Европын өсөлт Хятадыг “сэрээв”
Дэлхийн эдийн засгийн хүрдийн гол хэсэг болсон Европ тивийн санхүү дахин сэргэх төлөв ажиглагдаж буй талаар “Блүүмберг” мэдээллээ.
Өнгөрсөн зургаан улирлын турш дандаа уналттай явсан хөгшин тивд өнгөрсөн долоо хоногт анх удаа гэрэл ассан хэрэг. Ингэхдээ тус тивийн 17 улсад эдийн засгийн өсөлт ажиглагдаж эхэлсэн тухай “JPMorgan Chase & Co”, “Barclays Plc”-ийн шинжээчдийн дүгнэлт олны анхаарлыг татаад байна. “Бид Европын эдийн засаг шуугиан тарих хэмжээнд өснө гэж бид хэлж чадахгүй. Гэхдээ энэ эдийн засагт урагш алхсан дүр зураг харагдаж эхэлснийг зах зээл болоод дэлхийн эдийн засаг нотолж байна” хэмээн Нью-Йорк дахь “JPMorgan Chase”-ийн ахлах дэлхийн эдийн засагч, Холбооны нөөцийн сангийн албан тушаалтан асан Жосеф Луптон хэллээ.
“Энд гарч буй өөрчлөлтийг хүмүүс одоохондоо анзаарч эхлээгүй байна” гэж тэрээр нэмж хэлжээ. Тэрээр хэлэхдээ евро бүс нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн тавны нэгийг бүрдүүлж байгаа бөгөөд тус тивд орон сууцны худалдаа нэг хувиар нэмэгдсэн байна. Энэ нь шар толгойтнуудын ДНБ өнгөрсөн улиралд 0.7 хувиар өсөхөд хангалттай дэм болсон гэж эдийн засагч мөн тайлбарлалаа.
Энэ нь Хятадын удааширч буй эдийн засгийн нөлөөг бага боловч бууруулна хэмээн шинжээчид харж байна. Мөн евро бүсийн улсуудын түнш болох Их Британи, өмнөд Европын улсууд, Тайвань, Мексик, Бразил зэрэгт томоохон дэмжлэг болно гэж “JPMorgan Chase” мэдээллээ. Энэ мэдээний дараа евро бүсийн эдийн засгийн өсөлт ирэх онд 1.3 хувиар өснө хэмээн үзэж байгаа аж. Энэ онд эдийн засгийн өсөлт нь удааширч 0.5 хувьд хүрээд байгаа юм.
АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨСӨЛТ
Евро бүсийн нөлөөлөл хэдийнэ ил болжээ. Европод экспорт нэмэгдэх зуур Польш, Чех зэрэг улсад аж үйлдвэрлэл өөдрөг дүнтэй байна. Өнгөрсөн сард Хятадаас Европын холбоонд экспортолсон бүтээгдэхүүний хэмжээ 2.8 хувиар өссөн байна. Харин Японоос Европын холбоонд гаргасан экспорт өнгөрсөн зургадугаар сард 8.6 хувиар өссөн нь 2011 оны хоёрдугаар сараас хойшхи хамгийн өндөр дүн болж байна.
“International Business Machines Corp” болон “3M Co” зэрэг компанийн мэдээлж буйгаар Европод бизнес эрхлэх боломж улам бүр сайжирч байгаа аж. “Европод сэргэлт эхэлж байх шиг байна. Энэ бол маш сайн мэдээ шүү дээ” хэмээн нарийн боовны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Dunkin’ Brands Group Inc”-ийн гүйцэтгэх захирал Нигел Травис хэлжээ.
ШИНЭ ИНДЕКС
Өнгөрсөн сард “Credit Suisse Group AG” компани хөрөнгө оруулагчид өөрчлөлтөд хэрхэн хандаж байгааг илрүүлэхээр “19 European stock” индексийг бүтээсэн юм. Энэ нь зах зээлд компаниудын хариу үйлдэл хэрхэн бий болж буйг харуулах аж. Европын барилгын материалын хамгийн том нийлүүлэгч “Cie de Saint-Gobain SA”, инженерийн хамгийн том компани болох “Siemens AG” зэрэг компанийн индекс 25 хувиар өссөн байна.
Лондон дахь “Goldman Sachs Group Inc”-ийн Европыг хариуцсан ахлах эдийн засагч Хю Филлийн үзэж буйгаар Европын эдийн засаг олон улсын санхүүгийн “хөдөлгүүр” болох хэмжээнд хүрч идэвхжээгүй хэвээр байна.
ЭКСПОРТЫН ӨСӨЛТ
Энэ оны эхний гурван улиралд евро бүсийн экспорт дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь гурван хувьтай тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, 1999 оноос хойшхи хамгийн өндөр дүн энэ болохыг “Goldman Sachs” мэдээлж байна.
“Бид эдийн засгийн хөдөлгөөний зөвхөн өнгөн хэсгийг нь л харж байна” хэмээн Европын Төвбанкны эдийн засагч асан Пилл хэллээ. “Одоо дэлхий дахинд эрэлт хэрхэхийг харах хэрэгтэй. Ялангуяа, АНУ-ын хувьд ярих хэрэгтэй. Гэвч евро бүсийн экспорт нэмэгдлээ” гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Ж.Цогзолмаа
URL: