Галт тэрэг осолдож 4 сая ам.долларын хохирол учирлаа

sssdd-Осол “Эсто” компанийн хариуцлагагүйгээс болжээ-

Галт тэрэгний ноцтой осол өчигдөр өглөө “Sky Resort” цанын баазын орчмын төмөр замын гарам дээр гарлаа.

Камаз маркийн автомашин Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, дөрвөн хүн хөнгөн бэртэн эмнэлэгт хүргэгдсэн юм.

Ослын шалтгааныг тодруулахаар өчигдөр өглөөний 10.30 цагийн орчимд тухайн газарт очлоо.

Галт тэрэгний хоёр зүтгүүр болон хоёр вагон замаас гарч, зүтгүүрүүд хажуу бөөрөөрөө нийлсэн байдалтай унажээ. Харин галт тэрэгний урдуур орсон камаз маркийн машины дөрвөн дугуй дээшээ харсан байлаа. Осол гарсан 416 дугаар гарам нь хаалттай горимд байдаг. Тэр гармаар машин нэвтрэхийг хориглосон байж.

Харин Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэлх хурдны замыг хийж байгаа “Эсто” компанийн хариуцлагагүй байдлаас болж уг осол гарчээ. Тус компанийн хүсэлтээр “УБТЗ” компанитай гэрээ байгуулан гармыг тодорхой цагийн хуваарийн дагуу нээж хаахаар тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл, “Эсто” компани тус гармын хамгаалалтыг хариуцан ажиллаж байж. Өчигдөр өглөөний 08.00 цагт гармыг нээх ёстой байсан ч 07.20 цагийн үед гарам нээлттэй байсан нь ийнхүү осол гарах шалтгаан болжээ. Камаз маркийн машин нь тус компанийн зам барилгын ажил гүйцэтгэдэг машин байсан байна.

Галт тэргэнд хоёр машинист, нэг ачаа хамгаалагч явсан. Машины жолоочтой нийлээд дөрвөн хүн хүнд, хөнгөн бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Галт тэрэг нь 80 вагонтой байсан ба замаас гарсан хоёр вагонд танкууд ачсан байлаа. Тэдгээр танкийг буулгах ажил мөн хийгдэж байсан юм. Замаас гараагүй вагонуудыг Хонхор өртөө рүү буцаан татжээ.

Ослын газраас ердөө 200 метр хүрэхгүй зайд айлууд байв. Галт тэрэгний зүтгүүрүүд арай илүү хүчтэй унаж тус айлууд руу орсон бол ямар хэмжээний хохирол, хүний амь насны тухай ярих байсныг бодоход аймшигтай байв. Ачааны галт тэрэг камаз машиныг мөргөөд тэр эрчээрээ 400 метр орчим газар яваад унасан аж.

Тухайн үед машин яагаад гарман дээр зогсч байсныг тодруулахаар цагдаагийн ажилтнууд гэрчүүдээс байцаалт авч байлаа. Осол гарсан газрыг цагдаагийн хамгаалалтад авсан байсан юм. Галт тэрэг замаас гарснаас болж 200 метр орчим төмөр зам эвдэрсэн байна. “УБТЗ” компанийн ажилчид яаралтай засварыг гүйцэтгэж эхэлжээ.

Өчигдрийн байдлаар уг ослоос болж зургаан чиглэлийн галт тэрэг саатсан болон саатах тухай мэдээллийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа өглөө . Өчигдрийн 11.00 цагийн байдлаар хохирлын хэмжээ дөрвөн сая ам.долларт хүрснийг мөн хэлж байв. Гэхдээ хохирлоос илүү сэргээн босголтын ажлыг яаралтай хийх шаардлагатай байгааг тэрээр нэмж хэлэв.

Өчигдөр өглөөний Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнд зохицуулалт хийж, 1500 болон 800 зорчигчтой хоёр галт тэргийг Хонхор өртөөн дээр түр зогсоожээ. Нийтийн тээврийн газартай яаралтай тохиролцсоны дүнд тэдгээр 2500 зорчигчийг автобусаар зөөх ажлыг зохион байгуулсан юм. Түүнчлэн Сайншанд болон Замын-Үүд чиглэлийн галт тэрэгнүүдийг түр  зогсоосон байна.

Өөрөөр хэлбэл, өчигдөр галт тэрэгний хуваарь тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр өчигдөр орой 20 цаг гэхэд сэргээн босголтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байв. Ослын газар байсан зарим эх сурвалжийн мэдээлснээр камаз маркийн машины жолооч хөнгөн бэртэл авсан, тэр орчимд байж байгаад түргэний тэргээр явсан гэнэ.

“Эсто” компанийн удирдлагууд тэнд ирсэн байсан ба хүмүүсийн ярьж байгаагаар өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас болж осол гарсныг хүлээн зөвшөөрсөн юм байна.

Б.Солонго /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих