Хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр казинодсон банкирыг шүүж эхэллээ
Deutsche Bank-ны ажилтан хадгаламж эзэмшигчдийнхээ 8.4 сая еврог өөрийн дансандаа хийж, улмаар казинод тоглоод алдчихсан хэрэг Германд гарчээ.
Штаде хотын Шүүх өчигдөр энэхүү хэргийг хэлэлцсэн байна. Түүнийг луйвар, хулгай, баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгажээ. Хэрвээ хэрэг хийсэн нь батлагдвал тэрбээр удаан хугацаагаар хоригдох ял авах юм байна.
Шүүхийн эцсийн шийдвэр ирэх есдүгээр сард гарах аж. Гэмт этгээдэд луйвардуулсан иргэд мөнгөө буцааж авсан бөгөөд хэрэгтэн 4.5 сая еврог л гаргаж өгч, бусдыг нь банк барагдуулжээ. Прокурорын газраас хийсэн мэдээллээр бол, энэ жил 39 настай банкир эр 2007-2010 оны хооронд дээрх луйвраа үйлдэж байсан байна.
Хийсэн арга нь дэндүү увайгүй, тэрбээр үйлчлүүлэгчдийнхээ данснаас шууд бэлэн мөнгө гаргаж авах буюу өөрийнхөө данс руу шилжүүлдэг байж. Ийм маягаар нэг удаадаа хэдэн зуугаас, хэдэн мянгаар нь авдаг байжээ. Ийм аргаар олсон мөнгөнийхээ ихэнх хэсгийг тэрбээр Гамбург хотын казинод тоглож алдсан аж.
Өмгөөлөгч нь түүний энэ үйлдлийг зөвтгөхдөө “Миний үйлчлүүлэгч казинод сайхан сэтгэл өвөрлөж ордог байсан. Хэрвээ хожих юм бол хохирсон иргэдэд мөнгийг нь буцааж өгөх боломжтой болохоор л тоглодог байсан” гэж өгүүлсэн байна.
Х.Батсайхан
URL: