М.Батчимэг: Хуурай сүүний нийлүүлэлтийг зогсоох ёстой

М.Батчимэг: Хуурай сүүний нийлүүлэлтийг зогсоох ёстой

Импортын хуурай сүүнээс хараат байдлыг даруй зогсоож, Монгол орны хүн бүр үнээний цэвэр сүүгээ хэрэглэдэг болохын төлөө “Зууны мэдээ” сонин “Эх орны сүү” сэдвийг эхлүүлсэн билээ.

Бид энэ удаад “Та эх орны сүү хэрэглэж чаддаг уу. Эх орны сүүг хүн бүрт хүргэхийн тулд яах ёстой вэ” гэсэн асуултыг иргэд, урлагийнхан, төрийн түшээдээс асуулаа. Тэд ингэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: БАЙНГЫН ХОРООНД МОНГОЛ СҮҮНИЙ ТАЛААР ЯРЬЖ БАЙГАА

-Мэдээж монгол үнээний цэвэр сүү уухыг хэн, хүнгүй хүсч явдаг шүү дээ. Гэвч хангалттай нийлүүлэлт байхгүйгээс гадаадаас ирсэн найруулсан хуурай сүүг хэрэглэж байна.

Хуурай сүү хэрэглэхийг нь зогсоохын тулд хил, гаалиар орж ирэхийг нь хязгаарлахад учир дутагдалтай.

Харин үүний оронд сүүний үйлдвэрүүдийг дэмжиж, хөрөнгө оруулах нь чухал юм. Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин байнгын хорооны хүрээнд ч энэ асуудал хурцаар яригдаж байгаа.

Өөрөөр хэлбэл, хуурай найруулсан сүү биш монгол үнээний сүүг нэмэгдүүлэх, зах зээлд түлхүү оруулах талаар хууль тогтоогчид удахгүй хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн М.Батчимэг: СҮҮНИЙ ФЕРМЕРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

-Мал аж ахуй болоод сүүний фермерийг хөгжүүлж байж цэвэр монгол сүүний талаар ярих ёстой.

Зах зээлд хангалттай цэвэр сүү орж ирдэггүйгээс болж найруулсан хуурай сүүний нийлүүлэлт өндөр гардаг. Үүнийг зогсоох ёстой. Үүний тулд мэдээж сүүний фермерийг хөгжүүлж цаашлаад тээвэрлэлтийн асуудлыг ч давхар шийдэх юм.

Ингэхдээ юуны өмнө тээвэрлэлт, хадгалалт зэрэг дагалдах бэрхшээлүүдийг нь шийдчих ёстой. Төр, засгийн зүгээс монгол сүүнд анхаарал хандуулах цаг нь болсон.

  Дуучин Ш.Чимэдцэеэ: АЙЛААС СҮҮ ЗАХИАЛЖ ХЭРЭГЛЭДЭГ

-Миний хувьд хөдөөний айлаас сүү захиалж хэрэглэдэг. Одоо цэвэр сүү гэж байхгүй болчихсон.

Тиймээс найдвартай хүнээс авсан нь дээр гэж үздэг. Манай монголчууд сүүгээ дээдэлж ирсэн улс. Малын сүүг хуурай сүү орлоно гэдэг худлаа шүү дээ.


Ардын дууч Д.Бурмаа: ХУУРАЙ СҮҮ ХЭРЭГЛЭЖ ЧАДДАГГҮЙ

-Сүүний чанарт эргэлздэг болсон. Зарж байгаа хүмүүс нь хүртэл цэвэр монгол сүү гэж хуураад зардаг.

Цай сүлээд, амсаад үзэхээр худлаа байдаг. Миний хувьд хуурай сүү хэрэглэж чаддаггүй. Тиймээс хөдөөнөөс ирсэн сүү хэрэглэхийг эрхэмлэдэг. Харин ойрын үед “Өглөө” сүүг хэрэглэж эхэлсэн.

Хуурай сүүнийх нь орц бага, дажгүй санагдаж байгаа.

БЗД-ийн иргэн Ц.Ганцоож: МАЛЧДЫН СҮҮГ ХУРДАН ШУУРХАЙ,ХЯМД ТҮГЭЭДЭГ БОЛМООР БАЙНА

-Миний бодлоор хотод орж ирж байгаа сүүг цэвэр сүү гэж хэлэхэд хэцүү.

Хэрвээ хөдөөнөөс орж ирж байгаа сүүг тэр дор нь авч борлуулдаг газар байвал хуурай сүү хэрэглэхгүй байх.

Үйлдвэрээс гарч байгаа сүү нь үнэтэй байдаг, гэтэл малчдын сүү нь бүр үнэтэй болохоор яах аргагүй хямдыг нь авах болдог.

Баянхонгор аймгийн иргэн Ц.Батхуяг: СҮҮГЭЭ ХӨӨРҮҮЛЖ УУХ Л САЙН

-Сүүгээ саагаад хөөрүүлээд уух нь л хүний биед хамгийн сайн бөгөөд найдвартай. Хөдөөний хүмүүс бид цэвэр монгол сүүгээ уудаг.

Харин хотынхон тэр бүр цэвэр сүү хэрэглэж чаддаггүй нь харамсалтай.

Гадаад улсын сүүг хэрэглэхгүй дотооддоо үйлдвэрлэсэн сүүгээ хэрэглэвэл цэвэр монгол сүүгээ ууж чадах байх.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих