Бондын мөнгөнд халгиж цалгисан засгийн газар юу хийж байна вэ

527-1376445490zuragН.Алтанхуягийн Засгийн газар өмнөх бүх Засгийн газруудаас хамгийн баян нь юм байна. Өмнөх Ерөнхий сайдууд бүтээн байгуулалт хийе, үйлдвэр, аж ахуй барьж байгуулья, ажилгүй хүмүүсийг ажлын байртай, орлоготой болгоё гэж хичээгээд төсөл хөтөлбөрөө бэлдсэн ч мөнгө бага байдаг байв.
Мэдээж мөнгийг тарихгүй, ургуулахгүй, канондож хувилахгүй учраас төсвийн мөнгө хязгаартай, түүндээ баригдаад ард түмнээ тэжээж байлаа, цалин тэтгэврийг боломжоороо нэмж байлаа. Хаа очиж ард түмнээ хоолтой, хувцастай явуулаад байж чадаж байжээ.
Харин Н.Алтанхуяг сайд энэ байдлыг орвонгоор нь эргүүлж мөнгө олох арга сүүхээчилсэн нь Засгийн газрын таван тэрбум ам. долларын Чингис бондыг босгосон явдал байлаа. Бүгд алга ташин хүлээж авсан ч энэ их мөнгөөр юу хийх нь тодорхойгүй байсныг дуулаад бодлогогүй Ерөнхий сайдтай гэдгээ мэдэцгээсэн билээ.
Гэтэл бодлогогүй Ерөнхий сайд энэ улс орныг удирдаагүй ажээ. Тэр тусмаа засгийн мөнгийг угаах ажилд гаршсан байж мэдэхээр гүйлгээ ухаантай, овжин удирдагчтай болохоо мэдэцгээлээ. Гэхдээ ард түмэн, нийт масс яаж үүнийг гадарлахав.
Энэ мөнгөөр юу хийх вэ, бүтээн байгуулалтын ажил байна уу, үйлдвэр аж ахуйн газруудын төсөл байна уу гэсэн сэтгүүлчдийн асуултад бүдэрчих гээд л тойруу замаар дөлсхийсэн хариулт хэлэн өндөлзөж суусан Н.Алтанхуяг өнөөдөр харин Чингис бондын эхний ээлжийн 1.5 тэрбум ам.долларыг ахиухан угаагаад сууж байж магадгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэглэх болоогүй байхдаа энэхүү бондыг гаргасан нь олон улсын зах зээл дээр угаах мөнгөө босгож байсан юм бишүү гэж хардаж болохоор . Угаасаа 1.5 тэрбум ам.долларын менежементийг Монголбанк хийж байгаа.
Тэр эрхийг Ерөнхий сайд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд өгсөн. Нам нэгтэй, данс нэгтэй улсууд энэ зэргийн нууц ажлыг хийж дөнгөх юу байхав. “Бүтээн байгуулалтын ажил хийж эхлэх урин дулааны цаг болоогүй байхад яагаад бонд арилжив”, “Тодорхой хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө гаргаагүй байж яагаад бонд гаргав”.
Эндээс л дээрх хардсан асуултын хариултыг харж болохоор байна. Чингис бондын 500 сая ам.долларыг нь таван жилийн хугацаатай, жилийн хүү нь 4.125 хувь байхаар авсан. Харин үлдсэн нэг тэрбумыг нь 10 жилийн хугацаатайгаар, жилийн 5.125 хувийн хүүтэйгээр зээлж авсан байдаг.
Монголбанк менежмент хийнэ гэдэг нь энэ мөнгийг сейфэндээ хийж хадгалахгүй, өсгөнө өө гэсэн л үг шүү дээ. Тэр тусмаа зээлийн хүүнээс өндөр хүүтэйгээр бусдад зээлдүүлж богино хугацаанд өндөр ашиг авахыг хэлдэг. Монголбанк өөрийн нөөц хөрөнгөтэй, валют нөцөлсөн байдаг.
Түүнийг хэрэгтэй үед интервенц хийж зах зээлд нийлүүлдэг. Гэхдээ хуулиараа нөөцийн мөнгийг өсгөх, өөрийн хөрөнгөө арвижуулж байх эрх нь байдаг бол түүнийгээ ард түмэндээ ил тод зарлаад, Чингис бондын мөнгийг тэр улсын тийм банкинд тийм хугацаанд тэдэн хувийн хүүтэйгэр байршуулчлаа.
Тэдэн сарын дараа энэ мөнгө маань тэгж өсөх ёстой. Бид алдагдалгүй менежемент хийж байна гээд зарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол Засгийн газар нь улс орноо, ард түмнээр нь барьцаалан байж босгосон энэхүү мөнгө аль нэг намын сонгуулийн санхүүжилт, албан тушаалтны хувийн өмч болоод үлдэхгүй гэх газаргүй.
Угаасаа л тэгж явсаар ирсэн шүү дээ. Бондын мөнгөнөөс ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гээд төсөвлөсөн 45 сая ам. доллар, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.доллар өгөхөөр шийдвэрлэсэн ч өнөөг хүртэл бондын мөнгө эзэддээ хүрээгүй л байгаа.
Хаа явааг бүү мэд, хэзээ өгөхийг бүү мэд гэж үйлдвэрлэгчид Н.Алтанхуягийг царайчлангуй харсаар өдийг хүрсэн байдаг. Энэ мэтээс харахад бондын маань мөнгө ер нь хаа яваа юм болоо, гадаадын аль нэг банкинд өдөр, цагаар өсөн үржиж, ард түмний гар дээр ирэх гээд байна уу, аль эсвэл Монголбанкны хийсэн менежементийн үр ашгаар хэн нэгний авдранд аль хэдийн орсон уу.
Өнөөдөр Монголын арилжааны банкууд бүгд улстөрч эзэнтэй, тэр тусмаа АН-ын гишүүн, АН-аас албан тушаал горилогсдын арми тэр чигээрээ банкирууд. Тэр нөхдүүд “Чингис” бондоос жилийн долоон хувийн хүүтэй зээл авч байгаа.
Ерөнхий сайдын нэг гараас бага хүүтэй мөнгө зээлж аваад нөгөө гарт нь өндөр хүүтэйгээр буцаан зээлж байгаа нь арилжааны банкируудын нэг хожил бөгөөд Н.Алтанхуягт энэ мөнгө өссөн дүнгээрээ огтын хамааралгүй байх үндэслэлгүй юм шигээ.
Ер нь зарим эх сурвалжийн хэлж буйгаар Чингис бондын эхний ээлжийн 1.5 тэрбум ам. доллар болсон болоогүй арилжигдаад дууссан. Бохир мөнгө байх магадлалтай ч гэх чимээ дуулдав.
Харин улс орноо боддог, холыг харж чаддаг эдийн засагчдын хэлж буйгаар бол үлдсэн 3,5 тэрбум ам. долларын Чингис бондыг нэмж арилжихгүй байхыг Засгийн газарт анхааруулж зөвлөсөн байна.
Бондын хүү хоног өдрөөр өсч улам өссөөр байгаа тул засгийн газар дахин 3,5 тэрбум доллартай тэнцэх бондыг олон улсын хөрөнгийн захад арилжихгүй байх нь зүйтэй гэж эдийн засагчид зөвлөлөө . Өнөөдрийн байдлаар бондын зөвхөн хүү нь 78 тэрбум төгрөг болоод байна.
Үлдсэн 3.5 тэрбум ам. долларын бондыг дахин арилжих юм бол манай улс өрийн дарамтад орж, түүнийгээ төлөх эх үүсвэргүй, төлбөрийн чадваргүй болох магадлал өндөр байгаа гэдгийг эдийн засагчид анхааруулаад эхэлжээ. Байдал ийм л байна.
Харин Засгийн газраа байгуулахдаа өмнөх Засгийн газруудаас тэс өөр зарчмаар ажиллана, тухайлбал ил тод байна, ард түмэндээ хийж байгаа ажлаа үнэн зөвөөр тайлагнаж байна гэж амлаж байсан Ерөнхий сайд хэзээ бондын мөнгөний тайлангаа тавих вэ. Хэлсэн үг нь агаарт замхарсан ч хэвлэлийн хуудаснаа тодоор бичигдэн үлджээ.
Эх сурвалж: Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих