Солонгост гэрлэсэн монгол эмэгтэйчүүд хүүхэддээ давхар иргэншил хүслээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Үндэсний био энергийн судлал, эмчилгээний хүрээлэнгийн тэргүүн Д.Пүрэвсүрэн, БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтран тус улсад ажиллаж, амьдарч буй эмэгтэйчүүдтэй уулзалт хийжээ.
Уулзалтанд БНСУ-д ажиллаж байгаа болон суралцдаг, солонгос иргэнтэй гэр болсон зэрэг олон төлөөллийн 40 гаруй эмэгтэй оролцсон байна.
Эмэгтэйчүүд харийн оронд амьдарч, сурч ажиллахад өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа ний нуугүй ярилцаж УИХ-ын гишүүн С.Одонтуяад хандан заримыг нь шийдүүлэхэд дуу хоолойгоо төр засгийн төвшинд хүргэхийг хүсчээ.
Тухайлбал, гадаадын иргэнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд цөөнгүй байгаа ч хүүхэд нь Солонгост төрсөн л бол тухайн улсын иргэншилтэй болдог.
Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй учраас хүүхдүүдээ эх орныхоо иргэн болгож чадахгүй байгаа.
Хэдийгээр гадаад иргэнтэй гэр бүл болсон хэдий ч хүүхдээ Монгол Улсын иргэншилтэй болгохыг хүсч байгаагаа илэрхийлж хууль эрх зүйн боломж бий эсэхийг судалж, шийдэхийг хөндөж тавьжээ.
Энэ асуудлаар холбогдох албаныханд хэлж УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдэд тусгуулахад анхаарахаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа амалжээ.
У.Бадам /GOGO.MN/
URL: