“Дараагийн орогнох газраа хайж явахаа болих хэрэгтэй”

Ш.Батсайхан: Асран хамгаалагчаа алга болохоор дараагийн орогнох газраа хайж яваа хүүхдүүд шиг зан гаргахаа болих хэрэгтэй

МАН-ын “ШИНЭЧЛЭЛ-27” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Ш.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Ардын намын бага хурал сая хуралдлаа. Хурлаас гарсан шийдвэрүүдэд ямар байр суурьтай байна вэ?

-Бидний хувьд бага хурлаа хуралдуул гэж шахаагүй. Харин хөндлөнгийн судлагааны байгууллагууд болон судлаачид намын идвэхтэн сонгуультнаас бүрдсэн ажлын хэсэг гаргаж ялагдсан сонгууль тус бүр дээр нь дүгнэлт гаргаасай, түүнийгээ гишүүдээрээ хэлэлцүүлээсэй гэж хүсэж байлаа. Гэвч одоо юу хэлэх вэ, намын дээд байгууллагын шийдвэрийг хүндэтгэх учиртай. Харин их хурал зохион байгуулах ажлын хэсгүүд сайн ажлаасай гэж хүсэж байгаа учраас бид идвэхтэй оролцоно. Их хурал хуралдах нь тодорхой байсан. Түүгээр ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ, түүнийгээ намын жирийн гишүүддээ яаж ойлгомжтой байлгах вэ гээд олон асуудал бидэнд бий. Намын удирдлагууд бага хурлын талаар мэдээлэл хийсэн. Тийм болохоор бид нам дотор дахин нам болон хуваагдаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төржиж сүржигнээгүй. Ер нь эв нэгдлийг эрхэмлэж бие биенээ бага хэмлэх, мөн өөрсдийнхөө намын ажлын дадлага туршлагыг сайн тооцож намаас их хурал зохион байгуулахаар байгуулагдаж буй ажлын хэсэгт санал бодлоо илэрхийлээсээ гэж хүсэж байгаа. Түүнээс бид л ярих ёстой гэж ойлгоод буруу зөвгүй хэвлэлээр чалчих нь шинэчлэл биш.

-Танай хөдөлгөөнөөс шинэчлэлийн төлөө үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад нэг уриалга гаргасан, тэр юу болсон бэ?

-Эрүүл санаачлага гаргаж намаа шинэчлэхээр зориг шулуудсан МАН-ын залуусыг хагаран бутаргах, нам дотор үл ойлголцол төрүүлэхээр зарим улс төрийн хүчнүүд өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан олон нийтэд буруу ойлголт төрүүлэхийг завдаж буй оролдлогыг таслан зогсоох үүднээс хариулт өгье. Бүгдээрээ ажил албан тушаал авахгүй гэдгээ зарлая гэж уриалсан. Мэдээж Шинэчлэлийн баталгаа гэх уриалгыг би бараг л бүх сайтаар цацсан. Энэ бүхний дараа хоёр хүн л гарын үсэг зурсан. Бусад нь ажил албан тушаал авахаа илэрхийлж гарынхаа үсгийг зураагүй. Өөрийн үзэл бодлоо хамгаалсан хоёр залуудаа ямартай ч баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Харин бусад залуусын хувьд намын ажлыг эхлээд мэдэх хэрэгтэй. Түүний дараа хэн нэгний гар хөл болохгүйгээр шударгаар ажиллаж өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах хэрэгтэй тэгээд үлдсэнийг нь намын их хурлын төлөөлөгчид шийдвэрлэнэ байх.

- Юу гэсэн үг вэ, танай уриалгыг бусад хөдлөгөөнүүд чинь дэмжээгүй юм уу?

-Тиймээ, ажил албан тушаал авна гэдгээ албан ёсоор бидэнд илэрхийлсэн. Тийм болохоор бид бусдыг зовоох гэж байгаа юм биш. Тэднийг ойлгоод шинэчлэлийн үйл хэрэгт бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг хүссэн. Уг нь залуучууд эхлээд өөрийгөө намын ажилд бэлтгэх хэрэгтэй. Одоо бол ажилгүй болохоороо ирдэг газар болж байна. Энэ бол буруу жишиг юм. Манай хөдөлгөөнөөс намд ажиллаж байсан залуусаа намын их хурал зохион байгуулах ажлын хэсэгт оруулсан. Харин хөдөлгөөнүүдэд ижил тэнцүү гарааны нөхцөл олгож, намын их хуралд оролцох оролцоог хангаж өгнө гэж намын удирдлагуудаас хүсч байгаа.

-Намын бага хурлаар зарим нэг хариуцлагатай албан тушаалтнуудыг нэлээд хурц шүүмжилсэн. Энэ тухайд таны бодол?

-Энэ хурал их олон хүний хувьд хүлээлт үүсгэсэн хариуцлагатай хурал боллоо. Намаасаа нэр дэвшсэн төлөөлөгчийнхөө эсрэг юм яриад суудаг намын Нарийн бичгийн дарга Э.Мөнх-Очир, Монголын зохиолчдын хорооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир зэрэг хүмүүсийг намаас хөөх тухай асуудлыг бага хурлын гишүүд хөндсөн ч тухайн хүмүүс бага хуралд байгаагүй учраас тэр асуудлыг хойшлуулсан байгаа. Харин цаашид ийм асуудал гарвал нам цаг тухайд нь шийдвэртэй арга хэмжээ авч байхыг намын удирдлагуудад сануулсан. Ер нь дотоод дүрэм зөрчсөн үйлдэл гаргасан намын хариуцлагатай албан тушаалтныг дүрмийн нарийвчилсан зохицуулалтаар Ёс зүйн хороо тухайн асуудлыг нэн дариу шийдвэрлэдэг байхгүй бол намын хамт олны итгэлийг хүлээж сонгуульд өрсөлдөж буй хүнийг өөрийн үзэмжээр дүгнэх нь ёс зүйгүй үйлдэл гэж дүгнэсэн.

-Танай намын Шинэчлье хөдөлгөөн задарсан гэх юм. Яагаад задарчихав?

-Бид тэдний хуралд оролцдоггүй. Задрах нь тодорхой байсан. Би тухайн үед нь ч хэлж байсан. “Урт настай хөдөлгөөн биш. Дахиад ч задрах байх. Тийм болохоор бид нэгдэхгүй” гэж. Сансаныг бодвол бага хурал хүртэл хамт байлаа. Одоо тус тусдаа юу хийхийг нь л харж сууя. Нэг их нэмэртэй ажил хийхгүй байх. Хоёр салсан. “Шинэчлье” хөдөлгөөний хувьд суурь нь залуучуудын холбоо. Одоогийн ялагдлын шалтгаануудын нэг томоохон эх үүсвэр нь залуучуудын байгууллагаар дамжсан хүмүүсийн авлигатай холбоотой асуудал байсан.  Шинэчлэлийн хороо гэх байгууллагад харьяалагддаг залуусыг харахад дүүргийн намын байгууллагыг хариуцлагатай сонгуулийн өмнө бужигнуулж явсан гээд бодохоор зорилго нь тодорхой. Гэхдээ одоо ялж ялагдахын учрыг сайн ойлгож байгаа байлгүй. Фракц байгуулсан бол ингээд л задрах байжээ. Шинэчилье хөдөлгөөнд нэгдсэн 18-н байгууллагыг нэрлэх ёстой, ямар чиглэлээр ажилладгийг тодруулах хэрэгтэй. Жишээ нь, бидэнтэй бол “Ардын намын анхны жигүүр”, “Шинэ үе Шинэ бодлого” Залуучуудын бүлгэм, “Алтан-Үе” Ахмадын клуб нэгдэж “Шинэчлэл-27” хөдөлгөөнийг байгуулж байсан юм. Харин нэргүй тоо тавиад олуулаа байгаа мэтээр намын жирийн гишүүдийг хуурна гэвэл тэр худлаа. Тэднээр тийм зүйл хийлгэхгүй, цаг хугацаа бүхнийг ил тод болгож харуулна шүү дээ. Намд элсээд хэдэн жил болсон бэ, хэр дадлага туршлагатай вэ гэх мэтийг тэдний зарим нэгнээс асуумаар байна. Намын бага хурал дээр намаа хэмлэхээ больё гэчээд дараа нь хамт явсан нөхөдөө хэвлэлээр гоочлох нь тийм ч таатай бишээ. Асран хамгаалагчаа алга болохоор дараагийн орогнох газраа хайж яваа хүүхдүүд шиг зан гаргахаа болих хэрэгтэй.

-Намын их хурал хуралдаад шинэчлэгдэх болов уу, одоо намын даргад хэн яригдаж байна вэ?

-Шинэчлэгдэнэ. Бид түүний төлөө зүтгэл гаргаж ажиллах болно. Мөн шинэчлэл ярьж буй залуус хэний захиалгыг биелүүлж яваа вэ гэдэг нь одооноос тодорхой болно. Гэхдээ нийтийн эрх ашиг олонхийн шийдвэр гэдэг юмыг хүндэтгэж үзээсэй. Бага хурлаас гарсан шийдвэрийг өмчилж бидний зорилго гэж харж болохгүй. Тэр бол намын хамт олны шийдвэр байсан. Дотоод асуудлаа хурдан шийдвэрлээд нийгэмд хүчтэй сөрөг хүчин болж ажиллах шаардлага бидэнд зүй ёсоор тулгараад буйг намын анхан шатны байгууллагуудаар явж байхад бидэнд сануулж байлаа. Эрх баригчдын дур зоргоороо аашилж буй үйлдлүүдийг таслан зогсоож иргэний нийгмийн орон зайг манай нам нөхөж ажиллах хэрэгтэй. Намын даргын суудалд хэн очих магадлалтайг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэвшүүлж байгаа ч эцсийн шийдвэрийг намын их хурлын төлөөлөгчид гаргах ёстой. Энэ суудалд суух хэмжээнд бэлтгэгдсэн гэж үзэж байгаа гишүүдэд өрсөлдөх эрх нь нээлттэй.

-МАН-ын гишүүдийн идвэхи сул боллоо хэмээн ярьж, бичиж байна. Танай хөдөлгөөнөөс их хуралд хэрхэн бэлдэж байна вэ?

-Одоо сонгууль түр амсхийж байна. Гэсэн ч МАН-ын гишүүдийн идэвхи улам нэмэгдэж намаа дараагийн сонгуульд ялалт байгуулахад бэлтгэх хэрэгтэй. Тиймээс шинэчлэлийн тухай уулзалтыг намын анхан шатны байгууллагууд болон бусад жирийн гишүүд дэмжигчидтэй уулзах  гэх мэт нэлээд идэвхтэй ажиллаж байгаа шүү дээ.  Бидний хувьд хөдөлгөөн дотроо их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулсан. Намын бодлогын бичиг баримтуудад санал тусгуулахаар хөтөлбөр боловсруулж байгаа. Гэхдээ санал төслөө бэлдэж дуусаад намын гишүүдийн саналыг авах ажил зохион байгуулна. Шинэчлэлийг нэлээд ул суурьтай хийх учиртай. Түүнээс хүн солихоор шинэчлэгддэг гэсэн байдлаар асуудлыг харж болохгүй. Намын удирдлагад өрсөлдөх хүмүүс өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй, түүнийгээ үе шаттай дүгнэж болох хэлбэрээр тооцож оруулж ирвэл илүү үр дүнтэй болно. Намын гишүүдийн оролцоог хангасан их хурал байлгахын төлөө бид зүтгэл гарган ажиллах болно.

Т.ДАРХАН

URL:

Сэтгэгдэл бичих