Таггүй траншей иргэдийг заналхийлж байна

Таггүй траншей иргэдийг заналхийлж байна

Нийслэл хотод 17 мянга гаруй инженерийн шугам сүлжээний худаг байдаг аж.
Бидний нэрлэж заншсанаар бол “траншей”. Гэтэл үүний нэлээд хэсэг нь таггүй байна. Ингээд онгорхой траншейн эргэн тойрондохыг сурвалжиллаа.

Таван траншей тутмын нэг нь таггүй гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Зарим таггүй траншейд борооны ус тогтож орчин тойрноо эвгүй үнэрээр утна. Дээрээс нь хог салхинд хийсэн оржээ. Үүнээс гадна аюулгүй байдлыг заналхийлж байгаа тухай иргэд гомдолж байсан юм.

Сургууль, цэцэрлэг, зам талбай гээд хаа сайгүй л таггүй траншей байх юм. Зам дээрх таггүй траншей бороо орсны дараа иргэдийн машиныг эвдэлж, жолоочдоос уран жолоодлого шаардаж байна.

Харин гудамж, талбайд байгаа траншейд хүүхэд, хөгшид унаж гэмтэх, амь насаа алдах аюултай хэмжээнд хүрчээ. Жишээлбэл, өчигдөр өдрийн 15:00 цагийн үед Ардын эрхийн автобусны буудлын зам дээрх траншейнд нэг машин дугуйгаа хийчихсэн байсан.

Эд хөрөнгөө бусдын буруутай үйлдлээс болж эвдэлж байгаа жолооч таатай хандахгүй нь ойлгомжтой. Нэлээд бухимдаж байгаа харагдсан. Энэ бол наад захын л жишээ. Нарны зам дагуу байрлах “Хас суудлын бүрээс” гэх байгууллагын урдах траншейнд хүүхэд унаж гэмтсэн хэрэг саяхан гарч байжээ. Харин хүүхэд унасны дараа л онгорхой нүхийг битүүлсэн аж.

Траншейны төмөр таг дунджаар 200 мянган төгрөгний үнэтэй байдаг гэнэ. Ийм учраас таггүй болсныг гудамжны хүмүүстэй холбон тайлбарладаг. Гэтэл хэд хоногийн өмнө “100 айл”- ын “Одкон” төвийн эсрэг талын траншейг онгойлгон засвар хийж байсан ажилчид траншейг таглахгүй орхиод явж байсан.

Үүнээс харахад тагийг төмөрт тушаах нөхцлийг хариуцдаг хүмүүс нь бүрдүүлж өгч байна гэхээр байгаа юм. Цаашлаад хэдхэн минут алхахад “Шинэ Монгол” ахлах сургууль, Төрийн албан хаагчдын эмнэлэг, Баянзүрх худалдааны төв гэх мэт олон газруудад таггүй траншей байсан юм. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр бол Баянзүрх дүүргийн урдах траншейнд жолооч нар байнга дугуйгаа хийдэг аж. Тэгээд ч эдгээр траншейнуудын асуудлыг хаана, хэнд хэлэхээ мэддэггүй гэнэ.

Тиймээс уг траншейг тус худалдааны төвийн ажилчид хааяа мод гэх мэт зүйлсээр бөглөдөг ажээ. Үүний араас таг нь холбирч, хүн гишгэх боломжгүй траншей ч байсан юм.

Тухайлбал, Спортын төв ордон, тавдугаар сургууль гэх мэт газруудад таг нь холбирдог траншей байна.

Нэг траншейны нүхийг засварлах цэвэрлэх таг хийх ажилд нийтдээ дунджаар 110-220 мянган төгрөгний төсөв зарцуулагддаг гэнэ. Ус сувгийн удирдах газраас траншейны таг хаачсаныг лавлахад “Манайх өдөр болгон хариуцсан худгуудаа эргэж шалгадаг. Таггүй байгаа бол манайд харьяалагдана гэсэн үг биш. Манайхаас өөр траншей хариуцдаг байгууллагууд бий” гэсэн хариултыг өгсөн юм. Таггүй болсон инженерийн шугам сүлжээний худгийн талаар олон удаа бичиж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авсангүй.

Г.Булганаа


URL:

Сэтгэгдэл бичих