Азийн топ модель О.Ариунзул : Монгол орныхоо нэрийг гаргахын төлөө хичээж явна
- ОХУ-д зохиогдсон миссийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн баяр хүргэе. Тэмцээнийхээ сонин сайхнаас хуваалцаач?
-Баярлалаа. “Инфо тв” сэтгүүлийн нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Дугаарын зочноор уригдаж ирсэндээ баяртай байна. Miss Russia International 2013 тэмцээн ОХУ-ын Республик Тува хотод 5-р сарын 11-ний өдөр болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд олон орны миссүүд оролцсон бөгөөд шалгарсан оролцогч Miss freedom of the world тэмцээнд оролцох эрх авсан.
-Тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсынх байсан бэ?
-Тэмцээний явцад олон сайхан бүсгүйчүүд өрсөлдөгч байж чадсан. Гэхдээ би аливаа тэмцээнд орохдоо бүх оролцогчид л миний өрсөлдөгч гэдэг үүднээс хардаг болсон.
-Miss Russia International 2013, өмнө оролцож байсан тэмцээнүүдээс юугаараа онцлог болж өнгөрсөн бэ?
-Өмнө нь оролцож байсан Азийн супер модель шалгаруулах тэмцээн оролцогчдоос зөвхөн моделийн ур чадварыг шаардаж байсан бол Miss Russia International 2013 тэмцээн оролцогч бүсгүйчүүдийн хувцас загвар болоод өөрийгөө бусдад таниулах чадвар гэхчилэн маш олон шалгууртай тэмцээн болж өнгөрсөн. Энэ тэмцээндээ амжилттай оролцоод ирсэндээ баш их баяртай байна. Тэмцээний үеэр ОХУ-д суралцаж буй Монгол оюутнууд маань надад их тусалж, нэгэн сэтгэлээр дэмжиж байсанд баярлалаа гэдгээ хэлье. Тэмцээний нэгдүгээр байраас гадна олны таашаалд нийцсэн номинацийн эзэн болж чадсан.
-Энэ нь магадгүй тэргүүн байраас илүү үнэ цэнэтэй байсан болов уу?
Тэгэлгүй яах вэ энэ шагнал бол эерэг энергитэй маш сайхан шагнал юм. Тэмцээн өдөр тутмын зураг авалт, авьяасын үзүүлбэр гэх маш олон шалгуураар найм хоногийн турш үргэлжилсэн. Энэхүү номинацид өндөр оноотой гурван оролцогчдоос шалгаруулсан юм. Намайг дэмжиж байсан нийт үзэгчдийнхээ дэмжлэгээр “Zritel Simpati” буюу үзэгчдийн таашаалд нийцсэн оролцогчоор шалгарсандаа үнэхээр их баяртай байна.
-Хэзээнээс анх загвар өмсөгч гэсэн алдрыг зүүх болсон бэ?
Би 14 настай байхдаа загварын гараагаа эхэлж байсан. 10 жилдээ суралцаж байхдаа “Үнсгэлжин” наадамд оролцож, өсөх ирээдүйтэй загвар өмсөгч шагналыг хүртэж тэр цагаас хойш загварын тайз амьдралын маань нэгээхэн хэсэг болж чадсан. Хүүхэд байх үеэсээ л “Шилмэл загвар” агентлагтай холбоотой байжээ.
-Ордныхоо талаар яриа дэлгээч. Загвар өмсөгчдөө нэлээд дэмжиж ажилладаг шиг санагддаг?
-Тэгэлгүй яах вэ. Миний загварын гараа Шилмэл загвар компаниас эхэлсэн болохоор хамт олондоо баярлаж явдагаа хэлмээр байна.
Загварын тайзыг хатуу гэдэг. Шантрах үе хэр гарч байв?
-Зүгээр нэг алхах биш хувцсаа амилуулна, зураг авалтын үеэр ч мөн адил моделиос маш их ур чадвар, хүч хөдөлмөр гарч байдаг. Гэсэн ч би ажилдаа маш их хайртай.
-Цаашид энэ чиглэлээрээ явах уу, магадгүй эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллах төлөвлөгөөтэй байгаа юу?
-Би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Банкны эдийн засагч, нябогоор суралцдаг. Цаашид бодож төлөвлөсөн маш олон зүйлс бий. Ажлаа амжуулахын зэрэгцээ боловсролдоо түлхүү анхаарна. Тийм болохоор аль алиныг нь орхилгүй хослуулаад л явахыг хичээнэ дээ.
-Тэмцээний үеэр дуучин Б.Амархүү таныг миний найз бүсгүй гэж олонд танилцуулсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр үнэн бодитой мэдээлэл вэ?
-Miss Russia International 2013 тэмцээн нь маш шалгуур өндөртэй Олон улсын тэмцээн учраас хэн нэгний оролцоо хамаарал орно гэдэг утгагүй хэрэг юм. Тэмцээний үеэр Амархүү маань Франц улсад тоглолтоор явж байсан. Тэр үеэр намайг дэмжиж тусалж хамт байсан Монголчууд маань мэдэх байх. Удахгүй ОХУ-ыг зорих гэж байгаа.
-Тэндээ нэг хэсэгтээ суурьшиж амьдрах төлөвлөгөөтэй байна уу?
-Би Москва хотын нэр хүндтэй агентлагт ажиллаад дөрвөн сар болж байна. Дашрамд уншигчдадаа сонирхуулахад энэ хугацаанд Sitka semsch, Мarina Makaron,Viva vox гэх мэт нэр хүндтэй дизайнеруудын “Мercedes benz” загварын долоо хоногт оролцсон. Коко Кола компанийн нүүр царай болох моделиор шалгарч хоёр жилийн гэрээ хийж, дэлхийд танигдсан Оросын алдартай дизайнер Konstantin Gayday хамтарч ажиллахаар болсон гэх мэт олон ажлыг амжууллаа. Мөн Finn Flare брэндийн face моделиор сонгогдож удахгүй зураг авалтандаа орох учраас ойрд их ачаалалтай ажиллах байх гэж бодож байна. Цааш цаашдаа Монгол орныхоо нэрийг гаргахын төлөө хичээж явна даа.
Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.
Эх сурвалж “Инфо” тв сэтгүүл
URL: