Н.Ганбямба: Бусдаас бурууг хайсаар байтал инфляци хоёр оронтой тоонд ойртчихлоо
Эдийн засгийн ухааны доктор, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбатай ярилцлаа.
-Валютын ханшийг дагаад юмны үнэ хөөрөгдөх, улмаар инфляци өсөх хандлагатай болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихлээ. Мэдээж үүнд гадаад дотоодын олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Гол нөлөөлсөн зүйл нь юу гэж та бодож байна вэ?
-Одоогийн үүссэн нөхцөл байдлын шалтгааныг нь бодитой харж чадвал гарах арга зам нь тодорхой болох юм. Гэхдээ тэгж харж чадах эсэхээс бүх зүйл шалтгаална. Шалтгааныг гадагш нь нялзаах хэрэггүй. Үүнд дотоодын хүчин зүйлийн нөлөө их. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж үг бий.
Бондын гэх 1.9 триллион гаруй төгрөг дотоодын зах зээл рүү орж ирэх болчихоор түүний 70 хувь буюу 900 гаруй сая ам.долларын эрэлт бий болж, ам.долларын ханш өсчихлөө. Дотоодын хүчин зүйлийн нөлөө гэдэг нь энэ юм. Төр, засаг бодлогоо зөв зангидах хэрэгтэй.
Бондын мөнгө гэх хоёр триллион шахам төгрөгийг Монгол Улсыг цаашид хөгжүүлэх гол хөшүүрэг, механизмууд руу чиглүүлж чадвал ашигтай. Гэтэл зүгээр “гал унтраах” арга хэмжээ, энд тэндэхийн замын уулзвар, сурагчийн дүрэмт хувцас гэх мэт зүйлд зарцуулж байгаа нь утгагүй.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд сурагчийн дүрэмт хувцасны асуудлыг зохицуулаад, болгоод л байсан. Сурагчийн дүрэмт хувцасны материалыг авахын тулд Хятад руу мөнгө гаргаж таарна. Манай зах зээлд орж ирсэн гэх бондын хоёр триллион төгрөг одоо хаана байна вэ гэж амтай болгон нь асууж байна.
Энэ мөнгө эргээд гадагш гараад, бараа бүтээгдэхүүн импортлоход зарцуулагдаад ирэхээр аяндаа ам.долларын эрэлт үүсгэчихэж байгаа юм. Тэгэхээр дээр хэлсэнчлэн дотоод хүчин зүйлүүдийн нөлөө 90 орчим хувь, харин үлдсэн хувь нь экспортын орлого гэж бодоход энэ нь бас л манайхаас шалтгаалах зүйл. Ингээд үндсэндээ эдийн засгийн энэ нөхцөл байдал 100 хувь дотоодоосоо шалтгаалсан гэсэн үг юм.
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд өмнөх Засгийн газрыг буруутгах хандлага нэлээд ажиглагдаж байна. Та тухайн үед УИХ-ын гишүүн байсан, одоо МАН-ын бага хурлын гишүүн, түүнээс илүүтэй эдийн засгийн ухааны доктор хүнийхээ хувьд үүнд ямар хариулт, тайлбар өгөх вэ?
-Сая хэлсэнчлэн эдийн засгийн энэ нөхцөл байдал нь дотоодоосоо, төр засгийн өөрсдийнх нь үйл ажиллагаанаас шалтгаалсан байхад өөр зүйлээс алдаа хайж, өмнөх Засгийн газар руу хамаг бурууг чихээд байх нь утгагүй.
Яг үнэндээ одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнөх Засгийн газрын үед “Тавантолгой”-г хариуцсан Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан хүн шүү дээ. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр тууз хайчлаад зугаалж явдаг цаг биш. УИХ-ын ээлжит бус хуралдаанаа зарлан хуралдуулаад, өнөөдрийн үүссэн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг зөв дүгнэж чадвал гарц нь тодорхой болно.
Ингэж чадахгүй, ийш тийш үсчиж, бусдаас бурууг хайсаар байтал эдийн засаг хүндэрч, инфляци найман хувь даваад хоёр оронтой тоонд ойртчихлоо. Өдийд айлууд тариа ногоогоо хураадаг, үнэнийг хэлэхэд жилийн энэ үе ханшийг хамгийн тогтвортой байлгадаг цаг шүү дээ.
Гэтэл яагаад өдийд эдийн засагт гал авалцав. Яг нарийндаа ийм нөхцөл байдалд орсон нь дотоод хүчин зүйлээс, өөрөөр хэлбэл, 100 хувь өөрсдөөсөө шалтгаалсан болж таарч байгаа юм. Буруу замаар будаа тээвэл эргээд сөрөг үр дагавар нь их байдгийг энэ Засгийн гарзын үйл ажиллагаа харууллаа.
Эдийн засгийн хөгжлийн яам гэж байна. Япон, Солонгос гэх мэт Азийн өндөр хөгжилтэй орнуудын жишгийг харж байхад тэд үүнийгээ Мэдлэгийн эдийн засгийн яам гэж нэрлэдэг. Гэтэл манайх хөгжлийн гэх нэртэй атлаа хөгжлийн нэг ч зүйл ярихгүй, зүгээр л өнөө маргаашаа аргацаасан “гал унтраах” ажил хийж байна.
Тэр нь яамны үүрэг функц биш шүү дээ. Экспортын бүтээгдэхүүний 98 хувийг түүхийгээр нь гаргадаг, өргөн хэрэглээний барааныхаа 80 хувийг, хүнснийхээ 70 хувийг мөнгө зарж гаднаас импортлодог эдийн засгийг өөрчлөх стратегийг боловсруулж байдаг нь Эдийн засгийн хөгжлийн яам байх учиртай.
Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яам энэ стратегиа боловсруулахын оронд, аж ахуйн жижиг ажлууд руу ороод байна. Энэ бол Засгийн газрын хийх зүйл биш шүү дээ. Нэмэр болохгүй юм гэхэд нэрмээс болохгүй байх зарчмыг л Засгийн газар баримтламаар байна.
-Засгийн газар оны эхэнд 780 гаруй тэрбум төгрөгийг үнэ тогтворжуулахаар аж ахуйн нэгжүүдэд өгсөн ч ажил хэрэг болж чадсангүй. Харин ч бүр инфляци өсөхөд түлхэц болчихов уу гэх хардлага байна. Түүнээс гадна найман хувийн хүүтэй орон сууц мөн их бага хэмжээгээр ташуур болсон гэж ярьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тэр мөнгө нь яг хэрэгтэй газраа очиж чадахгүй байна л даа. Тендерт их асуудал бий. Орон сууц, мах, бензиний үнийг тогтворжуулах зорилготой мөнгө нийлүүлсэн ч энэ ч эргээд сөрөг үр дагавар бий болгочихлоо. Өнөөдөр олигополь зах зээл бий болчихоод байна. Тэр нь хэдхэн том компани зах зээл дээр монопольдохыг хэлж байгаа юм. Энэ компаниудыг зогсоогооч ээ.
Олигополь зах зээлийг задлаад өрсөлдөөн бий болгоод өгөөч гэж л ард түмэн хүсч буй. Өрсөлдөөн бий болвол чанартай хямд бараа гардаг болно. Орон сууцны м/кв-ыг 300, 400 мянгаар зараад ашигтай ажиллаж байгаа компани байна гэхэд тэр үеийн Барилга, хот байгуулалтын яамны сайд “наадах чинь тансаг хэрэглээ биш” л гээд байсан.
Тансаг хэрэглээ бидэнд хэрэггүй. Яг үнэнийг хэлэхэд орон сууцны м/кв-ын үнэнд маш том хөөс бий болчихоод байгаа юм. Өнөөдөр барилгын материалын үнэ нэмэгдээгүй байхад яагаад орон сууцны м/кв-ын үнэ сая гараад явчихав. Энэ нь зах зээлийн зохицуулалтад Засгийн газар хэт оролцоод маш том хөөс бий болгочихоод байгаагийн илрэл.
Олигополь зах зээлийн бүтцийг задлахын оронд улам өөгшүүлээд, дээрээс нь ам.долларын ханшийг өсгөчихлөө. Энэ байдал гадаадынхны хэлдэгээр “hyper inflation” буюу хурдтай инфляцад хүргэх нь байна. Төр, засаг энэ байдлаа зогсоож дорвитойхон арга хэмжээ авахгүй бол энэ байдлаараа Монголын эдийн засаг сүйрэх нь.
-Чингис бондоор санхүүжүүлж буй төслүүд нь эргээд ашиг олох, зардлаа нөхөх тал дээр тааруу гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Эдийн засагч хүний хувьд та үүнийг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Дээр хэлсэнчлэн Чингис бондын мөнгийг Монгол орныг хөгжүүлэх зүйлд зарцуулахгүй, мөн түүхий эдээ дандаа түүхийгээр гадагш гарах бодлого явагдаад байна л даа.
Бондын мөнгө хүлээгдэж байсан томоохон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт болоод Монгол баялаг бүтээдэг орон болж, гадныхнаас хараат байхаа больчихвол эдийн засаг сэргээд л ирнэ. Дээр хэлсэнчлэн манай улс ихэнх бараа бүтээгдэхүүнээ гадаадаас импортлодог. Тэгэхээр энэ байдлаас гарахын тулд юу хийв гэхээр төр, засагт хэлэх үг алга байна.
-МАН-ын бүлэг мэдэгдэл, шаардлага гаргаж УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж, эдийн засгийн хүнд нөхцөл байдал, түүнээс гарах арга замын талаар ярилцах талаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэрэв ээлжит бус чуулган хуралдвал тэндээс та ямар үр дүнг хүлээж байна вэ?
-Монгол орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн бодит байдалд дүн шинжилгээ хийх нь хамгийн эхний алхам юм. Энэ нь цаашид яах вэ гэдэг арга замыг зааж өгнө.
Тиймээс импорт, экспортын орлого багассан, мөн валютын ханш огцом өсч буйн үндсэн шалтгаануудаа тодруулаад гаргаад ирэхэд Засгийн газарт хийх ажил нь тодорхой болох юм. Юуны өмнө инфляци, эдийн засгийг тогтворжуулахтай холбоотой энэ алхмууд нь Монгол Улсын эдийн засаг цаашид зөв замаар хөгжихийн төлөөх механизм руу орвол зөв болно.
Гэтэл Монголын эдийн засгийн хөгжлийн стратеги харагдахгүй байна. “Гал унтраах” бага сага зүйл л хийгээд байгаа юм. Түүнчлэн энэ олон захиргааны зардлыг багасгахгүй бол энэ хүнд нөхцөлд гал дээр бензин асгасантай л адил болно. Хоёр сая гаруйхан хүн амтай атлаа сайд, дэд сайдууд нь нийлээд бараг 40 хүрчихсэн байна.
Энэ олон сайд, яам агентлагийн зардлыг багасгавал эдийн засагт нөлөөлөх эхний алхам болох нь болно. Гагцхүү хийж чадах уу үгүй юу гэдэг л чухал. Энд сэтгэл бас чухал. Монголын баялгийг түүхийгээр нь экспортлох гадны бодлого хэрэгжээд байвал инфляци өсөөд л байна.
-Монгол банкнаас хийж буй интервенц валютын ханшийг тогтворжуулах хэр үр дүнтэй арга вэ. Ер нь валютын ханшийг тогтворжуулахын тулд бид юу хийх хэрэгтэй гэж та бодож байна?
-Тодорхой үр дүн гарахгүй байна. Хоёрдугаарт, өнөөдрийн нөхцөл байдлыг харахаар буруу арга хэмжээ аваад байна уу даа гэж бодогдохоор байгаа юм. Мөн мөнгөний нийлүүлэлтийг нэмээд байгаа юм биш биз гэх хардлага төрж буй. Хамгийн гол нь Монгол банк гадаад нөөцөө нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй л гэж бодож байна.
Б.Өнөртогтох
URL: