аргагүй биз дээ. Харамсалтай нь голын эргээр хөл нүцгэн зугаалах тийм боломж, бололцоо алга. За яах вэ, хот хүрээнд ойрхон Туул гол бол хэзээнээсээ хог новшиндоо дарагдаад, жил ирэх бүр усны түвшин нь багасч буй. Туул голоо хамгаалах аян өрнүүлсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Гэтэл Орхон голын эрэг дээр очоод хөл нүцгэн алхах гэтэл энд тэндгүй хог, новш, хүний ялгадсаар дүүрсэн байхтай таарлаа. Уг нь Улаанбаатар хотоос хэдэн зуун км-ийн алсад орших Орхоны хөндий шүү дээ. Гэхдээ хог болон бусад бохирыг голын урсгал эрэг дээрээ гаргаж хаяагүй. Амрагчид, аялж, зугаалж яваа иргэдийн тарьсан хог. Уг нь Монгол хүн гол усанд бохир зүйл оруулахыг хэзээнээсээ цээрлэж ирсэн уламжлалтай ард түмэн. Тэр ч бүү хэл сүү хутгасан шанагаар голын уснаас хутгахыг цээрлэдэг.

Гэтэл голын эрэг бүхэлдээ хүний ялгадас, элдэв бохир зүйлсээр дүүрсэн байх юм. Хаа нэгтээ ариун цэврийн хэрэглэл, за ОО -ын цаас бол энд тэндгүй хадаг шиг л намирч харагдах. Энэ бүхнээс үүдээд нэг л зүйл сэтгэлийг минь чилээсэн нь монголчууд бидний сэтгэхүй. Өнөөх хятадуудад биеэ үнэлсэн гэх бүсгүйн толгойтой үсийг нь хусах биш сэтгэхүйг нь өөрчлөх хэрэгтэй хэмээн бичиж, жиргэж байсан шиг. Сэтгэлгээний хувьсал хийх цаг нь болчихож. Яг л XX зууны монголчууд соёлын довтолгоонд өртсөн шиг.

Хаа сайгүй л хог, шороотойгоо хөглөрч суух монголчууд бид одоо энэ бүхнээсээ салах цаг нь болжээ. Хотоос дөнгөж гарав уу үгүй юу энд тэндгүй хог, архины шил. Овооны дэргэд бол архины шилээр бичил хэмжээний бас нэгэн овоо босгочихсон байхтай ч таарав. Уусан архиныхаа шилийг овоон дээр орхидог ёсыг би лав мэдэхгүй юм байна. Идсэн чихрийнхээ цаас, уусан ус ундааныхаа савыг машиндаа тээгээд аваад явчихаж чадахгүй гар, хөлгүй хүмүүс явдаг юм уу, эсвэл. Тэр ч бүү хэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумынхан яг дэргэдээ хогоо овоолчихсон байсан.

Сумын төвөөсөө хэдхэн алхмын зайтай хогийн цэг үүсгэчихсэн, үхэр мал нь тэнд нь шавчихсан байх жишээтэй. XXI зууны монголчуудын аж байдал нэг иймэрхүү маягтай л байна. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярих хэрнээ хогноосоо хэрхэн салах тухай, иргэдийн сэтгэлгээг хэрхэн өөрчлөх талаар анхаарахгүй байгаа нь харамсалтай. Гадаадын иргэд болон бусад улс орнуудад удаан хугацаанд амьдарч байгаад ирсэн иргэд дэндүү их хогтой байна даа хэмээн халаглахыг олон удаа харсан.

Харин бид өөрсдөө хогон далайдаа хөвж, амьдраад сурчихаж. Хөдөөгийн байдал иймэрхүү байгаа бол улсын нийслэл Улаанбаатар ч нэг их дээрдээд байх зүйлгүй. Гэр хорооллын айлууд нь хогоо цаг тухайд нь ирж ачдаггүй хэмээн шалтаглаж, гудамжиндаа гаргаад тавьчихаж байгаа юм.

Зарим нэг нь хүүхдийнхээ хэрэглэсэн памперсыг уутанд хийгээд айлын үүдэнд тавьчихаж байх жишээтэй. Тэр ч бүү хэл зарим өрхийн хувьд хашаандаа хогийн поошиггүй байх нь энүүхэнд.

Өвөл нь хальтрахгүй гээд гудамжиндаа гаргаад асгачихна. Зун нь хогоо айлын үүдэнд тавьчихна. Энэ мэтчилэн гар, хөлгүй юм шиг амьдардаг хүмүүс олон бий. Уг нь Нийслэлээс олон үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлж байна.

Тухайлбал, тараасан “Азийн цагаан дагина” гэх сайхан нэртэй уутанд нь хог биш өөр зүйлс хийгээд хадгалчихсан байх жишээтэй. Бодвол нэрийг нь хараад хог хийхээс хайрласан биз. Уг нь ч хот хогтойгоо тэмцэж байна. Энэ мэдээж сайн хэрэг. Гэхдээ жаахан хүүхэд нүүрээ дутуу угаадаг шиг л…

Их дэлгүүр, дөчин мянгат, Сүхбаатарын талбайгаас цааш тав алхаад харвал толгой дээгүүр чихрийн цаас хийсч байх вий…

Х.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих