“MICHELLE” зочид буудалд ажилладаг Монгол бүсгүй амиа алджээ

- Харин буудлын эзэн болон бас нэг Солонгос эрийг 24 цаг ч саатуулалгүй батан даалтанд гаргажээ -
Сүүлийн үед манай улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн гарт монгол хүн амиа алдлаа, хүчирхийлэлд өртлөө гэх мэтчилэн сэтгэл сэрт хийлгэсэн гэмт хэрэг олноор гарах болжээ.
Харамсалтай нь тухайн гэмт хэрэгт хуулийн байгууллага эрүү үүсгэн шалгалаа гэгддэг ч үнэн хэрэгтээ хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй өнгөрдөг нь нууц биш. Өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Хөгжим бүжгийн коллежийн замын урд байрладаг “Michelle” ресторан, зочид буудалд ажилладаг нэгэн эмэгтэй амиа алдсан байна.
Тодруулбал, тус зочид буудлын дөрөвдүгээр давхраас хүн унаж, бэртсэн гэх дуудлага яаралтай түргэн тусламжийн тасагт 23.00 цагийн үед ирсэн бөгөөд түргэнийхэн очиход хохирогч бүсгүй ухаангүй, маш хүнд гэмтсэн, ихээхэн цус алдалттай байсан ажээ.
Энэ талаар тодруулахаар “Michelle” зочид буудалд очсон болов ч мэдээлэл өгөх  эрх бүхий хүн олдсонгүй. Харин нэгэн ажилтан нь “Хохирогч эмэгтэй өглөө, оройны хоолон дээр ирсэн харагддаг байсан. Яг ямар албан тушаалтайг нь мэдэхгүй.
Гаднын зочид төлөөлөгч ирэхэд угтаж аваад, бас нисэх буудал уруу хүргэж өгдөг байсан. Ер нь миний бодлоор манай захирлын туслах байсан болов уу” гэв. Тиймээс тухайн үед гарч байсан зочин угтагч буюу ресефшинтэй нь уулзах гэтэл ажлаасаа гарчээ.
Энэ талаар өөр нэгэн эх сурвалж “Хэрэг гардаг орой гарч байсан ресефшин төдөлгүй ажлаасаа гарсан. Харин ямар шалтгаанаар гарсныг нь би мэдэхгүй байна. Уг нь ажилд ороод нэг сар орчим л болж байсан. Бодвол хүний амь настай холбоотой хэрэг гарсан болохоор л ажлаа орхисон байх” гэлээ.
Ер нь тэдний хэлж буйгаар  хохирогч эмэгтэй цаг үргэлж ажил дээрээ байдаггүй ч хаа нэг ирэхдээ мэндийн зөрөөтэй, зан харилцаа сайтай нэгэн байсан гэнэ. Тус зочид буудлын ар талд буюу түүний унасан цонхны эсрэг байрлах үйлчилгээний газруудад орж хэргийн талаар тодруулахад тухайн үед бүгд хаасан байсан аж.
Харин ам дамжсан мэдээллээр бол эмнэлгийхнийг ирэхэд хохирогч бүсгүй хүнд гэмтсэн байсан учраас шууд ГССҮТ-д хүргэжээ. Ингээд эмнэлэгт хүргэсний дараа түүнтэй хамт ажилладаг менежер н.Чулуунцэцэг гэдэг эмэгтэй хамгийн эхэнд орж уулзсан юм байна.
Хохирогч эмэгтэй түүнтэй уулзсанаас хойш буюу өглөө гэр бүлийнхнээ ирэхэд ухаан нь орон гаран байсан аж. Харин хэргийн гол сэжигтэн нь “Michelle” зочид буудлын захирал Хун гэгч юм байна. Тэрбээр цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Өрөөндөө хувцсаа сольж байтал гэнэт орж ирээд юу ч хэлэлгүй цонхоор үсэрсэн” гэжээ.
Энэ талаар хохирогчоос яагаад ийм байдалд орсон тухай ар гэрийнхэн нь асуух гэтэл хариулах чадваргүй маш хүнд байсаар өөд болжээ. Тиймээс анх орж уулзсан н.Чулуунцэцэг гэгчээс охин нь юу гэж ярьсан талаар асуухад “Би зүгээр ээ, зүгээр” гэснээс өөр зүйл хэлээгүй гэжээ.
Энэ хэрэгт Хун захирал болон хамт ажилладаг өөр нэг солонгос иргэнийг саатуулсан ч батлан даалтад гаргасан гэнэ. Харин тэднийг н.Чулуунцэцэг гэгч менежер нь батлан даасан юм байна.
Тиймээс хэргийн талаар түүний утсаар холбогдож тодруулах гэтэл “Цагдаагийнхан намайг гадагш нь нэг ч мэдээлэл өгч болохгүй гэсэн. Тиймээс би юу ч хэлэхгүй” гээд утсаа салгалаа.
Харин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Одоогийн байдлаар энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа. Солонгос захирлыг нь сэжигтнээр татсан” гэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч бүсгүй 1984 он төрсөн бөгөөд Австралид очиж сурал цах гэж байжээ. Тэрбээр суралцах эрхээ аваад виз гартал замын зардлаа ч болов олъё хэмээн өнгөрсөн жи лийн арванхоёругаар сараас эхлэн “Michelle”-д ажилд орсон байна.
Гэвч ийнхүү харамсалтайгаар амиа алджээ. Тиймээс хохирогч бүсгүйн төлөө эмэгтэйчүүд нийслэлийн төв талбайд жагсч, гэмт хэрэгтэнд хариуцлага хү лээлгэж, хууль хяналтынхыг шударга байхыг сануулахаар нэгдэж эхлээд байгаа аж.
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих