Мориноос унаж нас барсан хүүгийн үхэлд буруутан олдсонгүй
Хурдан морины уралдаан монголчуудын хувьд цэнгэл баярын дээд нь ч байж магадгүй. Харин энэ баяр цэнгэл сүүлийн үед хүүхдийн амь нас, эрүүл мэндээр хэмжигддэг боллоо. Мориноос хүүхэд унаж бэртсэн, амь насаа алдсан гэх мэдээлэл уралдаан бүрийн ард сонсогдож байна. Хамгийн сүүлд Гиннесийн номд бичүүлэх зорилгоор зохион байгуулагдсан 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаалын үеэр нэг хүүхэд амиа алдаж, 26 хүүхэд мориноос унаж, их бага хэмжээгээр бэртэл авсан. Мориноос унаж, тархиндаа хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд нас барсан хүүгийн өмнө хэн ч хариуцлага хүлээхгүйгээр шийджээ.
Өөрөөр хэлбэл, Дорноговь аймгийн харьяат, 12 настай М хүүгийн үхэлд хэн ч буруугүй юм байх. Уг уралдааныг санаачилж, зохион байгуулсан Монголын морин спорт уяачдын холбоо, түүний тэргүүн П.Сэргэлэнд бол бүр ч хамаагүй бололтой. Хүний эрхийн үндэсний комиссынхон, Хүүхдийн төлөө үндэсний газрынханд бол бүр ч падлийгүй гэнэ. Тэд энэ хэргийн талаар тайлбарлахдаа “Тус уралдааныг зохион байгуулагдах үеэр Хүй долоон худагт ажиллаж байсны хувьд сайн мэдэж байна. 26 хүүхэд хөнгөн бэртэл авсан. Нас барсан тэр хүүхэд яг тухайн уралдаанд оролцох үедээ мориноос унаж бэртээгүй юм билээ. Харин уралдааны дараа хаа нэг тийшээ явах гэж байгаад мориноос унаж эмнэлэгт хүргэгдсэн юм шиг байна билээ” /”Өнөөдөр” сонин. 2013.08.13-ны 185 дугаарт/ гэж тайлбарласан байх юм. Хэргийг өөрсдөөсөө түлхсэн хариулт. Гэтэл ГССҮТ-ийн дарга Л.Жамбалжав “Хүүхэд эмнэлэгт анх ирэхдээ тархи нь ажиллагаагүй болсноос ухаангүй байдалтай байсан” /”Зууны мэдээ” сонин. 2013.08.13-ны 192 дугаарт/ гэдгийг хэлсэн байна. Хүү өчигдөр өглөө ГССҮТ-д нас барсан аж. Хүний морь унаж, мориноос ойчиж бэртэж гэмтсэн, амиа алдсан хүүхдүүдийн хохь гэж шууд бус ч тойруу замаар хэлээд байх шиг. Харин уг уралдааныг санаачилж, зохион байгуулсан Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Манай байгууллага Хүүхдийн төлөө үндэсний газар болон цагдаагийн байгууллагатай нягт холбоотой ажилласан. Үүний үр дүнд 4249 морины уралдаанд 26 хүүхэд мориноос унасан, нэг ч бэртэл гэмтэл аваагүй” хэмээн уралдаан дууссаны дараагаар хэвлэлүүдэд мэдээлж байсан. Гэтэл уралдаан дууссаны дараа ГССҮТ-д мориноос ойчсон гэх 8-12 насны зургаан хүүхэд ирсэн байна. Тэдний нэг нь тархиндаа, бусад нь дээд үе мөчиндөө гэмтэлтэй байжээ. Дөрвөн хүүхдэд нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд гэрт нь буцаасан бөгөөд үлдсэн хоёр хүүхдийн нэг нь ийнхүү амиа алдсан байна. Бэртэж гэмтсэн зургаан хүүхэд 8-12 насны эрэгтэй хүүхдүүд байсан бөгөөд гурав нь Улаанбаатар хотын харьяалалтай байжээ. Яаралтай түргэн тусламжийн “103”-ын бүртгэлд “3000 морины уралдааны үеэр 26 хүүхэд мориноос унасан. Хүнд гэмтэл байхгүй. Зургаан хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авсан. Бусад нь зүгээр” /aravt.mn сайт/ гэж тэмдэглэгдсэн байна. Зөөлөн эдийн гэмтэл авсан гэх зургаан хүүхдийн нэг нь тархиндаа хүнд гэмтэл авсан байсан бөгөөд эмнэлэгт нас барлаа. Яаралтай түргэн тусламжийнхан, ГССҮТ-ийн эмч нарын хэн нь худлаа яриад байна вэ. ХЭҮК-ийнхон энэ тухайд “Гэмтлийн эмнэлэгт нэг ч хүүхэд очоогүй. Уралдааны үеэр нэг хүүхэд мориноос унаж, морь нь толгой дээр нь гишгэсэн байсан. Тэгэхэд тэр хүүхэд касктай байсан учраас каск нь цуураад л өнгөрсөн. Түүнээс биш тэр хүүхдийн толгой ямар нэгэн гэмтэл авалгүй, хөнгөн туссан. Хэрвээ каскгүй байсан бол тэр хүүхдийн толгой бяцарч, амь насанд нь аюул учрах байсан” /aravt.mn сайт/ гэж тайлбарлажээ. ХЭҮК-ийнхны “Ямар нэгэн гэмтэл аваагүй, хөнгөн бэртсэн” гэх хүү нас барчихаад байгаа юм биш үү, хүмүүс ээ.
Өчигдөр хүүгийн талаар албаныхнаас тодруулахад бүгдээрээ “Хурдан мориноос унаагүй, 10 мянган морьтны жагсаал үзэж явсан хүүхэд мориноос унаж бэртсэн, тэр хүү л нас барсан юм билээ” гэж хариулцгааж байв. Ерөнхийдөө үл тоосон, байдаг л юм гэсэн хандлагатай. Хүүхэд мориноос унаж бэртчихээд байхад “Ноцтой юм болоогүй ээ” гээд сууж байгаа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Хүний эрхийн үндэсний комиссынхон, Монголын морин спорт уяачдын холбооныхонд хэн хариуцлага тооцох вэ. Талийгаач хүүгийн эцэг эх, ах дүү хамаатан садан нь шүүхэд хандаж, хүүгийнхээ амийг нэхэхгүй л бол энэ хэрэг савангийн хөөс шиг л замхарна. Жилийн жилд, наадам болгонд хүүхэд мориноос унаж, бэртэн, амиа алддаг явдлыг яаж таслан зогсоох вэ. Хурдан морийг нэг бүрчлэн тоолж чадсан хэрнээ мориноос унаж бэртсэн хүүхдүүдийг аль аймаг, сумын хэн гэдэг хүний хэдэн настай, ямар хүүхэд гэдгийг нь мэдэхгүй байгаа нь хэнд илүү ач холбогдол өгч, юуг илүү дээдэлдэг нь мэдэгдэж байгаа биз дээ. Морь дагаж тайлбарлаж байгаа хэнбугай ч хэний, ямар угшилтай морь, өмнө нь яаж давхиж байсан, хэнээс хэдэн саяар худалдаж авсан гээд адгуусыг удам судраар нь зарлаж хэлдэг мөртлөө унаж яваа хүүхдийг нь аль аймгийн хэний, хэдэн настай, хэн гэдэг хүүхэд унаж явааг дурьдах ч үгүй. Мэдэхгүй, тоохгүй байгаа байхгүй юу. Адгуус, хүн хоёр морины уралдааны үеэр ийм л ялгаатай үнэлэгддэг. Тиймдээ ч албаны хүмүүст түрүүлж айрагдсан морь л сонин болохоос морины хүүхэд чухал биш. Мориноос унаж, тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан хүүгийн үхлээс албаныхан лав холуур тойрохоор шийдчихлээ. Ингэхээр Б.Мөнхбат хүүгийн үхлийн талаар хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг тогтоодог хууль шүүхийн байгууллагынхан ч зүгээр суухгүй л байх даа.
Б.Оюунгэрэл
URL: