МАН-ын бүлгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН  ДАРГА  З.ЭНХБОЛД ТАНАА
          Шаардлага хүргүүлэх тухай
УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар авч хэлэлцлээ.
Монгол Ардын Намын эрх барьж байх үеийн Засгийн газар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэлхийд тэргүүлэх хэмжээнд буюу жилийн 17.5 хувьд хүргэж,  валютын нөөцийг 2.8 тэрбум ам.долларт хүргэж, ядуурлын хэмжээг 39 хувиас 26 хувь хүртэл бууруулж, хөгжлийн санхүүжилтийн бэлэн эх үүсвэртэй, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлсэн,  валютын ханшийг тогтвортой болгосон улс орныг шинэчлэлийн гэх Засгийн газарт хүлээлгэн өгсөн билээ. Гэвч Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын эдийн засгийн алдаатай бодлого, үндэслэл, тооцоогүй үйлдлүүдийн улмаас ганцхан жилийн дотор эдийн засаг, санхүүгийн гүн хямралд орох, ард иргэдийн амьжиргааны түвшин доройтох, гадаад дотоодын хөрөнгө оруулалт зогсох нөхцөл байдал үүсэж төсвийн орлого ихээхэн хэмжээгээр тасарч эхэлсэн байна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төгрөгийн ханш огцом унаж ам.долларын ханш 1600 төгрөгт ойртсон нь импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөөлж, инфляцийг хөөрөгдөх нөхцөл бүрэлдэж байхад Засгийн газар болон Монголбанкнаас шуурхай арга хэмжээ авч зохицуулахгүй  байгаа нь эдийн засгийг цаашид хүндрүүлэх ард иргэдийн амьжиргааг доройтуулах эрсдэлд оруулж байна. Иймд:
Санхүү, эдийн засгийн нүүрлэж буй хүнд байдлаас урьдчилан сэргийлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, экспортыг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж батлуулах, шаардлагатай бол төсвийн тодотгол хийж санхүү, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг зохих хуулийн шаардлагуудад нийцүүлэх асуудлыг Засгийн газраар бэлтгүүлж УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сард зарлан хуралдуулж хэлэлцүүлэх,
Валютын нөөц бараг 2 дахин багассан, төгрөгийн ханш тасралтгүй буурч буйн хариуцлагыг Засгийн газар, Монголбанкны удирдлагатай тооцох,
Чингис бонд, үнэ тогтворжуулах гэж нэрлэсэн хөтөлбөрүүдийн ашиглалтын явц, бодит үр дүнг шалган УИХ-д танилцуулж олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-с байгуулахыг тус тус ШААРДАЖ байна.
                   БҮЛГИЙН ДАРГА                                                     Н.ЭНХБОЛД

URL:

Сэтгэгдэл бичих