“Дэлхийг тойрон аялагчдын клуб” төрийн бус байгууллагад залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандана уу
Америкын нэгдсэн улсын “Даймонд Холидэй” компанитай харилцаатай гэх Дэлхийг тойрон аялагчдын клуб төрийн бус байгууллагын захирал Д.Сүхбаатарт иргэдийг хуурч мэхлэн залилж онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шалгаж байна.
Иймд дээрх төрийн бус байгууллагын захиралд мөнгөө өгч хохирогчоор мэдүүлэг өгөөгүй иргэдийг Мөрдөн байцаах газрын 307 тоотод ирж мэдүүлэг өгнө үү.
Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан “Дэлхийг тойрон аялагчдын клуб” төрийн бус байгууллагаас хуурамч зар тараан олон иргэнээс их хэмжээний мөнгө залилсан хэргийг Мөрдөн байцаах газраас шалгаж байна.
Тус төрийн бус байгууллага нь АНУ-ын “Даймонд холидай” компанитай түншлэлийн холбоотой хэмээн зар тарааж иргэдийг гадаадад аялуулж, урт болон богино хугацаагаар жуулчлалд урьж, сургана гэх зэргээр сүлжээ үүсгэн бусдаас их хэмжээний мөнгө залилан авсан нь тогтоогджээ.
Дээрх төрийн бус байгууллага нь зараар болон вэб сайтаар дамжуулан иргэдийг сүлжээ байдлаар гишүүнчлэлд бүртгэн хүн бүрээс бүртгэлийн хураамж хэмээн 205-380 ам.доллар авч байжээ.
Одоогоор Мөрдөн байцаах газраас хохирогчоор 380 гаруй иргэний өргөдлийг хүлээн авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан бөгөөд эдгээр хүмүүсээс нэг нь ч гадаад улс руу жуулчилсан тохиолдол байхгүй болохыг тогтоосон байна.
Д.Сүхбаатарт холбогдох хэрэгт “Дэлхийг тойрон аялагчдын клуб” төрийн бус байгууллагад гишүүнээр элсэн залилуулж хохирогч, иргэний хариуцагчаар тооцогдсон иргэд Мөрдөн байцаах газрын 307 тоот өрөөнд ирж хэргийн материалтай танилцах буюу 98363696 дугаарын утсанд холбогдоно уу.
ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
URL: