Автозамын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн унаа явна

Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай нийслэлийн Засаг дарга 2012 онд А/724 дугаар захирамж гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий  ажлын хэсэг” хэд хэдэн ажлыг эхлээд байна.
Захирамжид Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “5 шар”-ын автобусны зогсоол хооронд автозамын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэлт хийж буй хүүхдийн болон ажилчдын автобусыг зорчуулахаар заасан.
Үүний дагуу Засаг даргын зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр 2013 оны 8-р сарын 25-наас эхлэн байгууллагын  ажилчид болон сургуулийн   сурагчдыг нэгдсэн журмаар автобусаар тээвэрлэх үүргийг нийслэлийн харьяа төр захиргааны байгууллагуудын дарга, Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгожээ.
Нийслэлийн Тээврийн газрын автотээврийн хяналтын  улсын  байцаагч  нар  1-р эгнээгээр зорчиж байгаа  нийтийн тээврийн хэрэгслийн чөлөөтэй зорчих нөхцлийг хангах зорилгоор Энх тайвны өргөн  чөлөөнд  /25 –р эмийн сангаас  зүүн 4 зам хүртэл/  7 цэгт өглөөний 08,00 цагаас оройн 20,00 цаг хүртэл хяналт тавин ажиллаж байна.
Мөн  нийслэлийн Тээврийн газар,  нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Замын Цагдаагийн газартай хамтран нийтийн такси үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын шугам замын үйлчилгээнд шалгалт хийхээр болжээ.
Судалгаагаар нийслэлийн такси үйлчилгээнд явж байгаа 710 автомашины  43,1 хувь нь  стандартын шаардлага хангахгүй буюу тогтоосон хэмжээнээс өндөр насжилттай байдаг байна.  Мөн хотын гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй ачаа, тээвэр эрхэлдэг иргэд, ААНБ-уудад хяналт шалгалт хийх юм.
Мөн томоохон зах, худалдааны төвүүдийг хотын төвөөс гаргах нь автозамын ачааллыг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж ажлын хэсэг үзэж байгаа. Тиймээс эхний ээлжинд  Да хүрээ, Өгөөмөр, 100 айлын барилгын материалын захуудыг нүүлгэх талаар иргэдийн дунд санал асуулга явуулж байгаа юм.
Санал асуулгад  www.ulaanbaatar.mn,  www.news.mn,  www.transport.ub.gov.mn, www.gogo.mn, www.caak.mn, www.olloo.mn сайтуудаар оролцож, саналаа өгөх боломжтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих