Мэдээллийн аюулгүй байдлыг хангах багц хуультай болно
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Кибер аюулгүй байдлын газар, Үндэсний Дата төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх төрийн байгууллагууд, банк, үүрэн холбооны операторууд, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөлөл сургалтад оролцож байгаа бөгөөд семинараар мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн байдалд нэгдсэн үнэлгээ өгч, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар ярилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.
Мөн Мэдээллийн аюулгүй байдлын тал дээр авч хэрэгжүүлж буй гадаад хамтын ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, төрийн байгууллагуудын цахим үйлчилгээний аюулгүй байдал, халдлагын тухай, банкны аюулгүй байдал, тулгарч буй асуудал зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлнэ.
Өнгөрсөн онд зохион байгуулсан сургалт, семинарын дараагаас төрийн байгууллагуудын мэдээллийн системд эрсдлийн үнэлгээг хийж эхэлсэн ч үр дүн нь хангалтгүй байгааг хууль эрх зүйн орчинтой холбоотой гэж үзжээ. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиуд учир дутагдалтай байгаа учраас мэдээллийн аюулгүй байдлыг хангахад тусгайлсан хуулийг боловсруулах шаардлагатай.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай ерөнхий хууль болон Кибер аюулгүй байдлын тухай хууль, мөн бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганд өргөн барина гэдгийг тус сургалтын нээлтийн үеэр зохион байгуулагчид онцолж байлаа.
URL: