Х.Тэмүүжин: Ботаникийн цэцэрлэгт өөр яамныхан барилга барих гэсэн юм биш үү
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрээр хуульчдын анхдугаар их хурал болох гэж байгааг ярилцлагын эхэнд онцолсон.
-Хуульчдын анхдугаар хурал ирэх сард болох гэж байгаа. Энэхүү хуралд аль хуулийн байгууллагын төлөөлөгчид түлхүү орох вэ?
-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт, баримтлах зарчим, шаардлагуудыг тодорхой болгох, хариуцлагын үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх, хараат бус ажиллах нөхцөл, дуу хоолой, төлөөллийг нэмэгдүүлэх хууль нь батлагдаад багагүй хугацаа өнгөрчээ.
Ийм л шахалт шаардлагын дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль мэндэлсэн. Хуулийн гол үзэл баримтлалын дагуу бол хуульчийн мэргэжлийг стандартыг батлан, сахиулж ажиллах байгууллага нь мэргэжлийн өөрөө удирдах ёс бүхий Хуульчдын холбоо байхаар заасан. Хуульчдын холбоо нь нийт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бүх этгээдүүдийг нэгтгэх бөгөөд тэднийг төлөөлөн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт батлах, хариуцлага тооцох, хуульчийн үргэлжилсэн сургалт эрхлэх, эрх зүйн боловсролыг дэмжих, хууль зүйн туслалцаа хүргэхэд дэмжлэг үзүүлэх, хуульчдын нэгдмэл ашиг сонирхлыг илэрхийлэх зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ.
Ер нь Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдсантай холбоотойгоор анх удаа хуульчид өөрсдөө мэргэжлийн өөрөө удирдлагатай болох гэж байна. Мэргэжлийн удирдах байгууллага бий болж байгаатай холбоотой Хуульчдын холбоог зохион байгуулах ажил тулгарах нь дамжиггүй.
Манай яамны зүгээс Хуульчдын холбоо мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд дүрэм журам, ёс зүй, ил тод байдал болоод хууль зүйн шаардлагыг хэрхэн биелүүлж ажиллах вэ зэрэг зохион байгуулалтын ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийлээ. Өнөөдөр захын нэгэн иргэнд хуульчдыг илүү хариуцлагатай болгох, шударга байх, ил тод ажилладаг болгох шахалт шаардлага хүсэлт бий. Энэ шаардлагыг үндэслээд Хуульчдын холбоог эмхлэн зохион байгуулах ёстой. Юуны өмнө ирэх сарын 5-нд Хуульчдын их хурлыг хуралдуулахаар болсноо дуулгая. Энэ зарыг танай сониноор дамжуулан албан ёсоор хуульчдад хүргэж байна.
-Хурлаар ямар асуудал хэлэлцэх юм бол. Ил тод, шударга ажиллах, хүнд сурталгүй болоход ахиц гарах болов уу?
-Хурлаар долоон асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, хуульчийн холбооны дүрэм батална. Энэ нь нэгдсэн холбоонд ямар зохион байгуулалтаар ажиллах, Хуульчдын холбоо хуулийн хүрээнд ямар эрх мэдэлтэй байх, эрх мэдлийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа яаж явуулах вэ зэрэг олон асуудал цэгцэрнэ.
Хоёрдугаарт, хуульчийн мэргэжлийн дүрмийг батлах ёстой. Хуульчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа алдаа гарвал лицензээ хэрхэн хураалгах, ямар хариуцлага хүлээх, алдаанаас яаж урьдчилан сэргийлэх вэ зэргийг мэргэжлийн дүрмээр зохицуулах учиртай. Өмгөөлөгч нь шүүх хуралд ирээгүйгээс болж шүүх хурал хойшлогддог эсвэл өмгөөлөгч, шүүгч нар шүүх хуралдааныг хэвийн явуулж чадахгүй зөрчилдөөнт байдалд хүрдэг. Маш олон хэргүүд дээр ийм байдлыг хэн хүнгүй олж харсан байх. Харин мэргэжлийн дүрмээр хэн нэгэн хуульчаас болж шүүн таслах тасалдах байдал зогсох юм.
Гуравдугаарт, Хуульчдынн холбоо гишүүдээсээ авах татварын хэмжээгээ тогтоож таарна. Мэргэжлийн удирдлагын байгууллага өөрөө санхүүгийн эх үүсвэртэй байхгүй бол хараат бус байдал хангагдаж чаддаггүй. Тэр утгаараа Хуульчдын холбоо Засгийн газраас ангид ажиллах баталгаагаа гаргахын тулд гишүүдээсээ татвар авдаг болно.
Дөрөвдүгээрт, Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгоно. Монголд анх удаа хуулиар мэргэжлийн өөрөө удирдах байгууллага бий болж байна. Анхны мэргэжлийн холбоог толгойлох ерөнхийлөгч гэдэг бол чухал ажил үүрэгтэй. Өмнө нь мэргэжлийн холбоонд хэн дарга болно түүнийхээ эрхшээлд ордог байсан бол Хуульчдын холбоо хуулиараа ерөнхийлөгч хэмээн тодорхой чиг үүүргийг хэрэгжүүлэх боловч бэлгэдлийн шинжтэй байна.
Харин хуульчдын зөвлөл аливаа асуудлыг хэлэлцэн шийдэх учиртай. Зөвлөл 32 хүний бүрэлдэхүүнтэй, хамтын удирдлагаараа дотоод ажлаа хэрэгжүүлж явна. Эцэст нь, Хуульчдын холбооны бусад асуудал хамаарна.
-Хуульчид улс төрчдийн гар хөл болдог гэх хардлага зогсоно гэсэн үг үү?
-Хардлага арилна. Дээрээс нь хэн нэгэн хуульчийг төр үнэлж Гавъяат хуульч хэмээх цол олгохгүй. Мэргэжлийн холбоод нь үнэлнэ. Шүүгчийн томилгоо гэхэд хамгийн нэр хүндтэй хүн шүүгч болохоос биш аль нэг улс төрчийг таньдаг, бүлэглэлд ордог, өөрийгөө сурталчилж чаддаг нь болдог юм биш. Хүний эрхийн төлөө тэмцдэг, шударга хүн л болох ёстой.
-Анхдугаар их хуралд өмгөөлөгчид илүү давуу эрх эдлэх юм уу?
-Давуу эрх гэхээс илүү эзлэх байр суурь нь давамгай байна. Одоогийн байдлаар 4551 хуульчийн гэрчилгээ эзэмшигч хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байна. Харин хуульд 500 хүний төлөөлөл бүхий Хуульчдын их хурал хуралдана гэсэн байдаг. Тиймээс 4551 хуульчдаас 500 төлөөлөгчийг сонгоно. Хуулиар төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 20 хувь нь прокурор, 20 хувь нь шүүгч, 20 хувь нь бусад хуульчдаас бүрдэнэ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу бүх хуульч нь Холбооны гишүүний хувьд тэгш эрхтэй учир төлөөлөгчийг сонгох ажиллагаа ч энэ зарчимд нийцэж явагдах ёстой. Тиймээс төлөөлөгчдийг тэгш эрхийн үндсэн дээр шударга, ил тод, ардчилсан зарчмуудыг хангасан байдлаар тодруулахын тулд Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчийн сонгох сонгуулийг цахим хэлбэрээр буюу интернэтээр явуулахаар шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл төлөөлөгчид нэр дэвших, санал өгөх бүх ажиллагаа Хуульчдын нэгдсэн мэдээллийн санд байрлах санал хураалтын цахим системээр дамжуулан явагдана.
Хуульчийн нэгдсэн бүртгэлд хамрагдсан бүх хуульчид уг сонгуульд оролцон нэрээ дэвшүүлэх санал өгөх эрхтэй. Хуульч нь нэгдсэн бүртгэлд үндэслэсэн цахим хувийн бүртгэлдээ нэвтрэн нэр дэвших, санал өгнө. Хувийн бүртгэлийг нэр дэвшилт эхлэх 19-ны өдөр идэвхжүүлэх бөгөөд нэвтрэх нууц үгийг 18-ны өдөр хуульч бүрийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн гар утасны дугаарт явуулна.Өөрөөр хэлбэл, нэр дэвшсэн хуульчдыг сонгох эсэхийг бусад хуульч шийднэ. Одоогоор шүүх,прокурор, өмгөөлөгч өөрийн зохион байгуулалт бүтэцтэй байгаа.
Гэхдээ хуульчид хувьдаа лицензтэй байгаа учраас байгууллага гэхээс илүү мэргэжилтэнийхээ хувиар нэр дэвшиж саналаа илэрхийлэх юм. Мэдээж удирдлагаа сонгох сонгуулийн үеэр Хууль зүйн яамны ажлын хэсэг хөндлөнгөөс ажиглаж хянана. Мөн программын аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай шинжээч баг ажиллуулж байна.
-Ярианыхаа сэдвийг өөрчилж цаг үеийн холбоотой зарим асуултад хариулт өгөөч. Тухайлбал, таныг Ботаникийн цэцэрлэгийг авахаар зэхэж байгаа талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарах боллоо?
-Ботаникийн цэцэрлэгтэй холбоотой асуудалд сэтгүүлчийн таамаг болон зарим нэг хүний төсөөлөл байгаа болохоос биш бодит байдалд миний оролцоо юу ч байхгүй. Нийслэлд хоёр тойргийн шүүх байгуулагдана. Энэ нь Баянзүрх дүүрэгт буюу “Ургах наран хороолол”, Хан-Уул дүүрэгт буюу Яармагийн дэнж дээр барихаар төлөвлөж байгаа. Түүнээс биш Ботаникийн цэцэрлэгт шүүхийн барилга барих гэсэн юм алга. Харин миний ойлгосноор бол тус цэцэрлэгт манай яамны харъяа агентлагийн барилга биш өөр салбарын барилга барих гэж байгаа юм билээ.
-Эрүүдэн шүүлтэд ашиглах гэсэн сандлын тухай яриа намжаагүй байна. Та энэ сандлын асуудлаас болж ЦЕГ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шүү дээ. Сандлаа цагдаагийн газар, хэлтсээс эргүүлэн татаж амжсан уу?
-Эрүүдэн шүүх сандлыг татах ажиллагаа явж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссоос Эрүүдэн шүүхтэй холбоотой сандлын тухай гомдлыг Хууль зүйн яаманд ирүүлсэн.Хууль зүйн яамнаас шалгалт явуулахад өмнөх Засгийн газрын үед Д.Сандаг-Очир генерал ЦЕГ-ын дарга байхдаа уг сандлыг авах шийдвэр гарсан юм байна билээ. Энэхүү сандлыг мөрдөн байцаах үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор Хууль зүйн яаманд хэлж, мэдэгдэлгүйгээр тараасан тухай асуудал хөндөгдсөн.
Үүнтэй холбогдуулан цагдаагийн тэргүүн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үнэн. “Энэ сандлуудыг татаж ав, яагаад мэдэгдээгүй тухай мэдээллээ өг” гэх албан шаардлагыг Хууль зүйн яамнаас тавьсаар байхад ЦЕГ-аас Нийслэлийн прокурорын газарт хандан сандлыг хэрэглэх зөвшөөрөл хүссэн хүсэлтийг явуулсан байсан.
Яамны бодлого болон хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, олон улсын төвшинд Монгол Улсын нэр хүндэд санаатай ч гэмээр таагүй ажлыг зохион байгуулсан учраас хариуцлага тооцсон. Татаж авах ажил дуусч байгаа. Бид сандлыг нийлүүлсэн Хятадын компанитай гэрээ хэлцлийг хийж байгаа. Буцааж өгөөд, оронд нь хэв журам сахиулах болон цагдаагийн албан хаагчдын хэвийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой өөр тоног төхөөрөмжийг авах бололцоо юу байна гэдэг дээр гэрээ хэлцэл хийж байна.
Мөн энэ сандлын асуудлаас гадна цаашид энэ мэт алдаа дутагдлыг гаргахгүй байхын тулд холбогдох дүрэм журмыг сайжруулахаар ажиллаж байгаа. Харин дахиад ийм алдаа гаргахгүй байх нарийн дүрэм журмыг сайжруулж байна. Ухаалаг иргэний эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой тоног төхөөрөмжийг хууль сахиулах байгууллага дотор хэрэглэх гэж буй бол зөвхөн Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авч гаргадаг журам руу шилжинэ. Түүнээс биш хэн нэгэн албан тушаалтан дур зоргоороо шийдвэр гаргах боломж байхгүй болно.
Д.Болор /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: