А Сool: Хүмүүст сайн сайхныг мэдрүүлэхийг хүссэн
-Сайн байна уу. Энэ зуныг хэрхэн өнгөрөөв?
-Зун бараг амарсангүй. Цомгийнхоо ажлыг дуусгасан. Саяхан хэвлэлтээс ирээд байна. Цомгийн ажил гээд завгүй явна. Амрах боломж олдсонгүй.
-Ямар онцлогтой цомог вэ?
-Цомгийн маань нэр “Зөөлөн хайр”. Хүн бүхний сайн мэдэх хайрын дуунууд багтсан. Мөн шинэ дуунууд бий. Сонсогчдод таалагдах байх гэж итгэж байна. Нийт 14 дуутай. Ирэх сараас худалдаанд гаргана.
-Яагаад заавал “Зөөлөн хайр” гэж нэрлэсэн юм бэ?
-Хүмүүс “Зөөлөн хайр” дуунд дуртай шүү дээ. Залуус энэ дууг үргэлж аяладаг. Сонсогчдын сэтгэлд илүү хүрсэн бүтээл минь гэж хүндэлж явдаг. Тиймээс энэ нэр хамгийн тохиромжтой санагдсан.
-Таны цомгийг сонсоод сонсогчид юу мэдрээсэй гэж хүсч байна?
- Хүн бүхний сэтгэлд сайн сайхныг мэдрүүлэхийг хүслээ. Намайг, миний сэтгэл зүрхнээс гарсан хөг аялгууг мэдрээсэй. Сайхан хайрын дуу сонсч, сэтгэл зүрхээ хөглөөсэй гэж хүссэн. Уран бүтээлч хүн бүр сонсогчдод ухаарал, аз жаргалыг бэлэглэхийн тулд уран бүтээл хийдэг. Миний хувьд ч ялгаагүй дуулсан дууг минь сонсоод хүмүүс уярч, ухаарч байвал баярлана.
-Дахиад цомог гаргана гэж байсан. Үнэн үү?
-Дараагийн цомгийн ажилдаа орчихсон. Аравдугаар сараас сонсогчдын хүртээл болно.
-Эхний цомгоосоо юугаараа ялгаатай вэ?
- Илүү шинэлэг, нийгмийн муу муухайг шүүмжилсэн, залуусыг сайн зүйлд уриалсан дуунууд багтана. Энэ цомгоос миний арай өөр өнгө төрхийг мэдрэх байх.
-Цомгийн баяраа хэзээ хийх вэ?
-Удахгүй цомгийн баяраараа сонсогчидтойгоо уулзна. Би аливаа уран бүтээлийг хурдан хийх гэж яардаггүй. Цаг зав, хөлс хүч, хүсэл мөрөөдлөө шингээж байгаа учраас чанартай зүйл хийхийг эрхэмлэдэг.
- Яагаад ихэвчлэн уянгын дуу дуулдаг юм бэ?
- Хүмүүст илүү хүрч байгаа нь ихэнхдээ уянгын дуу. Харин цомгийн хувьд дан ганц уянгын дуу ороогүй. Хэмнэлтэй, хүмүүсийг доргиохоор дуунууд байгаа. Хүмүүс миний хайрын сэдэвтэй, уянгын дуунуудад илүү дуртай учраас уран бүтээлд маань уянгын дуунууд зонхилох тал бий.
- Тэгвэл өөр дуу дуулахгүй гэсэн үг үү?
-Уран бүтээлч хүн аливаа зүйлд өөрийгөө сорих ёстой гэж боддог. Надад өөр стилээр дуулсан дуунууд бий. Тиймээс зөвхөн уянгын дуу дуулна гэж битгий ойлгоорой.
-Сүүлийн үед цомогт орсон дуунаас шинэ уран бүтээл хийж байна уу?
-“Ice Top” хамтлагийн Хаагийтай хамтарч шинэ уран бүтээл хийсэн.
-Таныг бүжигчин гэж сонссон. Яагаад дуучин болчихсон юм бэ?
- Миний үндсэн мэргэжил бүжигчин. Гэхдээ дуулах хүсэл минь намайг энэ урлаг руу татсан. Надад мөрөөдөл байсан, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хичээсэн. Зорьсон зорилгынхоо төлөө хөдөлмөрлөвөл заавал амжилтад хүрдэг гэж боддог. Улам ихийг хийхийн төлөө тэмүүлж явна.
-Цаашдын зорилгыг сонирхмоор байна?
-Чанартай, сайн уран бүтээл хийхийг зорьж байна. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн, зүрхэнд нь уянгалах тийм уран бүтээл хиймээр байна. Зорилго байгаа цагт заавал зорьсондоо хүрнэ гэж бодож байгаа.
Ч.Гантулга
URL: